Үг зээлдэгсдийн балаг

2018-06-21 02:55      Түдэв

Сүүлийн жилүүдэд “мөнгө зээлдэх” гэдэг үзэгдэл монголчуудын толгойг эргүүлж, амьдралыг ганхуулж байгаа нь түгээмэл үзэгдэл боллоо. Үүний балгийг тайлбарлах ч шаардлагагүй. “Зээл бол мөнгө нэхнэ. Өвчин бол амь нэхнэ” гэдэг юм. Харин мөнгө зээлэх өвчинтэй уралдаад “үг зээлэх” өвчнийг голдуу албан хаагч, бас сэхээтнүүд дэлгэрүүлж эхэллээ. Уул нь эхлэл ч биш юм.

Хорьдугаар зууны бараг эхнээс л “феодализм”, “социализм”, “коммунизм” гээд л гадаад үг зээлдэж эхэлсэн нь дайны дараа бүүр ч шаргуу болсон хэрэг. Ардын засгийн жилүүдэд 130 мянган үг, дайны дараах жилүүдэд 3 мянган үг (монгол хэлний үгийн сангийн бараг хоёр хувьтай тэнцэхээр) “зээлдсэн” юм. 
Клуб, Кино, Кафедра, Каталог гэж ирээд л монгол амнаас гардаггүй “ка” авиагаар эхэлдэг үгнүүд шууд л сэхээтнүүдийн амнаас унадаг болсон.

Шинэ үсэгт шилжсэний дараа хэвлэгдсэн монгол орос толь бичгүүдэд “к”, “в”, “ф”, “щ”үсгүүдээр эхэлсэн үгнүүд байр суурь эзлээд авсан.

Жишээ нь “В” үсгээр эхэлсэн үгийн цуваанд хэдхэн монгол үг орж бусад нь орос голдуу хэлнээс “зээлдсэн” гадаад үгнүүд орсон, харин үйл үг, тэмдэг нэр бараг аваагүй. Өөрт нь байгаа учраас. 
“Үг зээлдэгчид” бол мөнгө зээлддэг. Мэдлэгээр дутсан хүмүүс “үг зээлддэг”. 
Үүнд: 

“Зах зээлийн тогтолцоо” (рыночное отношение) гэдгийг “зээл” гэдэг илүү үг нэмэн “орчуулж” хэвшүүлснээс хойших жилүүдэд гэхэд л мянга гаруй гадаад үгийг “зээлдэж” аваад сонин хэвлэл, хууль тогтоомжид, зарлигт хүртэл хүчээр оруулан “өмчлүүлээд” байна. 
Орчуулахад хэрэглэх монгол үг байсаар атал хууль, тогтоолд оруулчихсан нь гадаад үг өөрийн эрхгүй “зээлдэх” дарамт болон хувирчээ. 
Гэтэл! “Цөөнхийн хэл гурван үе өнгөрөхөд мөхөж хаягддаг” гэсэн үндэслэлтэй, баримттай дүгнэлт аль эрт гарсан байдаг. 
“Хос хэл зэрэгцүүлэн хэрэгжүүлэх нь уусгах улс төрийн зэвсэг” гэдэг дүгнэлтийг олон улсын эрдэмтэд гаргасан байдаг. 

Аль нэгэн хэлийг сайн сураагүй оронцоглосон хүн хагас хэлтэн гэгддэг. 

Монгол хэл бол дэлхийн олон хэлнүүдийн өвөг эцэг гэхээр онцлогуудтай тул тэр чанар нь гээж болшгүй үнэтэй өв эрдэнэ юм. 

(Тэр онцлогуудын тухай урьд бичсэн нийтлэлүүдэд минь бий)
Ахин ганц баримт дурдахад 20 мянган үг тутам 500 палиндром буюу буцах давталттай үг байдгийн хамгийн олон нь “Х” үсгээр эхэлсэн мөн тэр үгсээр төгсдөг үгс бий. Үүнд: Хадгалагдах, халууцуулах, хэлүүлэх гэсэн үгнүүдийг буцаагаад уншихад утга нь өөрчлөгдөхгүй хэвээрээ гараад л ирдэг.

Энэн шиг “монголог ном” гээд нэг орос эрдэмтэн (В.Хромов) палиндром гаргаад ирсэн байх юм. Орос хэлэнд “баб”,”наган”,  “потоп”, “топот” гэхчилэн эргэх чадвартай үгс цөөнгүй ч монгол хэлийг гүйцэхээр биш юм. 

Монгол хэлний эргэн давтагдах чанартай гэхэд зөвхөн “х” үсгээр эхэлсэн нь 150 орчим байх ажээ.

Ийм баян хэлтэй үндэстэн гадаад хэлнээс үг “зээлдээд” байвал мөнгө зээлсэн шиг мөнгийг мөнгөөр нь эргэн төлөхгүй, харин гурав дахь үе дээрээ гурван саяхан хүн ам маань “монгол” гэх тэмдэггүй болуужин гэдгийг төр засаг, эрдэмтэн сэхээтнүүд эргэцүүлэн бодууштай болой. 
Ядаж л менежер, жендер, лиценз, брокер, аудит, ложистик, бизнес, офис, бирж гэхчилэн үгийг “зээлдэхгүй” монголчлоод хэрэгжүүлж болмоор юмсан даа!
Байгалийн шалгарлыг давсан мөртлөө өөрсдөөс хамаарах тогтолцооны эрхшээлээр хэлтэй мөртлөө хэлгий эсвэл эрлийзжин хэлд орохгүйн төлөө бодохгүй бол үндэсний аюулгүй байдал зэрэмдэглэхэд амархан гэдгийг санууштай байна.  

Л.ТҮДЭВ

    




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх