“Чээж” биш “Цээж”, "Билэг, бэлгэ"-ийг "Билиг" гэж бичих боллоо

2018-06-19 14:41      ГэрэгМН

Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс "Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь"-ийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Энэхүү толийг http://toli.gov.mn/ хаягаар үзэх боломжтой.

Шинэ толь бичигт 37,486 үг орсон бөгөөд 6,000 орчим гадаад үгсээс шигшиж 1,000 гадаад үгийг оруулжээ. 

1983 оноос хойш Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь” болох 18 мянган үгтэй толь бичгийг хэрэглэж хэвшсэн байсан.

Харин цаашид үгийн зөв, буруу бичлэгийг энэ толийн дагуу явахаар боллоо. Биднийг хамгийн их төөрөгдүүлдэг чээж гэж үг бий. Үүнийг цээж гэж бичихээр нэг мөр болгосон байна.

Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан тольд:

"Биеийн хэсэг болох чэгэжи, хийсвэр ухагдахууныг нэрлэх чэгэжи бичиг гэсэн утга ялгасан хоёр хэлбэрийг будилан буруу бичсээр ирсэн ч энэ дуудлагыг эш үндэс болгон ганц ЦЭЭЖ гэж дадаж хэвшсэн хэлбэрийг сонгон журамлажээ" хэмээн тайлбарлажээ.

Зарим эргэлзээтэй үгийг журамласан байдал:

                Зөв хувилбар

Ажилбар- Ажиллавар

Авахуул-  Авхуул

Байцаа-   Байцай

Батжина- Батажна

Билэг, бэлгэ - Билиг

Эрвээхий -  Эрвээхэй

Түвэг -         Төвөг

Санаачлага- Санаачилга

Оношлогоо- Оношилгоо

Төгсөгчиддөө- Төгсөгчдөдөө

Хун тайж-   Хунтайж

“Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг бүтээхэд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн одоогийн гишүүд оролцсон 20 гаруй эрдэмтнээс бүрдэх ажлын хэсэг ажиллаж, хэл шинжлэлийн академич, шинжлэх ухааны докторууд хувь нэмрээ оруулжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх