Германы мэргэжлийн боловсролын хосолмол системийг МСҮТ-үүдэд нэвтрүүлнэ

2018-06-19 12:44      geregmn

“Мэргэжлийн боловсрол, сургалт ажилсаг монгол” зөвлөгөөн болж, төрийн болон хувийн хэвшлийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн /МСҮТ/-ийн 1000 гаруй төлөөлөл, ХНХЯ, БСШУСЯ-ны албаны хүмүүс оролцож, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр МСҮТ болон ажил олгогч, бизнес эрхлэгчдийн уялдааг сайжруулах, тэдний шаардлагад нийцсэн боловсон хүчнийг бэлтгэх асуудал учир дутагдалтай байгааг онцлов. Иймд мэргэжлийн боловсролын салбарыг шинэ төвшинд гаргаж, хөгжүүлэхэд анхаарах, энэ хүрээнд мэргэжлийн боловсрол олгох хуулийн шинэчлэлтийг энэ онд багтаан өргөн барихаар ажиллаж эхэлснийг албаны хүмүүс хэлэв. Мөн ажил олгогч түншүүдийн шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэхийн тулд сургалтын агуулга хөтөлбөр, техник тоног төхөөрөмжийг шинэчилж, багшийг хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

2018 онд улсын хэмжээнд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн нийт 85 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 35.8 мянган суралцагч суралцдаг гэсэн тоон мэдээ бий. Сүүлийн гурван жилийн статистикаас харвал дунджаар  жил бүр 19.5 мянга орчим  залуус төгсч, тэдний  46-55 хувь нь ажлын байранд шууд зуучлагдаж, 8-10 хувь  нь дараагийн шатны сургалт болон их, дээд сургуульд шатлан суралцдаг. Тиймээс мэргэжлийн боловсролын салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөгжүүлэх үүднээс УИХ-ын гишүүн Тэрбишдавагийн санаачилгаар “Ажилсаг монгол хөтөлбөр”-ийг боловсруулж эхэлсэн байна.

“Ажилсаг монгол хөтөлбөр”-ийн гол агуулга нь хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь эхлээд ажилд дуртай иргэн болж төлөвшүүлэхэд бүх талаар нь дэмжлэг үзүүлэхэд чиглэж буй юм. Цаашлаад төрөөс МСҮТ-ийн сургалтын материаллаг баазыг сайжруулах, элсэн суралцагчдын тэтгэлэгийг олгох, Герман, Япон, БНСУ-д мэргэжилтэн бэлдэхэд анхаарч ажиллах хэрэгтэйг хөтөлбөр санаачлагч хэлж байна. 

Засгийн газрын түвшинд ч гэсэн мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэх санхүүгийн болон эрх зүйн тааламжтай орчин бүрдүүлэх, Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжих, багш ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэж, цалин урамшууллын зөв, оновчтой механизм бүрдүүлнэ гэдгийг зөвөлгөөний үеэр илэрхийлж байлаа. Мөн энэ үеэр хувийн хэвшлийн МСҮТ-ийн төлөөлөл “МСҮТ-д сурдаг хүүхдүүдийн 80 орчим хувь нь өнчин, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой айлын хүүхдүүд байдаг. Тиймээс тэтгэлэг олгох хэрэгтэй байна” гэсэн саналыг дэвшүүлсэн юм. ХНХ-ын сайд Д.Чинзориг “МСҮТ-д сурч байгаа оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгох талаар идэвхтэй ажиллана. Сангийн яамтай ярьж байгаа. Үндсэн чиглэлд тусгасан. 2019 оны төсөвт тусгахаар ажиллаж байна” гэсэн хариулт өглөө. Оролцогчдоос төр хувийн хэвшилдээ хатуу хандаж байна гэдэг шүүмжлэлийг нэлээд хэлж байв. Мөн “МСҮТ гэдэг нэрийг өөрчилж коллеж, политехник гэж өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол МСҮТ-д сурдаг гэдгээсээ ичдэг. Тиймээс МСҮТ-ийг зорьж суралцах хүүхдүүд бага байдаг” гэлээ.

Энэ үеэр БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалангаас зөвлөгөөний талаар тодрууллаа.

Т.Амаржаргалан: МСҮТ-ийн үйл ажиллагааг сайжруулахын тулд практик үйл ажиллагаанд тулгуурлах хэрэгтэй

-Зөвлөгөөний ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын өмнө тулгамддаг асуудлыг шийдье гэвэл хүн бүр ажилсаг хичээнгүй байх хэрэгтэй. Бид төр, засгийн тогтвортой бодлогыг ярихаас гадна хүний хөгжил, хичээл зүтгэл, хандлагыг авч үзэх шаардлага байна. Тиймээс “Ажилсаг монгол хөтөлбөр”-өөр дамжуулж хүүхэд залууст, хүмүүст “Ажил эрхлэх ёстой. Энэ миний амьдралд ач холбогдолтой” гэдэг сэтгэлгээг суулгах, дадал, чадварыг бий болгоход зөвлөгөөн ач холбогдолтой. Бид ажилсаг болох л хэрэгтэй байна. Тэгж чадвал хөгжих бааз суурь нь хангалттай бий.

-МСҮТ-үүдэд тулгамддаг нэн түрүүнд ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Мэргэжлийн боловсрол, дээд боловсрол хоёр залгамж холбоотой байх ёстой. Тэгж байж хоорондоо ойлголцож, ажил урагштай байна. МСҮТ бол сургалтын байгууллага учраас багш нарыг чадавхжуулах шаардлага бий. Үүнийг ХНХЯ-тай хамтран хийнэ. МСҮТ-ийн үйл ажиллагааны чанарыг сайжруулахын тулд практик, бодит үйл ажиллагаанд тулгуурлах хэрэгтэй байгаа юм. Тиймээс Германы МСҮТ-ийн хосолмол системийг нэвтрүүлэх нь чухал гэж үзсэн. Германд гурван өдөр онолын мэдлэг олгож, хоёр өдөр нь практик дадлага хийлгэдэг. Ингэснээр ажил, амьдралд тулгарах бэрхшээлүүдийг давахад чухал нөлөөтэй.

Ц.Цэнгэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх