Ө.Энхтүвшин, М.Энхболд нар ТЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг өмөөрсөн нь

2018-06-18 10:57      ГэрэгМН

Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Татварын Ерөнхий даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Занданбатыг хууль бус үйлдэл гаргадаг тухай баримтуудыг ярих үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин түүний үгийг таслахыг оролдлоо.

Мөн УИХ-ын дарга М.Энхболд Д.Занданбатыг өмгөөлж үг хэлсэн. Тэдний хэлснийг бүрэн эхээр нь хүргэе.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Татварын Ерөнхий газрын даргыг би жинхэнэ дарга нь гэж бодсон чинь түр орлон гүйцэтгэгч юм байна ш дээ сайдын хэлж байгаагаар. Энэ Д.Занданбат гэдэг нөхрийн талаар сонин хэвлэлээр гарч байгаа зүйлийг харлаа. Төрийн жинхэнэ албан хаагчдыг хомроглон халж байгаа нь түр орлон гүйцэтгэгч энэ этгээд чинь ингэж Захиргааны ерөнхий хуулийг зөрчих ёсгүй. /Ө.Энхтүвшин даргаа би өөрийнхөө үг хэлэх цаг дээр өөрийнхөө үгээ хэлж байна/ Яагаад ингээд аймаг, дүүргүүдийн татварын хэлтсийн дарга нарыг үндэслэлгүйгээр чөлөөлөөд байгаа юм бэ. Бид нар татварын багц хуулийг хэлэлцэж байгаа учраас салбарын энэ асуудлыг ярьж байна.

Дүүргийн татварын хэлтсийн дарга байхдаа өөртөө 1.5 тэрбум төгрөгийн татварын урамшуулал олгосон гээд хэвлэлээр явж байна. Оюутолгой зэрэг гадаадын томоохон хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг шантажилдаг нөхрөө гээд л явж байна. Энэ нэг асуулт /Ө.Энхтүвшин даргаа би ерөөсөө таны тухай яриагүй ш дээ, та яагаад энд ингэж эмзэглэж миний ярьж байгаа асуудал руу хөндлөнгөөс ороод байгаа юм бэ. Таны ашиг сонирхол хөндөгдөөд байгаа юмуу, Миний үг хэлэх эрхэнд ингэж хөндлөнгөөс халдаж болохгүй ш дээ Ө.Энхтүвшин даргаа.

УИХ-ын дарга М.Энхболд:

Ч.Хүрэлбаатар сайд хариулья гэснээ “Хуулийнхаа тухай л бид нар ярих ёстой доо. Д.Занданбат бол миний мэдэхийн 20 жил татварын байгууллагад ажиллаж л байгаа хүн. Би бол мэргэжлийн хүн л гэж бодож байна. Дандаа дэвшиж ажиллаж байсныг нь би бас мэдэх юм”. За Хүрэлбаатар сайд хариул гэлээ.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Татварын Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн тухайд би томилж, чөлөөлдөггүй гэдгийг би хэлье. Янз янзын юм л чихэнд сонсогдох юм. Сонссон зүйлээрээ ажил хийнэ гэж юу байх вэ. Ийм л байгаа. Ер нь ний нуугүй хэлэхэд сайдын зөвлөлийн хурлыг хэдэн ч удаа хийлээ ирдэггүй ийм л байгаа юмаа гэдгийг би зүгээр хэлье.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх