С.Батболд: Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ

2018-06-18 10:13      geregmn

 Улаанбаатар хотноо “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор хуран чуулж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна.


“Эрхэм хүндэт зочдоо

Зуны дунд сарын дэлгэр сайхан өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг зорин ирсэн хотын дарга нар болон байгаль эх дэлхийгээ гэсэн зүрх сэтгэлээр дүүрэн зочид та бүхэндээ юуны өмнө манай хотод тавтай морилохыг урьж байна.

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форум нь “Нүүрс төрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.

3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ форумд Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 улсын, 18 хотын дарга, шийдвэр гаргагчид, олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөгч та бүхэн маань дэлхий нийтийн өмнө тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, түүний үндсэн шалтгаан болсон хүлэмжийн хийн ялгарлыг хотуудын төвшинд бууруулах арга замуудаа хэлэлцэж, туршлагаа хуваалцахаар хуран цуглараад байна.

Миний бие Монгол Улсын нийслэлийн Засаг дарга, Тогтвортой байдлын төлөөх орон нутгийн захиргаадын олон улсын байгууллагын (ICLEI)-ын Зүүн Азийн удирдах хорооны гишүүний хувиар энэхүү форумыг санаачлагч орны тухайд өөрийн хотод зохион байгуулж байгаадаа туйлын баяртай байна. Форумд ач холбогдол өгч, Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн та бүхэндээ ч талархаж байгаагаа илэрхийлэе.

Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудад дэлхийн хүн амын дөрөвний нэг нь амьдардаг. Энэ утгаараа өнөөдрийн бидний хөндөж, хэлэлцэж байгаа сэдэв бол бүс нутаг, цаашлаад олон улсыг хамрах өргөн хүрээтэй асуудал гэж тодорхойлж болно. Учир нь хот суурин газрууд нийт хүлэмжийн хийн 60 гаруй хувийг ялгаруулж байна. Нөгөө талаар цаг агаарын өөрчлөлт, байгаль экологийн хувьсалууд ч нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Тиймээс хотын хөгжлийн сайн бодлого бол санхүүжилт бага шаардах, богино хугацаанд үр дүнгээ өгөх хүлэмжийн хийг бууруулах шалгарсан технологийг нэвтрүүлэх юм.

Дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэрийн өмнөх үетэй харьцуулахад 2 цельсийн градусаас доош барих, агаарын температурын өсөлтийг 1.5 цельсийн градуст хязгаарлах олон улсын зорилтод хүрэх арга зам нь ч технологи гэдэгтээ олон хүн санал нийлнэ. Энэ цаг үед Зүүн хойд Ази технологи, инновацийн төв байсаар ирсэн тул Улаанбаатарт танилцуулагдсан байгалийн нөөц бага ашигладаг, бүтээмж өндөртэй технологийн шийдлүүд дэлхийн бусад хотуудад үлгэр жишээ болж түгэн дэлгэрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Улаанбаатар хотын санаачилсан Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум байгаль орчны сэдвийн дор чуулдаг онцлогтой. Монгол улс газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцооноосоо шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн ихээр өртөж байна. Цөлжилт, ган зудын давтамж нэмэгдсэнээс үүдэн хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн эрс өсөж , энэ нь хотын төлөвлөлтгүй тэлэлт, агаар, орчны бохирдлын үндэс болсон юм. Бүс нутгийн хотуудад ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө янз бүрээр илэрч байгаа болов уу.

Мөн Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумыг санаачлагч хотын хувьд 3 дахь удаагаа чуулж байгаа энэ хуралдаанаа байнгын статус бүхий байгууллагын хэмжээнд хүргэж, нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах нь зөв гэсэн саналыг дэвшүүлж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхийн нийтийн зорилгод бүс нутгийн түүний дотор, хотуудын оруулах хувь нэмрийг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг, нөлөө бүхий түншлэл, хамтын ажиллагаа, технологи дамжуулалтын суурь энэ форумаар тавигдана гэдэгт итгэж байна.

Ингэснээр Зүүн хойд Азийн хотууд нэг амь, нэг сэтгэл, нэг бодлогыг байгаль орчин, ногоон хөгжилд хэрэгжүүлж чадна .

Хүндэт зочид, төлөөлөгчид та бүхэнд дахин талархал илэрхийлж, форумын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв. 

Эх сурвалж: НЗДТГ

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх