Шээсэн залууг шийтгэсэн нь:Томчуудын баталсан хууль жижгүүдэд    

2018-06-18 09:20      ГэрэгМН

Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Д.Нэмэхбаярын  энэ сарын 13-ны өдөр гадаа шээсэн зураг нь сошиалаар тархаж,улмаар ажлаасаа халагджээ. Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасангийн ажлаас халах тухай Б/26 тоот тушаалд “Д.Нэмэхбаяр нь олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан үйлдэл нь төрийн байгууллага, төрийн албаны нэр хүндийг унагасан тул үүрэгт ажлаас  нь халсугай” гэжээ.

Ч.Однасан даргын тушаалд:

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ хуулийн 33.5.”Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ” гэх заалт

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН 13.1.5 ДАХЬ ЗААЛТ:

Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;

Мөн хуулийн 26 дугаар зүйл Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах буюу 26.1.3:

Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:

  •  26.1.1.сануулах;
  • 26.1.2.албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
  • 26.1.3.төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн заалтуудыг үндэслэн ажлаас халснаа дурджээ.

Тэгвэл Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагч захирах, захирагдах ёсонд захирагдах, ил тод байх, ард түмэнд үйлчлэх, иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх гэх зэрэг зарчимтай байна гэж заажээ.

Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг” хэмээх хэсэгт:

  • Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;
  • өргөсөн тангарагтаа үнэнч байх;
  • эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах;
  • харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;
  • төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;
  • албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн мэргэшлээ дээшлүүлэх;
  • албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах;
  • албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх;
  • албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх;
  • төрийн албан тушаалд томилогдмогц өөрийн өмчийн байдлын талаар мэдэгдэж, өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар зохих байгууллагад мэдээ өгч байх хэмээн заажээ.

Уг хуулиар төрийн албан хаагчийг   “нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох,   төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох, албан тушаалын бүрэн эрхээ шашны, эсхүл шашингүйн үзлийн ухуулга, сурталчилгаа хийхэд ашиглах” зэргийг хоригложээ.

Энэ бүхнээс харвал төрийн албан хаагчийн үүрэг ба хориглосон зүйлүүд нь хэн нэгэн гудамжинд  шээж буй үйлдлээс илүү өндөр түвшнийх байна. Төрийн албан хаагч нь албан үүргээ шударгаар гүйцэтгэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, албан тушаалын хэрэг, хээл хахуулын үйлдэлтэй эвлэршгүй байх ёстой.

Хээл хахуулийг хэвийн мэт санан төрийн албанд шургалах гэсэн хүмүүсийн хүсэл дээд цэгтээ хүрсэн энэ үед авлигагүй, шударгаар ажиллах нь алтнаас ч үнэ цэнэтэй  чухал явдал болоод байгаа  билээ.

Гэтэл авлига цагаандаа гараад байгааг нийтээрээ ярих атлаа авлигын хэргээр ядаж ажлаасаа халагдсан төрийн албан хаагч тоотой цөөн. Учир нь авлига зөвхөн нэг, хоёр түшмэдийн асуудал байдаггүй, дарга, цэрэггүй татагдан орсон байдагт аюул нь оршдог.

 Авлигад холбогдсон этгээд шууд удирдлагынхаа хамсаатан, хамтрагч болдог, энэ утгаараа шууд хамгаалалтад нь ордог бичигдээгүй соёл төрийн албанд тогтоод байгаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл, төрийн албаны ёс зүй болон хуулийг төрийн албан хаагчийн өргөсөн тангаргаасаа няцан няцан зөрчдөг албан хаагчид гэм зэмгүй байсаар, байсаар байгаа учир авлига гаарсаар байна.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуйгийн өөрийнх нь ярьснаар “алдагдсан бичлэг” 60 тэрбумын гэх асуудал мөнөөх авлигын нэг сэжүүр. Гудамжинд шээснийхээ төлөө ажлаасаа халагдсан Д.Нэмэхбаяр нийслэлийн агентлагт ажиллаж байсан. Нийслэлийнхнийг 60 тэрбумын цөм хэсгийнхэн хэмээн ярьдгийг чихтэй л бол бүгд сонссон.

Тэгвэл  Д.Нэмэхбаяр төрийн албан хаагчийн ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хууль, ёс зүйг зөрчөөд ажлаасаа халагдав уу? Гэсэн асуулт тавьбал  “үгүй”. Мэдээж шээснийхээ төлөө тэр хууль зөрчсөн үү, зөрчсөн.Гэхдээ Төрийн албаны тухай хуулийн том заалтуудыг биш, жирийн иргэдэд зориулсан гэж хэлж болохоор Зөрчлийн тухай хуулийн “гудамжинд шээвэл” хэмээх "жижиг" заалтыг зөрчжээ.

Зөрчлийн тухай хуулиар бол тэр торгуулаад өнгөрөх байсан.Гэвч шээсэн зураг нь сошиалаар цацагдсан учир ажлаасаа халагдав.

Том дарга нь ажилдаа шударга хандаж байгаагаа сошиалчдад харуулах гэж жижгийг золионд гаргах нь тэр. Уг нь тэр дарга шударга ханддаг бол Д.Нэмэхбаярт сануулаад, цагдаад өгч Зөрчлийн хуулиар торгуулах байв. Гэвч тэгсэнгүй, томчуудын баталсан хууль жижгүүдэд үйлчилсээр ирснийг ил тодоор батлав.

Г.Сартуул (www.gereg.mn)




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх