Хувьчлал гэж юу вэ?

2018-06-18 00:28      ГэрэгМН

Төрийн өмчийг хуулиар зөвшөөрсөн арга хэлбэр, нөхцөлийн дагуу хувь хүн болон хэсэг бүлэг хүмүүст шилжүүлэхийг өмч хувьчлал гэж  хэлнэ. Энэхүү үйл ажиллагааг улсын өмчийг  задлах, жижиглэх, зохион байгуулалтыг өөрчлөх хэлбэрээр явуулдаг. Өргөн утгаар нь авч үзвэл, эдийн засгийн амьдралд Засгийн газрын оролцоог аль болохоор багасгаж, зах зээлийн жам ёсны хөгжилд учирдаг хөндлөнгийн саад тотгоруудыг арилгах үйл явц гэж хэлэхэд буруутахгүй.

Хувьчлал яагаад хэрэгтэй вэ?

Хувьчлал бол чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжихийн тулгын чулуу юм.

Хувьчлал болгоны үр дүнд хувийн өмч, хувийн хэвшлийн компани, байгууллага, шинээр үүсэх буюу өргөждөг.

Зах зээлийн өрсөлдөөнд бүтээмж, үр ашиг, идэвх гээд бүхий л үзүүлэлтээрээ хувийн хэшлийнхэн ямар ч маргаангүй давамгайлдаг билээ. Хувийн хэвшлийнхэн эдийн засгийг өөд татна. Зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болгоно. Дүгнэвэл, хувийн хэвшлийн эзлэх хувийн жин хэдийчинээ их байх тусам эдийн засаг төдийчинээ үр ашигтай, эрч хүчтэй, эрүүл саруул болдог.

Тодорхой шалтгаануудыг нэрлэвэл:

  • Хувийн өмчийн шавхагдашгүй хүчийг эдийн засгийн хөгжилд ашиглана. Хувийн өмч хөрөнгөтэй, түүнийгээ арвижуулахын төлөө тэмцэж буй хувь хүмүүсийн идэвх зүтгэл, санаачлага шиг хүчтэй хөдөлгүүр эдийн засагт байхгүй.
  • “Засгийн газар хамгийн муу менежер байдаг” гэсэн үг бий.
  • Хүмүүст эдийн засгийн Эрх чөлөөг олгоно.
  • Хувьчлалыг өргөн хүрээтэй явуулах нь улам олон хүнийг өмчтэй болгох нэг арга юм. Зөвхөн өмчтэй хүн бол жинхэнэ эрх чөлөөтэй байж чаддаг билээ.
  • Улсын төсөвт нэг дор их хэмжээний орлого оруулна.
  • Ашиг муутай, татаасаар угжиж байдаг төрийн өмчийг хувьчилснаар тийм хэмжээний хөрөнгө хэмнэнэ. Хоёрдугаарт, түүнийг худалдсанаар их хэмжээний орлогыг нэг дор төсөвт оруулна. Хувьчлал эрчимтэй явагдвал төсвийн орлогын чухал эх үссвэр байх боломжтой.  

 “Өмч хувьчлал зөвхөн хуучин социалист орнуудад явагддаг юм уу?”

Зах зээлийн орнууд ч гэсэн төрийн мэдлийн (тухайлбал, татвар төлөгчдийн мөнгөөр бий болгосон) өмчөөсөө үе үе хувьчилж байдаг. Ер нь хувьчлал 1980-аад оноос дэлхий нийтийг хамарсан үйл явц болж эрчимтэй өрнөжээ. Тэр үед дэлхийн олон оронд “Социалист лагерь”-ийн төдийгүй зах зээлийн орнуудад ч төсвийн алдагдал өсч, зарим улсад эдийн засгийн хямрал гүнзгийрэх хандлага газар авчээ. Үүний шалтгааныг мэргэжилтнүүд  судлаад “улсын ба бусад өмчийн хоорондын зохистой харьцаа алдагдсан, улсын өмч эдийн засагт хэтэрхий их байр суурьтай  эзлэх болсноос үүдэлтэй” гэдгийг тогтоожээ.

Тэр тусмаа социалист гэгдэх орнуудад ард түмний нэр хаягтай ч угтаа эзэнгүй өмч дээр суурилсан, асар үрэлгэн, үр ашиггүй, хэн ч өөриймсөг ханддаггүй аж ахуйн тогтолцоо эдийн засаг, нийгмийг бүхлээр нь хямрал руу түлхжээ. Монголчууд та бид үүний гэрч билээ. Эрэлт хэрэгцээг хангахын төлөө биш, зөвхөн төлөвлөгө гээчийн хойноос хөөцөлддөг, ашиг орлого боддоггүй, тиймээс сайн ажилладаггүй, санаачлага гаргадаггүй байлаа.

Тэд ямар гараанаас эхлэв

Улсууд

1980-90-ээд оны зааг дээр улсын хэвшлийн эзэлж байсан хувь

Болгар

99.7хувь

Чех, Словак

99.3 хувь

БНАГУ

96.4 хувь

Унгар

92.9 хувь

Польш

81.2 хувь

Румын

95.5 хувь

Австри

14.5 хувь

Франц

16.5 хувь

Их британи

11.1 хувь

АНУ

1.3 хувь

Монгол

90.0 хувь

Эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, үрэлгэн байдлыг таслан зогсоох, Засгийн газрын нуруундаа тээдэг ачааг багасгах гэх мэт зорилгоор дэлхийн даяар өрнөсөн хувьчлах үйл явцад Монгол Улс ч бас татагдан оров. Өмнөх 60 жилийн турш хийж бүтээсэн, үржүүлж өсгөснөө нийгэмчилчихээд амины гэдэг өчүүхэн өмчтэй байсан монголчууд 1980-аад оны эцсээр хоршоо нөхөрлөл байгуулж, бага багаар хувийн өмчтэй болцгоож, улмаар 1992 оны шинэ Үндсэн хуулиараа хувийн өмчийг бүрэн хүлээн зөвшөөрсөн билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1-р бүлгийн 5-р зүйл:

  1. Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн өмчийн олон хэвшил бүхий эдийн засагтай байна.
  2. Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.

Эх сурвалж: ӨМЧ ХУВЬЧЛАЛ: ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, БОДИТОЙ ХАРИУЛТ номоос




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх