Сайн хаантай болохыг мөрөөдөгсдийн аллагууд коммунизмын үндсийг тавих нөхцөл болсон нь

2018-06-14 15:38      Ганхуяг

-II Александр /1818-1881 он/ хаан ба Ерөнхий сайд П.А.Стольпын /1862-1911 он/-

Хаант Орос улсад 1800-аад оны сүүлчээс хааныхаа аминд халддаг явдал гаарсан гэдэг. Энэхүү аллагуудыг Декабристууд хэмээх анархи бүлэглэлийнхэн зохион байгуулдаг байсан хэрэг /Энэхүү декабристуудын эгнээнд хожмын сартваахь хөдөлмөрчдийн “их багш” гэгдэх тавилантай мөн өөрөө хэд хэдэн удаа аллагын золиос болох шахсан В.И.Ульянов буюу Лениний ах байсан гэдэг. Орост 1918 онд дэлхийн пролетарын “агуу их удирдагч” Лениний амь насанд халдах гэж оролдсон юм. Азтай нь Каплан гэгч эмэгтэй алдаж буудсан ч энэ  халдлагаас болж  нөхөр Лениний бие эрс муудаж 1924 онд нас барсан гэдэг./.

1881 оны гуравдугаар сарын нэгэнд (хуучин тооллоор гуравдугаар сарын 13-нд) Оросын эзэн хаан II Александрыг алан хядагч Игнатий Гриневицкий бөмбөг дэлбэлэн шархдуулжээ. Энэ нь Оросын эзэн хааны аминд халдах гэсэн долоо дахь оролдлого байжээ.

"Народная воля" буюу “Ардын эрх” гэдэг намынхан олон жилийн турш эзэн хааныг хороохын тулд мөрдөн мөшгиж, явах замыг нь отож дэлбэрэх төхөөрөмж, төмөр замын рельс дээр бөмбөг тавьж байжээ.

1880 онд “Ардын эрх” намын алан хядагч Степан Халтурин Өвлийн ордонд бөмбөг дэлбэлэхэд эзэн хаан азаар амьд үлджээ. 1881 оны  гуравдугаар сарын нэгэнд ерөнхий сайд Лорис-Меликов эзэн хааны аминд халдаж магадгүй байгаа тухай сэрэмжлүүлж байсан ч тэр үгэнд нь оролгүй ням гариг бүр Манежийн талбайд болдог парадад очжээ.

Нева голын эргээр хааны цуваа буцаад явж байхад “Ардын эрх” намын гишүүн Рысаков хааны сүйх тэрэгний дугуй руу бөмбөг шиджээ. Цуваанд явж байсан хэд хэдэн хүн шархдаж, харин эзэн хаан II Александр эсэн мэнд үлдсэн юм. Хөтөч нар хааныг сүйх тэргэнээсээ гарахгүй байхыг сануулаад, эвдэрхий бүхээгтэй нь ордонд хүргэж өгнө гэжээ.

Гэвч Александр сүйх тэрэгнээсээ гараад ганц алхаад л Гриневицкий гэдэг өөр нэг алан хядагчийн шидсэн бөмбөгний дэлбэрэлтэнд өртжээ. Энэ дэлбэрэлтэд эзэн хаан, алуурчин аль аль нь шархадсан байна. Үүнээс нэг цагийн дараа өдрийн гурван цаг 35 минутад II Александр Өвлийн ордондоо нас баржээ.

Тэгвэл 1911 оны 9 сарын нэгэнд Оросын эзэнт гүрний Сайд нарын зөвлөлийн дарга, дотоод хэргийн сайд Петр Аркадьевич Столыпины аминд бас халджээ.

Алан хядах ажиллагаа Киев хотын театрт “Салтан хаан” жүжгийн тоглогдож байх үеэр болжээ. Энэ өдөр II Александр хааны дурсгалд зориулсан хөшөөний нээлт болсон байна. Уг жүжгийг эзэн хаан II Николай ч үзэж байжээ.

Жүжгийн үеэр хоёр удаа буун дуу гарчээ. Дотоод хэргийн яамны хамгаалалтын албаны ажилтан Д.Г.Богров алуурчин нь байсан аж. Хүнд шархадсан Столыпин 1911 оны есөн сарын таванд нас баржээ.

Энэ бүхэн Оросыг Эзэн хаант улс биш харин Лениний замаар замнасан коммунист улс болохын эхлэл байсныг та бид түүхнээс бэлээхэн мэдэх билээ.

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх