Морин уралдаан дагах машины тоог хуульчлахаас өөр ажил алга уу, Болорчулуун гишүүнээ

2018-06-14 09:46      ГэрэгМН

Монгол наадмын эрийн гурван наадмын нэг морин уралдаан олон жил хэрүүлийн бузарт идэгдээд байгаа билээ. Энэ нь баян тарган, дарга, захирал нөхдүүд аль хурдтай сайн морьдыг авчихаад тэднийгээ гадаад морьдтой эрлийзжүүлж, тэгээд наадам луйвардах болсонтой холбоотой.

Үүнээс болж маш их хэл ам, хэрүүл тэмцэл өрнөсөөр байна. Уг нь нөхөд уяач баячууд нь морио унаж байгаа хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах, морийг нь уяж байгаа уяачдынхаа нийгмийн асуудлыг шийдэхээсээ илүү яаж эрлийз морио уралдуулахад ухаан бодлоо зориулж байгаа юм.

Тэгвэл УИХ-ын найман гишүүн баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль санаачилсныг намрын чуулганаар хэлэлцэх юм байх. Энэ тухай санаачлагч гишүүдийн нэг Х.Болорчулуун өөрийн нүүр номондоо пост оруулсан байна. Тэд уг төсөлдөө дараах асуудлуудыг тусгаж байгаа юм байх.

Х.Болорчулуун гишүүний бичсэнээр “Энэхүү төслөөр, морин уралдааны замд олноор дагадаг автомашины тоог хуульчлан цөөрүүлэх, унаач хүүхдийн насыг 1-2-оор нэмэгдүүлэх, морь нь улсын наадамд түрүүлж, айрагдаагүй уяачдад улсын цол олгодогийг зогсоож, цол шагнал хавтгайрсан байдлыг цэгцлэх, тэрчлэн морь уралдуулахдаа сэрвээний өндрийг хэмжих зэргээр нэлээд олон өөрчлөлт оруулахаар тусгасан” аж.

Юм бүхнийг хуульчилж байж санаа нь амардаг болсон энэ цагт морин уралдааныг дагадаг машины тоог хуульчилна гэж оруулсан нь инээдтэй, авцалдаагүй заалт болж. Харин унаач хүүхдийн насыг 7-гоос дээш байсныг 8-9 наснаас дээш болгох гэж байгаа нь боломжийн санал шиг.

Мөн улсын наадамд морь нь түрүүлж, айрагдаагүй уяачдад улсын цол олгодгийг зогсоох санал ч дэмжигдэх магадлалтай юм.

Харин тэдний дэвшүүлсэн төсөлд байгаа морины сэрвээний өндрийг хэмжихийг хуульчлуулах гэж байгаа нь өрөөсгөл заалт гэх хүн олон байна. Энэхүү хэмжээнээс болж олон уяачид морьдоо уралдуулж чаддаггүй гэсэн шүүмжлэл ч олонтой гардаг.

Х.Болорчулуун гишүүн энэ талаар “Хуулийн төсөлд энэ асуудлаар морьдыг үзэмж, хийцээр нь бус сэрвээгээр нь, MNS стандартын дагуу уралдуулж байхаар тусгасан. Ингэснээр Үндэсний их баяр наадамд хэт өндөр гооногор морьдыг холын замд уралдуулахгүй, харин Монгол, Монголжуу морьдын яралзсан уралдаан үзэж, нааддаг болох юм.
MNS – Хурдан морины стандартыг баримтлахад 1, 2-р үеийн эрлийз морьд уралдах боломжгүй болно гэсэн судалгаа ч байна. Мөн дээд насны морьдын сэрвээний өндрийг 1-2 см-ээр бууруулъя гэсэн асуудал ч яригдаж байгаа юм” гэжээ. 

Гэвч Х.Болорчулуун гишүүнийг өөрийнхөө сэрвээ намтай ч галбирлаг байдлаараа илт эрлийз морьдоо уралдуулахын тулд ийм хуулийн төсөл санаачилсан хэмээн шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байна.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх