Төрийн банкны хувьчлах үнийг яагаад 2015 оныхоос өсгөлгүй оруулж ирэв?

2018-06-14 08:41      ГэрэгМН

Улс орон даяар 500 гаруй салбартай төрийн мэдлийн ганц арилжааны  банкийг  хувьчлах тухай ярьж эхэлсэн нь энэ долоо хоногийн онцлох сэдэв болж байна. Өнөөдрийн байдлаар Төрийн банк тэтгэврийн 48, халамжийн 96 хувийг олгодог, 3800 гаруй ажилтантай үндэсний хэмжээний банк болтол өргөжжээ.

 Төрийн банкны хувьчлал өнөөдөр гэнэт ургаад гараад ирсэн асуудал биш.  2009 онд “Зоос” банкийг татан буулгахтай холбогдуулж банкны системийн болзошгүй эрсдлээс хамгаалах, тухайн үеийн харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг эрсдлээс сэргийлэх үүднээс Төрийн банкийг байгуулсан.

Төрийн банкийг 2009 онд анх байгуулахад төрөөс тодорхой хэмжээний мөнгө гаргаж байсан бөгөөд энэ нь Төрийн банкны 25 хувийн тодорхой хэсгийг бүрдүүлж иржээ.

Анх төрд банк байгуулсан суурь зарчим нь  3-4 жилийн дотор үйл ажиллагааг тогтворжуулж, цаашид хувьчлах. Цаг хугацааны мөчлөгөөр бол Төрийн банкийг тэгээд л хувьчлах боломж байсан.

Бүр 2011 онд хувьчлах тухай яригдсан ч  “Зоос”-ыг аварч, Төрийн банкийг байгуулахын тулд гаргасан 100 тэрбумын бондын өрөө Засгийн газарт төлөөгүйгээс  болж хойшилж байжээ. Тухайн үед Төрийн банк ашигтай ажиллаад эхэлчихсэн,  нийт актив нь 180 тэрбум, зээлийн хэмжээ 48 тэрбум, чөлөөт эргэлтийн мөнгө 100 тэрбум төгрөгт хүрсэн, жилд 1.5-2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаад эхэлсэн байж.

 2011   оны төсөвт өмч хувьчлалаас 98.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгаж, үүний 60  тэрбумыг нь  Төрийн банкны хувьчлалаас бүрдүүлнэ гээд Төсвийн тухай хуульдаа тусгаад байв.

2013 онд хувьчлах боломж ч байж. Гэтэл тухайн үед “Хадгаламж” банкны асуудал хүндэрч, мөн л дээрх шалтгаанаар Төрийн банкинд нэгтгэсэн нь хувьчлал хойшлох шалтгаан болжээ. Улмаар 2015 оноос хувьчлалын жагсаалтад багтаж өнөөг хүрчээ.

2015 онд Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан (Одоо Завхан аймгийн Засаг дарга)”Хувьчлалын тухай асуудал бол эмзэглээд байх зүйл биш л дээ. Банкны өмчийн эзэн солигдох тухай л асуудал шүү дээ. Банкны өмчийн эзэн солигдох тухай асуудал бол хувийн банкин дээр ч гэсэн байнга гардаг л зүйл.  Өмчийн эзэн солигдсоноор банкны үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт гарахгүй” хэмээн ярьж байжээ.     

Харин нэг зүйл сонирхолтой байгаа нь 2016 оны төсвийн төсөлд Төрийн банкны хувьчлалаас улсын төсөвт 75 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тусгасан. Энэ жил ч мөн 75 тэрбумыг төсөвт оруулах санал орж ирээд байна. Гэхдээ 75 тэрбум төгрөг гэдэг бол Төрийн банкны хувьчлах үнэ биш, зөвхөн төсөвт төвлөрөх орлого юм. Төрийн банкны өмчийн 75 хувийг Хадгаламжийн даатгалын корпораци, 25 хувийг Сангийн яам эзэмшдэг бөгөөд 75 тэрбум төгрөг гэдэг бол Төрийн банкны 25 хувьд ногдох орлого аж.  

Харин хувьчлах доод үнэ 300 тэрбум байх гэнэ. 2016 оны төсөвт  ч доод үнэ 300 тэрбум байхаар тусгагдаж байжээ. 2015 ба 2018 оны хооронд гурван жилийн зааг байхад 75 ба 300 тэрбум гэсэн орлого, үнэ өөрчлөгддөггүй нь сонин.

256.8 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй банкны хувьд хувьчлах доод үнийг  арай л чамлалттай гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүд байнгын хороон дээр хэлж байв.

Харин Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын дарга Ц.Ням-Осор “Бид төсөвт орлого төвлөрүүлэх гэж хувьчлаагүй. Өмнөх хувьчлалууд төсөвт орлого бүрдүүлэх зориулалттай байсан.Харин энэ удаагийнх компанийн засаглалыг сайжруулах, иргэд том компаниудын хувьцааг худалдаж авах боломжийг бий болгох зорилготой” хэмээн ярьсан. Ц.Ням-Осор даргын хэлснээр, төсөвт орлого төвлөрүүлэх гэж хувьчлаагүй байлаа ч төрийн өмчийг хувьчлах үнэ ийм  бага байж таарахгүй гэдэг ойлгомжтой.

Төрийн банк өнгөрсөн онд өөрийн хөрөнгө нь 256.8 тэрбум, цэвэр ашиг нь 12.3 тэрбум төгрөгт хүрсэн амжилттай ажиллажээ. “Одоо ажиллаж байгаа компаниуд сайн ажиллаж байна, үр ашгаа өгч байна.  Гэтэл яагаад хувьчлах гээд байгаа юм бэ” гэж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Байнгын хорооны хурлын үеэр асуусан.

“Ашигтай ажиллаж байхад нь яагаад бага мөнгөөр хувьчлах гээд байгаа юм” гэх түүний дараагийн асуулт байв.

УИХ-ын гишүүн Лу.Болд “Төрийн банк Монгол орон даяар салбар нэгжтэй болчихсон. Тэгээд Төрийн банкийг хувьчлаад гадны компани эзэмшдэг болбол Монголын төр алслагдсан сум суурингуудын банкны үйлчилгээг хариуцахгүй юм уу, иргэдээ хөсөр хаях юм уу” гэж асуусан. Түүнийхээр Төрийн банк стратегийн салбар учраас төрд байх нь зөв гэж үзжээ. Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Би бол Төрийн банкийг хувьчлах шаардлагагүй гэж бодож байна. Азийн бар болсон улсууд Төрийн банкаараа дамжуулж жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгож байж хөгжсөн юм билээ” хэмээн хэлсэн.

Энэ бүхнээс Төрийн банкны хувьчлах үнийг яагаад 2015 оныхоос өсгөсөнгүй оруулж ирэв, үнэхээр авах эзэн нь тодорхой болчихоод хямд авах гээд байна уу? Гэх хардлага,асуулт гарна. Мөн төрд байгаад ашигтай ажиллаж, үр шимээ өгч, иргэддээ ч төрийн үйлчилгээг хүргэж байгаа банкийг яагаад заавал хувьчлах гээд байна вэ гэх дараагийн асуулт урган гарч байна.    

Ц.Жаргал (www.gereg.mn)




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх