Ж.Батзандан: УИХ-ын гишүүний насны хязгаарыг 30 болгосныг зөв гэж харахгүй байна

2018-06-13 15:22      geregmn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан хуулийн төсөлтэй холбогдуулан өөрийн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр “УИХ-ын гишүүний насны хязгаарыг 30 байхаар тогтоож өгснийг зөв гэж харахгүй байна.

Дэлхийн улс орнуудад 18 наснаас эхлэн сонгох, сонгогдох эрх нь нээлттэй болдог. 18 настай чадварлаг залуус байгаа. Д.Сүхбаатар жанжин 20 гаруйхан настай улстөрд орж байсан. С.Зориг 26 настай байхдаа Ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан юм.

Залуу үеэ түлхэж улс төрөөс гаргах гэдэг зүйл байж таарахгүй.

Хоёрдугаарт засаглалын тогтворгүй байдлыг засах ёстой. Үүний тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна. Өнгөрсөн 28 жилийн дотор бид 14 удаа Засгийн газраа унагасан. Түүнчлэн Ерөнхийлөгчийг нэг удаа 5-6 жилээр сонгогдог байх нь зүйтэй. Үе үеийн Ерөнхийлөгч нар хоёр дахь удаагаа сонгогдсоныхоо дараа улс орныг самардаг, засаглалын тогтворгүй байдлыг бий болгодог бусармаг явдал хэрээс хэтэрсэн. Тиймээс 2020 оноос хойш Ерөнхийлөгчийн хоёр удаа сонгогдох эрхийг нь хязгаарлах хэрэгтэй.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байх нь зохимжгүй байна. Сонгогдоод нэг жил сонгуулийнхаа амлалтыг ярьдаг. Дундах хоёр жилд нь ажил хийх гэж оролддог. Сүүлийн нэг жил бүтэн улстөржиж өнгөрөөдөг. Үүнийг зургаан жил болгох боломж бий” гэлээ.

Ц.Цэнгэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх