Н.Баяртсайхан: Зээлийн хүүг 2023 онд 7 хувиар бууруулах боломжтой

2018-06-12 15:46      ГэрэгМН

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын явц байдлын талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг сонслоо.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Зээлийн хүүг захиргаадалтын аргаар бус эдийн засаг, санхүү, хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх замаар бууруулах нь зөв хэмээн Монголбанк үзэж байгаа аж. Захиргаадалтын аргаар бууруулах нь зах зээлийн эдийн засагт гажуудал үүсгэж, санхүүгийн хүндрэлд хөтлөх эрсдэлтэй юм. Тиймээс энэ удаагийн стартегийг зах зээлийн зарчмын хүрээнд боловсруулсан. Энэхүү стратеги нь бизнес эрхлэх, санхүүгийн таатай орчин бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох алсын зорилготой. Энэ хүрээнд инфляцийг тогтвортой бага түвшинд байлгах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн сахилга батыг хангах, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг 11 зорилт дэвшүүлж байгаа. Ингэснээр 2023 оны төгсгөлд банкуудын зээлийн хүү одоогийн түвшнээс 7 хувиар буурах боломжтой” 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Зээлийн хүүг бууруулах ажил иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн. Монгол Улсын зээлийн хүү олон улсын дунджаас 5 хувиар өндөр байгаа. Тиймээс зээлийн хүүг бууруулахдаа зах зээлийн болон захиргааны аргыг хослуулах ёстой. Бусад орнууд зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоосон, түүнийг зохицуулсан хууль, эрхзүйн орчинтой байдаг. Нөгөөтэйгүүр зээлийн хүүг бууруулах ажлыг ойрын хугацаанд батлах хэрэгтэй. Удвал улс төрчид тоглолт хийж, зээлийн хүүг бууруулах нэрийдлээр олон хуулийн төсөл өргөн мэдүүлнэ” 

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд тодорхой хэмжээний захиргааны арга хэрэглэх нь зайлшгүй юм. Тухайлбал, Сүүлийн саруудад цалин, тэтгэврийн зэрэг хэрэглээний шинжтэй зээл өсч байгаа. Тиймээс тэтгэврийн зээл олгохдоо тухайн иргэний нийт тэтгэврийн 70 хувиас хэтрэхгүй хэмжээнд зээл олгоно зэрэг заалт оруулах юм”

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Хадгаламжийн хүүг бууруулаагүй тохиолдолд зээлийн хүүг бууруулах боломжгүй.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Хадгаламжийн хүүг бууруулах нь стратегийг хэрэгжүүлэх хамгийн чухал асуудал бөгөөд энэ чиглэлээр стратегийн төсөлд тодорхой зохицуулалт тусгасан байна. Мөн уг зохицуулалтыг хэрэгжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлэх хэрэгтэй" гэлээ. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ