БСШУСЯ:Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах багшийн цалинг ердийн багшийнхаас өндөр байх заалтыг хуульд оруулна

2018-06-12 14:05      ГэрэгМН

БСШУСЯ бодлогоор тусгай хэрэгцээт дээд боловсролтой багш, мэргэжилтэн бэлтгэхээр болж, улсын хэмжээнд сүүлийн 25 жил тасраад байсан ажлыг сэргээлээ. Тодруулбал, МУБИС-д иж бүрэн тохижилттой, тусгай хэрэгцээт боловсролын тэнхим нээж, элсэлт авч эхэлжээ.

Мөн ОХУ-д 25 оюутныг тэтгэлгээр сургаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй шинжлэх ухаанч байдлаар ажиллах бакалаврын зэрэгтэй  боловсон хүчинтэй болох юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах хэл болон хөдөлгөөн засалч, дохионы хэл, сэтгэл зүйч гэх мэт мэргэшлийн таван чиглэл байдаг.

 Тусгай хэрэгцээт хүүхэдтэй энгийн сэтгэл зүйч бус тусгайлсан буюу хүндрүүлсэн сэтгэл зүйч ажилладаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа өнөө үед бодлогоор бэлтгэж эхэлсэн нь салбарын онцлох ажлын нэг юм.

Нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог зургаан сургууль байдаг бөгөөд эдгээрийг заавал тусгай хэрэгцээт дээд боловсролтой багш, мэргэжилтэн удирдах ёстой гэсэн тушаалыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гаргажээ.

Түүнчлэн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгож буй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ. Тухайлбал,  29 дүгээр сургуулийн хонх, сонсголын аппаратыг шийдсэн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхэд сар бүр 62 мянган төгрөг олгодог байсныг өөрчилж, 102 мянган төгрөг болгожээ. Үүнээс гадна тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах багш нарын цалинг ердийн багшийнхаас өндөр байх заалтыг боловсролын багц хуульд оруулахаар төлөвлөсөн талаар БСШУСЯ-наас мэдэгдлээ.

 Энэ мэтээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхийн асуудалд  бодлогын төвшинд цогц арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.

Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг жишиг 55 дугаар сургуульд аутизмтай хүүхдийн ангийг анх удаа нээжээ.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төв, мэргэжлийн сургалтын зочид буудлын үйлчлэгч, хоол, нарийн боовчны анги, тайвшруулах, хэл засал, хөгжимт хэл заслын болон багш нарын хөдөлмөрийг хөнгөвчилсөн сургалтын хэрэглэгдэхүүний өрөө, хүүхэд хөгжлийн болон зөвлөгөө өгөх төвийг шинээр байгуулсан байна. Мөн анги бүрт  ганцаарчилсан сургалтын буланг бий болгосон нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй тулж ажиллаж, тэднийг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой аж. Тус сургуульд оюуны бэрхшээл, дауны хам шинж, аутизмтай 487 хүүхэд суралцаж, 94 багш ажилладаг  байна.

Б.Азмөнх




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх