МҮЭ: Цалин нэмэгдүүлэхээр шахаж ажиллаж байна

2018-06-12 13:14      ГэрэгМН

Цалин нэмэгдүүлэхээр шахаж, ажиллаж байна гэв

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо/МҮЭХ/-ноос цалин нэмэгдүүлэхийн төлөөх нэгдсэн тэмцлийн явцын талаар өнөөдөр /2018.06.12/ мэдээлэл хийв. Хэвлэлийн хурлын эхэнд өнгөрсөн тавдугаар сард МҮЭХ-ноос зохион байгуулсан тэмцэл, түүнээс гарсан үр дүн, цаашдаа хэрхэн ажиллах талаар мэдээлэл өгөхөөр болсноо онцоллоо.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х. Амгаланбаатар:-Тавдугаар сарын 1-ээс хойш МҮЭХ гишүүн байгууллагуудынхаа хамтаар цалин нэмэгдүүлэх улсын гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг шаардаж жагсаал цуглаан болон ажил хаялтын өмнөх суултыг хамтарч улсын хэмжээнд зохион байгуулаад байна.

Тавдугаар сарын 23-нд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Хүрэлбаатар МҮЭ-ийн холбооны холбогдох удирдлагуудыг хүлээн авч цалин нэмэгдүүлэх хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр ярилцсан. Энэ уулзалт тодорхой үр дүнтэй болсон. 

Сангийн сайдын зүгээс цалин нэмэгдүүлэх боломжийг Олон улсын валютын сан /ОУВС/-тай ярилцах ажлын хэсгийг байгуулсан.  Ажлын хэсгийн ажиллах боломжийг хангаж суултаа түр зогсоогооч гэсэн хүсэлтийг өгсөн. Энэ уулзалтад оролцсон МҮЭ-ийн холбооны удирдлагууд хамтын шийдвэрээр ес хоног үргэлжлээд байсан суултыг түр хугацаагаар зогсоосон байгаа.

Ажлын хэсгийн уулзалтын үр дүнг хурдан гаргуулах талаас нь шаардаж шахаж ажиллаж байна. ОУВС-д Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хатуу нөхцөлтэй гэрээгээ өөрчилж, Засгийн газарт цалин нэмэх бололцоог нь олгооч гэсэн шаардлага хүсэлтийг хүргүүлсэн.

Дөрвөн яамны хамтарсан ажлын хэсэг цалин нэмэгдүүлэх ажлаар хамтарч ажиллаж байна. Энэ ажлын хэсгийн дүгнэлт, үр дүнг хүлээхгүйгээр хөдөлмөрийн хамтын маргаанаа эхлүүлэх шийдвэрийг албан ёсоор гаргасан. Үүгээрээ  МҮЭ-ийн холбоо ажил хаялтын өмнөх хууль ёсны тэмцэл рүүгээ орсон гэлээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх