Унадаг дугуйтай ГЭР БҮЛ

2018-06-12 11:14      ГэрэгМН

Гэр бүлээрээ унадаг дугуй хэрэглэдэг залуу гэр бүлийг бид энэ удаад ярилцлагын зочноороо урилаа. Н.ПүРЭВДОРЖ, С.АНУДАРЬ хэмээх залуу хос манай редакцид унадаг дугуйтайгаа бяцхан хүүтэйгээ хамт хүрэлцэн ирсэн юм. Н.Пүрэвдоржийнх ам бүл тавуулаа. Том охин ес, дунд охин долоо, бага хүү ой таван сартай. Тэд нь унадаг дугуйг өдөр тутамдаа хэрэглэж хэвшсэнээр олон эерэг зүйлийг амьдралдаа бий болгож чадсан байна. Энэ гэр бүл энэ зунаас эхлэн дугуйтай аялал тогтмол зохион байгуулж байхаар төлөвлөжээ. Тэдэнтэй  төлөвлөж буй аяллынх нь талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

-Танай гэр бүлийн хувьд хэзээнээс унадаг дугуйг байнгын хэрэглээгээ болгосон бэ?

Н.П. -Гэр бүлийн хувьд бүгд дугуйтай явж эхлээд хоёр жил болж байна. Манай эхнэр дугуй унаж сураад таван жил болж байна. Миний хувьд багаасаа дугуй унадаг байсан. 1995 оноос хойш тасралтгүй унаж байна.

С.А. -Арван жилийн сурагч байхаасаа дугуй унаж сурах гээд чаддаггүй байсан. Тухайн үедээ дугуйнаас их айдаг байлаа. Нөхөр маань төрсөн өдрөөр минь дугуй бэлэглэснээс хойш унаж сурсан. Анх дугуй унаж сурснаасаа хойш нэг сарын хугацаанд нөхөртэйгөө хамт ажилдаа явж ирдэг байсан. Эхний нэг сарын хугацаанд их ядарсан. Гэхдээ хотын гудамжаар унадаг дугуйтай явахын давуу талыг олж харсан учраас хэчнээн ядарсан ч их хичээж байсан. Ер нь дугуй унаж сурснаас хойш хоёр өвөл ажил албандаа дугуйгаар явсан. Хамгийн гол нь цас бага байж. Цас ихтэй үед халтирч гулгаад зориулалтын зам муу учраас дугуйгаар явах боломж маш бага. Гэхдээ арваннэгдүгээр сараас дөрөв­дүгээр сарын эхэн хүртэлх хугацаанаас бусад үед дугуй унахад харьцангуй гайгүй байдаг. Энэ үед цас их ороод халтирч унах эрсдэлтэй байдаг л даа.

-Ямар ажил алба эрхэлж байна вэ?

Н.П. -Хөдөө аж ахуйн салбарт хувиараа ажиллаж байна. Цагаан идээгээр бү­тээг­дэхүүн гаргахаар патен­таа аваад ажиллаж байгаа.

С.А. -Жирэмсний амралт­тай гэртээ хүүхдээ асарч байгаа.

-Хүүхдүүдээ анх дугуй унуулж сургахад хүндрэлтэй байсан уу?

Н.П. -Хүүхдүүд аливааг хурдан сурдаг юм байна. Эхнэрээ дугуй унуулж сур­гахад хоёр долоо хоногийн хугацаанд их ажилласан. Гэтэл хүүхдүүд 20-30 мину­тын хугацаанд л тэнцвэрээ олоод яваад сурчихсан. Одоохондоо хүүхдүүдтэйгээ хамт дугуйгаар хичээлд нь явдаг. Ганцааранг нь явуулах арай болоогүй байна. Том охины хувьд өглөө эрт дугуй унаад надтай хамт хичээлдээ очдог. Ингээд явахаар их л сэргэлэн цовоо болчихсон сургууль руугаа ордог юм.

-Хүүхдүүдийн хувьд дугуй унаснаар ямар нэг давуу тал бий болж байгаа болов уу?

Н.П. -Байнгын хөдөлгөөн­тэй байх нь хүний цусны эргэлтийг сайн дэмждэг. Энэ утгаараа манай гэр бүлийнхэн эрүүл мэндийн хувьд харьцангуй асуудал бага. Ялангуяа хүүхдүүд халуун дулааны улиралд өглөө, оройдоо дугуй унас­наар өвлийн хүйтэнд ханиад томуу тусах нь бага байдаг. Өнгөрсөн өвлийн хувьд  бага зэргийн ханиад хүрээд хүндрэлгүй давсан.

-Дугуйтай аялах санааг та хоёрын хэн нь анх гаргасан бэ?

Н.П. -Эхнэр маань анх аяллын санааг гаргасан. Тиймээс энэ тухай өөрөө ярьсан нь дээр болов уу.

С.А. -Аялал их гэнэтийн юм болсон. Би ажилдаа эргэж орох эсэхээ бодож байгаад гэр бүлээрээ хийвэл жаргалтай байдаг зүйлийг амьдралдаа хэрэгжүүлэхээр болсон. Гэр бүлээрээ дугуй унаад явахад хүмүүс их анхаарч хардаг. Анх манай нөхрийг дугуй унаж эхлэх үед  дугуй унадаг хүн ховор байлаа. Намайг бас дугуй унаад явахад эмэгтэй хүн дугуй унах нь ховор байлаа. Одоо бол гэр бүлээрээ бид нийгэмдээ дугуйн соёлыг тодорхой хэмжээгээр түгээж байна гэж бодож байгаа. Цаашид энэ аяллаа цуврал нэвтрүүлэг болгох зорилттой. Аяллаас өмнө эмхэлж цэгцлэх ажил их байна. Хамгийн гол нь бид хүүгээ авч явж байгаа. Хүүд минь тохирсон дугуйн тоноглол Монголд бараг байдаггүй. Өдрийн цагт хүү­гээ унтаж байхад бид аяллаа зогсоомооргүй байгаа юм.

Хот орчимд дөрвөн удаагийн аялал хийхээр төлөвлөж байна. Эхнийх нь хоёр өдрийн аялал байх юм. Дараа нь урт хугацаатай аялалууд төлөвлөж байгаа. Эхний аяллууд маань амжиллтай болвол дараа дараагийн илүү том аялал төлөвлөсөн байгаа.

-Туршилтын аяллын сонин сайхнаасаа хуваалцаач. Хүүхдүүд их ядарсан болов уу?

С.А. -Бид Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нд анхны аялалдаа яваад ирлээ. Өглөө 08.30-д гэрээсээ гарч Чингисийн талбайн төв цэг дээрээс 09.00 цагт хөдлөөд галт тэрэгний буудал хүртэл явсан, тэндээсээ галт тэргэнд сууж “61-ийн гарам” хүрсэн. Эндээс л манай хээрийн анхны маань аялал жинхнээсээ эхэлсэн дээ. Дөнгөж вагоноос буунгуут л шороогоор шуурч, охид “Нүд рүү шороо орж байна яах вэ?” гээд эхэлсэн. Бид салхины шилтэй байх ёстой юм байна лээ. Өртөөнөөс гараад Батсүмбэр явдаг замаар явж эхэлсэн эхний үед нэлээд өгсүүр, дээр нь маш их шуурч байсан болохоор ийм хэцүү байх юм бол явахаа больдог ч юм билүү гэж бодоод амжсан. Гэвч цаашаа дандаа уруу эсвэл эгц замтай болохоор сайхан явсан. Үдлээд хүүдээ бантан хийж өгөөд хөдөлснөөс хойш салхи намдаад бүр аятайхан болсон. Ар гүнтээр давж орж ирхэд хоёр цаг гаруй болсон. Охид машинд суугаад түрүүлээд явсан байсан. Төлөвлөснөөсөө оройтож хүрэх газраа хүрсэн болохоор бид хонох газаргүй болсон. Утсаар ярьж тохирсон байсан газар маань биднийг ирэхгүй нь гээд өөр амрагчид буулгасан байсан л даа. Баярын орой, маргааш нь амралтын өдөр таарсан болохоор ойрхон буух гэр буудал ерөөсөө олдоогүй, хүүхдүүд ядарч, гадаа харанхуй болсон ч азаар нэг айл тус болж дугуйнуудыг маань үлдээхийг зөвшөөрөөд, бас хот руу явах гэж байсан охин нь машинаараа биднийг гэрт маань хүргэж өгсөн. Ингээд маргааш нь бид дугуйгаа очиж аваад гэртээ ирсэн. Бид нийт 60 гаруй км дугуйтай явсан. Хоёр охин маань дөрвөн км-ээр бага зам явсан. Анхны аялал учраас туршлага болох олон зүйлийг мэдэж авсан. Бид хоёрын төлөвлөснөөс илүү нарийн асуудлууд их гарч ирж байсан.

Н.П. -Хамгийн гол нь хүүхдүүдтэйгээ явж байгаа болохоор тэдний тав тух, амралт зэргийг илүү сайн тооцох хэрэгтэй гэдэг нь л батлагдсан. Дараагийн аяллын төлөвлөгөөндөө үүн дээр илүү анхаарч байна.

-Гол төлөвлөсөн аяллаа хэзээ эхлүүлэх гэж байгаа вэ?

-Төлөвлөсөн том аялал маань нийт 20 орчим хоног үргэлжилнэ гэж тооцож байгаа. Наадам дуусангуут  цаг агаарын байдалд тааруулж, өдрөө сонгоод гарна даа.

-Аялалдаа зориулж шинэ дугуй авч байгаа юу?

С.А. -Бүгд шинэ дугуй авах боломж байхгүй. Их зардал гарна. Тэгэхдээ одоо унаж байгаа дугуйгаа сайжруулах шаардлага бас гарч байна. Аялалдаа бэлтгээд өдөр бүр бага багаар бэлтгэл хийж ойрхон газар руу хүүхдүүдтэйгээ хамт дугуйтай явж байгаа.

Н.П. -Хамгийн чухал зүйл бол том аялалд гарахаасаа өмнө хоёр охиндоо сайн уулын дугуй шийдэх хэрэгтэй байгаа. Сайн дугуй түрээслүүлдэг газруудад хүүхдийн дугуй байдаггүй. Зах дээр сонголт бараг байхгүй гэж хэлж болно. Бид хэдэн газарт хамтарч ажиллах санал тавьсан, дугуйг нь унаад явхад л сурталчлаад өгчих боломжтой юм шиг харагдаад байгаа юм.  Манай гэр бүлийн эхний аяллын бичлэг чамгүй олон хүнд хүрсэн. 

-Ер нь дугуйгаа хэр их сольдог вэ?

С.А. -Анхны дугуйг нөхөр минь бэлэглэж байсан.Байранд амьдрахаар гэртээ дугуйгаа тавиад байх хэцүү учир ихэвчлэн орцондоо цоожилдог. Нөхөр бид хоёр, хоёр дугуйгаа байрныхаа орцноос хулгайд алдаж байсан. Бага хүүхдээ гэдсэнд байхад хоёр сар болтол дугуй унасан ч эмч цааш үргэлжлүүлэн дугуй унавал хүүхдэд муугаар нөлөөлнө гэсэн, яг тэр өдрөө дугуйгаа алдсан учир төртлөө дугуй­гүй байсан.  Ер нь хулгай байхгүй бол дугуйны бүх хэсгийг сэлбэж шинэчлэх боломжтой боло­хоор хэдэн ч жил нэг дугуйгаа унаж болно. Дассан дугуйтайгаа явах их тухтай байдаг.

-Улаанбаатарт дугуйтай явахад бэрхшээл хэр тулгардаг вэ?

Н.П. -Би гадаадад олон жил ажиллаж, амьдарч байгаад 2003 онд Монголдоо ирсэн. Ингээд хамгийн түрүүнд дугуй авч унасан. Анх хотод дугуй унаад явахад тэр бүр унадаг дугуйтай хүнтэй таардаггүй байсан. Нийслэлд одоо дугуйн замыг маш сайн төлөвлөлттэй шийдэх хэрэгтэй. Тэгвэл автомашины хэрэглээ буурч, агаарын бохирдол буурахад хүртэл нөлөөлж болох юм гэж хардаг. Мөн манайд байрны гадна тавьсан унадаг дугуй хулгайлах тохиолдол их байдаг. Энэ асуудлыг шийдэх хялбар арга байдаг. Бүх дугуйг бүртгэлтэй болгох хэрэгтэй. Европын өндөр хөгжилтэй орнуудад бүх дугуйгаа бүртгэлжүүлсэн байдаг. Тэгвэл хулгайд алдсан ч эргээд олдох боломж их байдаг. Бэрхшээл тооцвол барагдашгүй их байна. Гэхдээ түүнээс илүү их боломж байдгийг хэлмээр байна. Дугуйтай явж байгаа хүн цаг их хэмнэдэг. Машинтай хүнтэй адил бухимдах асуудал гарахгүй. 

С.А. -Анх дугуй унахад хүмүүс намайг шоолох вий гэхээс айдаг байсан. Битгий ичээрэй гэж захимаар байна. Та хямдхан дугуй уналаа гээд хямдхан болчихгүй.

- Дугуй унаж сурахдаа юунд илүү анхаарах хэрэгтэй  вэ?

Н.П. -Дугуй унаж сурах олон арга бий. Эхлээд дугуйндаа суугаад шууд дөрөө жийгээд ганцаараа явж сурах хэцүү байдаг. Тиймээс дөрөөгөө авч байгаад дугуйндаа сууж тэнцвэрээ олж сурах хэрэгтэй. Тэнцвэрээ олоод сурчихвал дугуй унаж сурахад илүү хялбар болно. Мөн хүүхдүүдээ багаас нь дугуй унаж сургавал илүү хурдан сурах юм шиг санагдсан. Энэ бол миний туршлага.

С.А. -Хэдэн ч настай хүн дугуй унаж сурч болно. Жишээ нь би ээжийгээ дугуй унуулж сургахаар ярилцаад байгаа. Нэг, хоёр удаагийн туршилт хийсэн, ээж минь ч их дуртай байгаа.

-Ээж тань хэдэн настай вэ?

-60 настай хүн бий.

-Ер нь дугуй худалдаж авахдаа юунд анхаарах хэрэгтэй вэ. Ялангуяа бага насны хүүхдэд дугуй худалдаж авч өгөхдөө анхаарах зарим зүйлсийн тухай зөвлөгөө өгнө үү?

С.А. -Судалгаанаас эхлэх хэрэгтэй байх. Ямар нэгэн “брэнд”-ийн дугуй авах гэж байгаа бол тэр хүн шийдвэрээ гаргасан гэсэн үг байх. Харин өөртөө, эсвэл гэр бүлийнхээ хэн нэгэнд эсвэл бага насны хүүхдэд дугуй худалдаж авахдаа судалгаа сайн хийж, итгэлтэй мэргэжлийн биш юм гэхэд дугуй сайн мэддэг зөвлөгчийн үгийг сонсох хэрэгтэй. Миний анзаарснаар хүмүүс бага насны хүүхдүүддээ дугуй худалдаж авахдаа ихэвчлэн тааруухан сонголт хийдэг. Ихэнх хүмүүс зах дээрээс худалдаж авдаг. Тэнд харь­цангуй зөв шийдвэр гар­гах боломж бага. Тийм болохоор нэгэнт дугуй худал­даж авсан бол, ялангуяа хүүхдүүддээ шинэ дугуй авч өгсөн бол техникийн бүрэн бүтэн байдлыг нь /наад зах нь тоормоз, дугуйны хий гэх мэт/ тогтмол шалгаж байгаарай гэж хэлмээр, анхааруулмаар байна.

Н.П. -Нэмээд хэлэхэд: манай “Дугуйтай гэр бүл”  фэйсбүүк хуудсанд лайк дарж ютүб сувагт нэгдээрэй! Ойр зуурын энгийн зөвлөгөөнүүдийг тэндээс авч болохоос гадна дугуй анх унаж сурах бодолтой байгаа хүмүүст хуудсаараа дамжуулан маш хялбар арга зааж өгнө гэж амлаж байна. Ингээд бүгдээрээ хамтдаа, хот даяараа агаараар гүйж сурцгаая!

Г.НЯМСҮРЭН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
z

mundag ymaa

2018-06-12 22:17    202.21.106.121

Сэтгэгдэл нэмэх