Х.Алтанзул: Арьсны хачиг ихсэх нь ягаан батга гарах нөхцөлийг бүрдүүлдэг

2018-06-11 14:02      geregmn

АУ-ын доктор, “ГРАН-ПРИ” арьс гоо засал, харшил, БЗДХ-ын эмнэлгийн зөвлөх эмч Х.Алтанзултай батгашилтын талаар ярилцлаа.

-Батга юунаас болж үүсдэг вэ?

-Энгийн батга буюу шилжилтийн насны хүүхдүүдэд тохиолдох батга нь тосны булчирхайн үйл ажиллагаа нь бэлгийн дааврын нөлөөгөөр идэвхижсэн болон өөх тос, нүүрс усны солилцооны алдагдалтай холбоотой үүсдэг. Батганы өөр нэг төрөл болох ягаан батга нь тухайн хүний судасжилт, мэдрэлийн системийн онцлог, ходоодны хүчлэг орчин ихсэх зэрэг шалтгаанаас үүснэ. Мөн арьсны хачиг ихсэх нь ягаан батга гарах нөхцөлийг бүрдүүлдэг.

Түүнчлэн батга үүсэх нь тухайн хүний буруу хооллолтой холбоотой. Жишээлбэл, өглөө өлөн гарах, чанар муутай өөх тос, нүүрс усны хэрэглээ их байх зэрэг нь батга үүсэх нөхцөл болдог.

-Нүүрээр идээт болон ягаан батга гарсан тохиолдолд нэн түрүүнд яах хэрэгтэй вэ?

-Юуны түрүүнд гэрээр болон гоо сайхны газар очиж шахаж цэвэрлэх, хатаах зорилгоор спиртээр арчихгүй байх хэрэгтэй. Мэргэжлийн эмчид хандаж ямар төрлийн батга гэдгийг нь оношлуулж, эмчилгээ хийлгэснээр сорив үлдээхгүй эмчилж болдог.  

-Эмчид үзүүлэхээр хеликобактерийн шинжилгээ өгөхийг зөвлөдөг. Энэ нь батгашилтын шатгааныг тодорхойлж чадах уу?

-Хеликобактер нь энгийн батга өвчний шууд шалтгаан биш юм. Харин ягаан батга өвчин үүсгэхэд ходоодны хүчиллэг орчинг бүрдүүлдэг дам шалтгаан болдог.

-Өөр ямар шинжилгээнүүд өгөх шаардлагатай вэ?

-Эр бэлгийн дааварын шинжилгээ, ханасан, ханаагүй өөх тосны хэмжээ, цөсний ферментын  байдал, хачиг илрүүлэх шинжилгээ зэргийг өгөх нь цаашдын эмчилгээ хийх ач холбогдолтой.

-25-аас дээш насны эмэгтэйчүүдийн батгашилт юутай холбоотой вэ?

-25 дээш насныхан ихэвчлэн ягаан батга гардаг. Энэ нь дээр хэлсэнчлэн судасжилт, мэдрэлийн тогтолцоо, ходоодны хүчиллэг байдлаас шалтгаалдаг.

-Батгашилт их байгаа тохиолдолд юуг анхаарах вэ? Цэвэрлэгээ, арчилгааны талаар зөвлөнө үү?

- Батга, батгашилт бол арьсны өвчин юм. Тийм болохоор өөрөө болон гоо сайхны газар очиж шахуулж, хатаагч спиртээр арчиж болохгүй. Яагаад гэвэл батга үүсгэгч нян бусад газраар тарах, сорив үлдэх, спиртэн уусмалаар арчсанаар арьсны PH өөрчлөгдөх, хуурайшиж, эмзэгших зэрэг хүндрэл гарч улам даамжирдаг. Гэрийн нөхцөлд маш сайн цэвэрлэх шаардлагатай, давхар усан суурьтай чийгшүүлэгч байнга хэрэглэх нь чухал.

-Батганы эсрэг олон төрлийн гоо сайхан, эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглээд үр дүн бага тохиолдолд яах вэ?

-Батгыг гадна талаас нь болон дотор шалгааны эсрэг цогц эмчилгээг хийх нь чухал. Батга нь агааргүйтэн нянгаар үүсгэгдэг тул түүнд тохирсон өвөрмөц антибиотик эмчилгээ, ходоодны хүчил бууруулах, цөс хөөх эмчилгээ, мэдрэлийн системыг тэнцвэруүүлэх гэх зэрэг эмчилгээг хавсарч хийдэг. Ингэснээр батга дахин гарах, соривжиж эдгэх зэрэг хүндрэл үүсэхгүй байх боломжтой. 

-Сүүлийн үед хамгийн үр дүнтэй ямар эмчилгээ юу байна вэ? Дахин батгашихгүй болтол эмчлэх арга бий юу?

-Гоо сайхны газарт биш  мэргэжлийн эмнэлэгт хандаж ямар төрлийн батга үүсэж байгааг оношлуулж, зөв системтэй эмчлэх нь чухал. Хамгийн гол нь тухайн хүний хоолны дэглэмээс эмчилгээний 50 хувь, эмийн эмчилгээнээс 50 хувь нь хамаардаг. Иймээс тухайн хүн хоолны дэглэм барих сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Өглөө заавал ундалж гарах, сайн чанарын өөх тос хэрэглэх \ өндөгний шар, сүүлний өөх, шар тос хэрэглэх, самрын тос зэрэг\ архи дарс, исгэлэн жимс зэрэг ходоодны хүчлэг ихдүүлэх хоол хүнс хэрэглэхгүй байна. Мөн нүүрс усаар их гурилан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах зэрэг хатуу дэглэм барина.

-Батганаас үүссэн сорви бүрэн арилах боломжтой юу?

-Сорвийг лазер эмчилгээ, мезотерапи тарианы аргаар 60-80 хувь арилгах боломжтой болсон. Эдгээр аргууд манай эмнэлэгт хийгдээд үр дүнгээ өгч байгаа. Ямар нэг сөрөг нөлөө байхгүй.

Ц.Цэнгэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ӨӨ

ТОВЧХОНДОО МӨНГӨӨ БАРИАД ХҮРЭЭД ИР ГЭНЭЭ

2018-06-11 14:18    66.181.185.165

Сэтгэгдэл нэмэх