Чихэвчний хөгжмөөс болж сонсголгүй болбол эргэж сэргээх боломжгүй

2018-06-11 09:23      ГэрэгМН

Залуучууд чихэндээ “бөглөөтэй” буюу чихэвчтэй явах нь хэвийн үзэгдэл. Гудамж талбай, нийтийн тээвэр, номын сан, сургууль, ямар хөдөлмөр эрхэлж байгаагаас шалтгаалан ажил дээрээ, орон дотроо, усанд орохдоо  гээд ер нь хаана ч явсан хэрэглэж буй. Хот гэлтгүй хөдөөгийн залуус ч малд явахдаа чихэвчний хөгжим сонсдог дүр зураг бий болжээ. 

Манай улсын өсвөр насныхан өдөрт хамгийн багадаа зургаагаас дээш цаг чихэвчний хөгжим сонсдог бөгөөд зарим нь шөнө чихэвчтэйгээ унтдаг.

Энэ нь ямар эрсдэл дагуулдаг талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих хамар хоолойн тасгийн эмч О.Байгалмаатай ярилцлаа.

-Сүүлийн үед залуус байнга чихэвчний хөгжим сонсох болсон. Энэ нь хүний чихэнд болон бусад эрхтэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Сүүлийн үед техник технологи эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч тэр нь эргээд  хүнд сөргөөр нөлөөлөх болсон. Ялангуяа утсаар хөгжим сонсох нь сонсголын эрхтэнд маш муугаар нөлөөлдөг. Дийлэнхдээ ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан залууст ийм зүйл элбэг тохиолдож байна. Тэд чихэвчний хөгжмийг маш чангаар, удаан хугацаанд сонссоноор сонсголын эрхтэн буюу дотор чихийг шууд гэмтээх нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн тархины цусан хангамж, тархины хөгжилд тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлдөг.

-Чихэвчний хөгжим сонссоноос болж дотор чих гэмтсэн тохиолдолд эргээд сэргээх боломжтой юу?

-Дотор чихэн дэх соронзлог эсүүд дууны чимээнд найгаж байдаг. Тэр нь гэнэтийн болон удаан хугацааны давтамжтай чанга чимээнээс болж үхэжсэн тохиолдолд эргэж сэргээх боломжгүй. Залуучууд үүнийг мэддэггүй. Чихэвчийг чихний суваг руу ойрхон хийж удаан хугацаанд хөгжим сонсох нь аюултай. Уг нь дотор чих амархан гэмтдэггүй. Хамгаалах олон давхаргатай. Гэтэл залуучууд чихэвчний хөгж­мийг хэвийн хэм­жээнд бус хамгийн дээд төвшинд удаан хугацаанд чангаар сонссоор байгаад хамгаалах давхарга ул­маар дотор чихээ гэмтээдэг.

-Удаан хугацаанд чихэвчний хөгжим сонсох нь мэдрэлд нөлөөлж, мэдрэлийн ядаргаанд оруулах уу. Зарим нь бүр чихэвчтэйгээ унтчихдаг тал бий?

-Чихэвчний хөгжим мэдрэлийг шууд гэмтээхгүй ч дотор чих мэдрэлтэй холбоотой байдаг. Ямар нэгэн мэдээлэл дотор чихээр дамжин тархи руу очдог. Дуу, чимээ гэдэг бол долгион. Тэрхүү долгион дотор чихээр дамжин тархи руу очиж хүчтэй доргиож байдаг учраас ядрах, толгой өвдөх шинж тэмдэг бага багаар илэрнэ.  Удаан хугацаанд сонссоноор мэдрэлд нөлөөлж, мэдрэлийн ядаргаанд орох эрсдэлтэй. Ийм тохиолдол бий.

-Танай эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн дунд чихэвчний хөгжим сонссоноос болж сонсголгүй болсон тохиолдол бий юү? 

-Ийм хүмүүс ханддаг. Ихэвчлэн залуучууд буюу 25-аас доош насныхны дунд ийм тохиолдол их гардаг. Тухайлбал, 17 настай нэгэн залуу надад хандаж байсан. Тэр өөрийгөө сонсголын бууралттайгаа мэдээгүй явсан. Чихэвчний болон   автомашинынхаа хөгжмийг удаан хугацаанд чангаар сонсдог байсан юм билээ. Гэхдээ тэр залуугийн хувьд багийн сонсголын бууралттай байсан. Ийм тохиолдолд чихэвчний хөгжим сонсолын бууралтыг нь хурдасгахад нөлөөлсөн.

-Сонсгол буурч байгаагаа яаж мэдэх вэ?

-Ямар чимээг хэр зэрэг хугацаанд сонссоноос шалт­гаалж харилцан адилгүй хугацаанд сонсголгүй болдог. Зарим хүний сонсгол гэнэт мууддаг бол заримынх нь бага багаар буурч улмаар нэг л өдөр дотор чих нь гэмтдэг. Хос эрхтний онцлог нь нэг нь муудсан тохиолдолд түүнийг нь мэдэхгүй удаан хугацаанд явдаг. Тиймээс жилд нэг удаа ч болов сонсголын бичлэг хийлгэх нь зүйтэй.

-Чихэвчний хөгжим удаан хугацаанд чанга сонсохоос гадна өөр ямар тохиолдолд дотор чих гэмтэх эрсдэлтэй вэ?

-Залуучууд том өсгөгчний хажууд зогсч бүжиглэх явдал ажиглагддаг. Энэ тохиолдолд дотор чих гэмтэх эрсдэлтэй. Мөн салют, бууны чимээ, онгоц хөөрөх, буух зэрэг нь дотор чихийг гэмтээх магадлал өндөр.

-Хэт чанга гэж хэр зэрэг хүчтэй дуу чимээг хэлж байна вэ?

-Бүх долгион тодорхой хэмжээний дууны хүчтэй байдаг.  Дууны даралт ба сонсох мэдрэмж хоёрын хамаарлыг  децибелээр илэрхийлдэг байна. Хүний сонсголын эрхтэн 16-20000 децибелийн давтамжтай дууг хүлээн авч ялган мэдрэх чадвартай байдаг. Бид хоёр ердийн буюу 40-60 децибелийн төвшинд ярьж байна. Гаднын буюу хотын чимээ шуугиан бол үүнээс чанга буюу эрсдэл бүлэгт багтдаг. Хэт чанга чимээ гэдэг нь 110-120 децибел байдаг. Ийм децибелтэй дуу чимээг хэдхэн секунд сонсоход хүртэл аюултай.

-Чихэвч зүүсэн залуусын юу сонсч байгаа нь бусдад сонсогддог. Энэ нь хэдэн децибелтэй сонсч байна гэсэн үг вэ?

-110-аас дээш децибелтэй сонсч байна гэсэн үг. Тиймээс ийм хэмжээний хүчтэй дуу чимээ удаан хугацаанд сонсвол сонсголын бууралттай болж улмаар дотор чихээ гэмтээж дүлий болох эрсдэлтэй.

-Чихэвчний хөгжмийг хэдий хэр хугацаанд дууны ямар төвшинд сонсвол эрсдэл багатай байх вэ?

-Чихэвчний хөгжмийг бага төвшинд буюу 40 болон түүнээс доош децибелд сонсдог хүн байж болно. Гэхдээ тэд нэг цагаас илүү сонсч болохгүй. Тухайлбал, үйлдвэрийн буюу 90 децибелтэй чимээнд найман цаг байх ёстой. Энэ бол хамгийн дээд хугацаа. Харин 110 децибелтэй чимээг 30 минутаас илүүгүй хугацаанд сонсч болох ч давтамж нь олон бол мөн л аюултай. Хүмүүс сонсголд нэг их ач холбогдол өгдөггүй.

Сонсголын эрхтэн бусад эрхтэнтэй ялгаагүй чухал. Учир нь, сонсголгүй хүмүүс өөрийгөө нийгмээс тусгаарлаж ганцаардмал болдог.

Үүнээсээ болж амиа хорлосон тохиолдол гадаадад бий. Мөн ажлаа хэвийн хэмжээнд хийж чадахаа больж, хичээлээ ойлгодоггүй. Учир нь, сонсгол муутай хүний тархинд мэдээлэл дутуу очсоноор  дутуу сэтгэн боддог. Сонсгол хэвийн байснаар тархины хөгжил сайн байна гэсэн үг. 

Б.Азмөнх

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх