Гантулга,Муратын хэрэг явдал ба төр, ард түмний итгэлцлийн сэв

2018-06-11 08:16      ГэрэгМН

Төр ард түмнээсэ дэмжлэг авч байна гэдэг ардчилсан ба шударга байгаагийн том хэмжүүр. Дэмжлэг авахын тулд итгэл олох хэрэгтэй. Итгэлийг тасралтгүй өсгөх үү, тогтвортой барих уу, тасалж хаях уу гэдэг төрийн үйл ажиллагаанаас шалтгаална. Тэгвэл төр гэж хэн бэ? Төрийн ордон уу, тэнд суудаг бүх хүн үү, УИХ-ын гишүүд үү, яам,тамгынхан уу? Хариулт амархан. Төр бол энэ бүхэн. Төрийн түшээд, түшмэд, сайд, гишүүд бүгд нийлж төрийг бүрдүүлэх бөгөөд “нэг үхрийн эвэр доргих”-д төрийн үйл ажиллагаа нийтээрээ доргидог нь төрийн хүний хариуцлагатай холбоотой юм.

Төрийн хүмүүс хариуцлагагүй, ёс зүйгүй байвал төрийн нэр хүнд ард түмний дунд унаж,улмаар ард түмний дэмжлэг багасч, бодлого нь хэрэгжихэд доголдол үүснэ гэсэн үг.

Тэгвэл ард түмний элч төлөөлөгчид болсон УИХ-ын гишүүд ард түмний хүсэл зоригийн эсрэг шийдвэр гаргахаар УИХ-ын нэр хүнд Монголын төрийн нэр хүндтэй давхар унаж, улмаар төр, ард түмний хоорондын итгэлцэлд ан цав гарна. Монголын нийгэм нийтээрээ л охид, эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, хүчингийн хэрэг хийхийг эсэргүүцэж байгаа нь “Энэ бол зүй бус, ёс бус юм” гэж үзэх үзэлтэй холбоотой. Тэгвэл  “УИХ-ын гишүүн хүн  эмэгтэйчүүдэд бэлгийн болон бусад дарамтыг  үзүүлж болно” гэсэн аятай шийдвэрийг өнгөрсөн баасан гаригт УИХ гаргалаа хэмээн олон нийт буруушаав. 

“Ард түмний төлөөлөл, УИХ-ын гишүүнийг шүүхийн өмнө шууд зогсоох эрх зүйн үндэсгүй учраас гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг УИХ өөрөө хэлэлцэн түдгэлзүүлж өгөөч” гэсэн хүсэлтийг Ерөнхий прокуророос УИХ-д тавьсан. Монгол Улсын Их хурлын  тухай хуульд  УИХ-ын гишүүн гэмт хэргийн газар баригдсан, эсвэл  тухайн гишүүнд  эрүүгийн хэрэг үүсгэж, Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан бол УИХ хэлэлцэж шийдэхээр заасны дагуу л болсон үйл явц. Харин УИХ-ын олонхи “Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн  эрхийг түдгэлзүүлэхгүй” гэж шийдэв.

Үүний цаана магадгүй улстөрийн тоглолт (УИХ-ын гишүүн Д.Гантулгаар дамжуулж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг муухай харагдуулах гэх мэт) явж байхыг үгүйсгэхгүй ч УИХ-ын гишүүд хоёр гишүүнээ “Шалгуулаад ир” гэх зориг дутсанаараа хуулийн өмнө адил тэгш байх, шударга байх зарчмыг зөрчив.

Нөгөө талаар төрийн түшээ болчихоод нийгмийн хамгийн их үзэн яддаг хүчирхийлэл, бэлгийн ёс бус харилцааны асуудалд орооцолдоно гэдэг өөрөө асуудал. УИХ-ын тухай хуулиар УИХ-ын гишүүн халдашгүй эрхтэй.Халдашгүй байна гэдэг хууль, шүүхийн байгууллага ч УИХ-ын гишүүнд тийм амар  “халдахгүй” гэсэн үг.

Ард түмний төлөөлөл учраас халдашгүй эрх өгөөд байхад өөрийн нэр төрөө халдашгүйгээр хамгаалах нь мөн УИХ-ын гишүүний үүрэг. Энэ үүргээ сахин биелүүлэхэд нь туслах зорилгоор УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг дэлхийн улс орнуудын парламентаас батлан гаргаж, гишүүд нь мөрддөг.

УИХ-ас 2009 онд баталсан Ёс зүйн дүрэмд “Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд дараахь ёс зүйн хэм хэмжээг баримтална” гэж заажээ.

Тэгвэл ард түмний төлөөлөл гэдгээ санаж, хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх Үндсэн хуулийн зарчмаа санаж УИХ-ын гишүүд Д.Гантулга, Д.Муратын асуудалд шударга байр сууринаас хандаж чадсангүй. Ингэж хандаж чадаагүй учраас УИХ гишүүдийнхээ ёс зүйн асуудалд дүгнэлт хийсэнгүйгээр барахгүй төр, ард түмний итгэлд сэв суулгалаа.

Г.Гэрэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin

ene 2 huniig chine Boojgoi , Bandaga geed nereltsen bvaa Alna shu neeree

2018-07-28 20:25    182.160.0.185
Зочин

Гантулгыг Хүрэлсүхээр. Муратыг Саулегээр солих хэрэгтэй

2018-06-11 11:54    103.14.36.6
ZOCHIN

СОНГУУЛИЙН ӨС ХОНЗОНГОО АВАХ ГЭЖ УЛАЙРСААР ИЙМ БАЙДАЛТАЙ БОЛГОСОН УУ ? Л ГЭЖ

2018-06-11 11:27    103.212.117.88

Сэтгэгдэл нэмэх