Х.Хадхүү: Майдар эргэх ёслолыг шаазангаар урлахыг хүсдэг

2018-06-08 12:34      ГэрэгМН

Монголын орчин цагийн шаазан урлагийн мастер урлаач Х.Хадхүүгийн гангар шаазангаар бүтээсэн бурхад болон Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалж буй Өндөр гэгээн Занабазарын мутрын хийгээд дэг сургуулийн бурхдыг нэг дор үзэх боломжтой болжээ. “Үлэмжийн чанар” үзэсгэлэнд энэ бүхнийг үзэгч олонд дэлгэх гэж буй шаазан урлаач Х.Хадхүүтэй ярилцлаа.

-Удахгүй дэлгэх үзэсгэлэнгийнхээ тухай яриач. Хэчнээн бүтээлээ дэлгэх вэ?

-Миний хувьд “Үлэмжийн чанар” хэмээн нэрлээд буй дөрөв дэх удаагийн бие даасан үзэсгэлэнгээ гаргахад бэлэн боллоо. Шаазан урлалын чиглэлээр дагнан бүтээсэн гурав дахь том үзэсгэлэн юм. Үзэсгэлэнгээрээ Өндөр гэгээний хийцийг орчин үед хэрхэн хөгжүүлж болох вэ гэдгийг харуулахыг зорьсон. Ийм гайхамшигтай ур хийц монголчууд бидэнд буйг олонд харуулахыг хүсч байна. Үзэсгэлэнд нийт 14 бүтээлээ дэлгэнэ. Эдгээрийн 4-5-ыг нь 1990-ээд оны үед хийж эхлээд одоо л дуусч байгаа юм. Ер нь цаг хугацаа шаардсан, нарийн нандин ур хийцтэй бүтээлүүдээ дэлгэнэ гэж ойлгож болно.

-Хамгийн их хугацаа шаардсан бүтээлээ нэрлэвэл аль нь вэ?

-Дэмчиг буюу Юмтай бурхныг 1992 оны үеэс бүтээж эхэлсэн. Мөн керамик шавраар хийсэн Цагаан Дарь эх бурхныг 20 гаруй жилийн хугацаанд бүтээлээ.

-Бүтээлүүдээ урлах материалын олдоц хэр байдаг вэ?

-Монголд шаазангийн үйлдвэрийг 1973 оны үед үүсгэн байгуулсан юм. Тухайн үед үйлдвэрийн шавраар урлагийн бүтээл хийхэд тохиромжгүй байсан л даа. Тиймдээ өргөн хэрэглээний буюу аяга, таваг айрагны сав үйлдвэрлэж байлаа. Миний хувьд тансаг зэрэглэлийн буюу урлагийн бүтээлийг шаазангаар урладгаараа онцлогтой. Би дэлхийн стандартад нийцсэн шаврыг Англи, Германаас худалдаж авдаг. Бүтээлээ сайхан болгоход материалын чанар их чухал байдаг.

-Та шаазангаар тансаг зэрэглэлийн урлагийн бүтээлийг хэзээнээс хийж эхлэв. Ер нь яагаад сонирхох болов. Юу нь таныг тэгтлээ татсан юм бэ?

-Би 16 насандаа буюу 1987 онд Дүрслэх урлагийн дунд сургуульд элсч ороод гуравдугаар  курсээсээ л шаазангийн үйлдвэртэй холбогдсон. Үйлдвэрт дадлагын ажил хийж, дипломоо хамгаалсан юм. Уг үйлдвэр нь 1995 оноос үйл ажиллагаагаа зогсоосон ч би уран бүтээлчийнхээ хувьд шаазанг урлагийн бүтээл талаас нь хөгжүүлэхийг хичээж, зорьж, судалж ирлээ. Олон ч  төрлийн шавар материалуудыг судалж туршлаа. Би ваар урлал, керамикийн мэргэжилтэй. Керамик гэдэг нь ерөнхий нэршил. Тэр нь дотроо олон задардгийн нэг төрөл нь шаазан урлал гэж ойлгож болно. Би анхнаасаа л шаазан урлалыг зүрх сэтгэлээсээ мэдэрч судалж, сонирхдог байсан. Шаазангийн гол онцлог ийм, тийм гэж хэлэх боломжгүй. Өөрөө хийж мэдэрч байж л онцлог сайхныг нь мэдрэх боломжтой. Зүгээр л нэг байгалийн шаврыг урлагийн бүтээл болгоно гэдэг нь гайхамшиг.

-Анх шаазангаар ямар бүтээл урласан бэ. Шаазан эдлэл их хэврэг санагддаг. Бүтээл урлах ажиллагаа ч нарийн байх болов уу. Ер нь та бүтээлээ тоолж үзсэн үү?

-Сургууль төгсөгчдийн фондод орсон “Монголын нууц товчоог зохиогч” хэмээх шаазан бүтээл байна. “Айрагчин” нэртэй айраг ууж буй хүний барималаас гадна нэгэн үзэсгэлэнт эмэгтэйн хөрөг бий. Мөн дипломын ажил болох “Шүхэрч Буниа” бүтээлээ анхлан урлаж байлаа. Ерөнхийдөө 100 гаруй бүтээл миний гараас гарч л дээ. Хүмүүс шаазан гэхээр аяга, ваар мэтийн зүйл л боддог. Шаазангаар урлагийн бүтээл хийхэд хувь хүнээс асар их тэвчээр, торгон мэдрэмж шаарддаг. Тухайлбал, би бүтээлээ туурвихдаа эмэгтэй хүн шиг л бүх зүйлдээ няхуур нямбай, цэмцгэр хандах хэрэгтэй болдог. Ийм байж эс чадвал шавар байхдаа бутарч алга болох, шатаах зууханд байхдаа гулзайх, хайлах эрсдэлд хүрч болно. Бүдүүлгээр хэлэхэд, энгийн шаврыг алт болгож байна гээд бод доо. Ер бусын урлагийн үнэт бүтээл болж байгаа нь гайхамшигтай. Хятадад саяхан дуудлага худалдаагаар Сүн улсын үеийн шаазангаар урласан 10 гаруй диаметртэй жижиг аягыг 37.7 сая ам.доллароор, Мөн Хонконгийн дуудлага худалдаагаар Манжийн хааны үед хэрэглэж байсан жижигхэн шаазан аягыг бас 30 орчим сая ам.доллароор худалдаалсан байна. Ингээд бодохоор шаазан урлаг ямар үнэ цэнэтэй нь харагдаж байгаа юм. 

-Шаазангаар бүтээл урлахад гол нь шавар шатаах зуух байх. Таны хувьд хаанахын ямар шатаах зуух ашигладаг вэ?

-Дэлхийн стандартад нийцсэн жижиг оврын Германы алдартай брэндийн шавар шатаадаг зуух ашигладаг. Энэ зуухыг гэрийн нөхцөлд 220квт-д залгаад ашиглаж болно. Оросын тог, их зарцуулдаг хуучны зуухтай харьцуулах юм биш.

-Монголд шаазан урлал хийх материалын олдоц хэр байдаг вэ?

-Бидэнд шаазангийн түүхий эд байдаг. Гагцхүү түүнийг олборлож, тээвэрлэх дэд бүтэц маш хүнд байна. Зардал өндөртэй салбар юм. Шаазангийн үйлдвэрлэл явуулж болох ч эхлээд тээвэрлэлтийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Урлагийн бүтээл хийхэд зориулсан материал олдоц ховор. Тиймээс би Европын дэлхийд алдартай үйлдвэрүүдийн шаврыг сонгож ашигладаг. Тэр нь үнэтэй ч урлагийн бүтээл хийхэд сайхан тохирдог юм. Уран бүтээлчийнхээ хувьд чанар сайтай, сайн бүтээл хийхийг үргэлж бодож сэтгэж явдаг.

-Шаазан урлагт суралцах хүсэлтэй залуус танд ханддаг уу. Та гарын шавьтай юу?

-Маш олон байдаг. Харамсалтай нь тэвчээргүйгээсээ замын дундаас хаячихдаг юм. Гайхамшигтай сайхан баримал хийж, зураг зурдаг хүүхэд олон. Гэвч эцсийг нь үзэх хүртлээ явах нь даанч ховор юм даа.  Замынхаа дундаас хаячих юм. Одоохондоо Дүрслэх, дизайн урлагийн дээд сургуулийн зарим оюутанд дипломын ажил хийхэд нь удирдаж, зааж зөвлөдөг. Технологи, урлагийн талаас нь удирдан чиглүүлж хэсэг хүүхдийг төгсгөж байлаа.

-Уран бүтээлчийн мөрөөдөл цаглашгүй байдаг. Таны хувьд шаазангаар ямар бүтээл урлахыг нууцхан хүсч явдаг вэ?

-Сүүлийн арваад жил энэ тухай бодож байна. Майдар эргэх ёслолыг шаазангаар урлахыг хүсдэг юм. Хэчнээн сонирхолтой бүтээл гарах бол гэж боддог. Тун удахгүй мөрөөдөл минь биелэх байх. Гэхдээ ийм гайхалтай урлагийн бүтээлийг хийж олонд түгээхэд тусалж дэмжих хүн олох хэрэгтэй байна.

-Дэлхийд өндрөөр үнэлэх таны шаазан урлалын бүтээлийн үнэ Монголд хэр байдаг вэ?

-Урлагийн бүтээл учраас үнэтэй байж таарна. Тэр дундаа энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэх бүтээлүүдийг Өндөр гэгээний хийцийн дагуу бүтээснээрээ онцлогтой. Миний хувьд Өндөр гэгээний хийцийг шаазангаар анх удаа урлаж байна. Тиймээс зүгээр нэг үнэ хэлэхэд хэцүү. Яагаад Өндөр гэгээний хийцээр урлаад байна вэ гэхээр энэ бол дэлхийд Монголыг төлөөлж байгаа сонгодог бүтээл юм шүү дээ. Саяхныг хүртэл Өндөр гэгээний хийцийн металл цутгамал хөөргийг 12 сая ам.доллароор худалдлаа. Энэ бол дэлхий дахин хэрхэн үнэлдгийн тод жишээ юм. Хамгийн гол нь худалдан авагчид бүтээл бүр нэг хувь байх шаардлага тавьдаг болсон. Өмнө нь 2-5 хувь хувилдаг байхад үнэ нь харьцангуй хямд байлаа. Харин одоо ганцхан хувь учраас өндөр үнэд хүрэх магадлалтай.

-Та ямар бүтээлээ хэдэн төгрөгөөр худалдаалж байсан бэ?

-Миний дипломын ажил болох “Шүхэрч Буниа” 25 сая төгрөгийн үнэд хүрсэн. Мэдээж сургууль төгссөний дараа 1990-ээд онд цаг үе хэцүү байсан. Тэр үед шаазангаар бэлэг дурсгалын зүйл урлаж Чойжинламын сүм музейн дэлгүүрт худалдаалдаг байлаа. Дандаа гадаадынхан л сонирхож авдаг байлаа шүү дээ.

-Яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Очирдарь бурханг шаазангаар урлаж байна. Цаашид илүү олон сайхан бүтээл хийхээр төлөвлөж байна.

Г.Нямсүрэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх