Ж.Сауле:Шүлхийн вакциныг Монголд үйлдвэрлэхэд ОХУ дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн

2018-06-08 09:21      ГэрэгМН

“Монгол-Оросын санаачилга 2018” цуврал арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан "Хөдөө аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын хоёр талын хамтын ажиллагааны хөгжлийн үндсэн чиглэл болон стратегийн хэтийн төлөв" сэдэвт салбар хуралдааны үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаас зарим зүйлийг тодрууллаа.

-ОХУ манай улсаас ямар бүтээгдэхүүн сонирхож байна. Хамтын ажиллагаагаа цаашид ямар төвшинд хүргэх зорилт дэвшүүлэв?

-Мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс ширийг импортлох сонирхолтой байгаагаа тэд илэрхийлсэн. Монголын бүх мал өвчтэй биш. Эрүүл бүс бий. Тухайлбал, баруун болон төвийн бүсийн нэлээд хэдэн аймаг эрүүл бүсэд багтаж байгаа. Тиймээс тухайн бүсээс махыг нэмүү өртөг шингээж экспортолно. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын зөвшөөрөлтэй 29 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

Мах, сүүний аяны хүрээнд хуурай сүүний үйлдвэрийг байгуулсан. Цаашид бяслаг зэргийн боловсруулж гадагш нь гаргах бүрэн боломж бидэнд бий. Үүнээс гадна дэлхийн ноолуурын 45 хувийг манай улс бүрдүүлдэг. Эрт үеэс арьс, ширний чиглэлээр ОХУ-тай хамтарч ажиллаж ирсэн уламжлалтай.

Тиймээс цаашид ч мөн адил жижиг, дунд, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. Сүүлийн үед үйлдвэрүүд чанартай гутал үйлдвэрлэж байгаа учраас үүнийг ОХУ-д санал болгохын зэрэгцээ тус улсад болж буй үзэсгэлэн худалдаанд бизнес эрхлэгчдийг оролцуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо.

-Манай улс ОХУ-аас вакцин авдаг ч малын өвчлөл төдийлөн буурахгүй байгаа. Энэ талаар хөндөж, санал солилцов уу?

-Малын эрүүл мэнд болон Малын генетик нөөцийн тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Бид малыг эрүүлжүүлэхэд ОХУ-тай хамтарч ажиллаж байгаа цаашид ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Шүлхийн вакциныг ОХУ-аас авдаг. Мал эрүүл байвал хүн эрүүл байж улмаар малын гаралтай бүтээгдэхүүнийг гадагш гаргах бүрэн боломж бүрдэнэ.

Тиймээс малын эрүүл мэндийн чиглэлээр ОХУ-тай хамтарч ажиллахаар талууд санал нэгдэж, ажлаа эхлүүлсэн. Ер нь Монгол Улс ОХУ-тай найрсаг, хамтын ажиллагааны нягт холбоотой явж ирсэн. Ялангуяа хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар ОХУ-тай эрт үеэс хамтарч ажилласан туршлага бий.

Цаашид ч энэ харилцааг үргэлжлүүлнэ. 2008-2012 онд “Атрын гуравдугаар аян”-ыг хэрэгжүүлэхэд ОХУ-аас дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Тухайлбал, газар тариаланд ашиглах техник хэрэгслийн хөнгөлөлттэй зээл олгож байсан удаатай. Мөн 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д айлчлах үеэр хамтран ажиллах санал солилцож, улмаар 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр техник хэрэгсэл авч байлаа. Энэ мэт тусламж дэмжлэгээр манай улс газар тариалангийн чиглэлд ашиглаж буй техник хэрэгслийнхээ 60 хувийг шинэчлээд байна.

-Шүлхийн вакциныг Монголд үйлдвэрлэх тоног төхөөрөмж, лаборатори бий болгоход ОХУ туслалцаа үзүүлэх боломжтой юу?

-Засгийн газар дотооддоо вакцин үйлдвэрлэдэг болоход анхаарч ажиллаж байна. Энэ талд ОХУ дэмжлэг үзүүлэх боломжтойгоо мэдэгдсэн. Унгар улсын дэмжлэгээр Биокомбинатад техник технологийн шинэчлэл хийж байгаа. Үүний хүрээнд ОХУ-ын вакцин үйлдвэрлэдэг стандартыг нэвтрүүлж, хамтран вакцин үйлдвэрлэх боломжтой.

Б.Азмөнх




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх