“Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулганы эргэн тойрон дахь үйл явдлаас

2018-06-07 20:09      gereg

Манай улсад болж буй “Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулганы хүрээнд ОХУ-ын техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, тус улсын ЖДҮ-ийн бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа нийслэл хотноо Д.Сүхбаатарын талбайд нээгдээд байна. Мөн “Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулган цуврал арга хэмжээ болох эдийн засгийн салбаруудын хамтын ажиллагааг хөндсөн салбар хуралдаануудаар “Шангри Ла” зочид буудалд үдээс хойш үргэлжиллээ.

ОХУ-ын ХАА, барилга, зам засвар, хүнсний салбарын төлөөлөл болсон 90 шахам компанийн 100 шахам техник, бараа бүтээгдэхүүн дэлгэсэн үзэсгэлэнг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров нар нээж УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга  Б.Энх-Амгалан, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд И.К.Азизов, “РосСпецМаш” холбооны ерөнхийлөгч К.А.Бабкин нарын албаны хүмүүс оролцов.

Шадар сайд Ө.Энхтүвшин үзэсгэлэнг нээж хэлэхдээ “Монголчууд Оросын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж дассан, чанарыг үнэлсээр ирсэн. Оросын тэргүүлэх үйлдвэрийн дэвшилтэт техник, технологи, бүтээгдэхүүний энэ удаагийн үзэсгэлэн хоёр орны ААН-үүдийн хооронд бизнес харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэг итгэж байна” гэв.

ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров, өнөөдөр Монгол Улсад Оросын ААН-үүдийн бараа бүтээгдэхүүн өргөнөөр нэвтэрч байна. Энэ нь нэг талаар тэдгээр компаниудын Төлөөлөгчийн газруудыг танай улсад нээх боломжийг олгож байна. Ийм цаг иржээ гэсэн юм. Үзэсгэлэнд монголчуудын хэдийний танил “УАЗ” үйлдвэрийн сүүлийн загвар автомашинаас аваад “Росселмаш”-ийн орчин үеийн комбайн зэрэг бүтээгдэхүүн тавигджээ.

Үзэсгэлэнг үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч И.Е.Левитины хамт үзэж сонирхсон юм.

“Монгол-Оросын санаачилга-2018” арга хэмжээний салбар хуралдаануудын тухайд ХАА, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөндсөн хуралдааныг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле хэлэхдээ:

-Хоёр орны хооронд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гадаад худалдаанд тавьж байгаа хориг саадыг арилгаж, гадаад худалдааны алдагдлыг багасгасан нөхцөлд ОХУ-д экспортлох махны хэмжээ 3, махан бүтээгдэхүүний хэмжээ 2 дахин нэмэгдэх боломж бүрдэх юм.

ОХУ-аас сүүлийн 2 жилд хонины цэцэгт өвчнөөс сэргийлэх 23.6 сая, мялзангаас сэргийлэх 15 сая, шүлхийгээс сэргийлэх 4.8 сая тун вакциныг авснаар мал эмнэлгийн албаны шуурхай байдлын чадавх дээшилж, гоц халдварт өвчин тархалтыг хязгаарлах боломжтой болсон гэв.

Дээрх салбар хуралдаанд Монголын Үндэсний үйлдвэрлэлийн зөвлөлийн тэргүүн Д.Жаргалсайхан, ОХУ-ын талаас “РосСпецМаш” холбооны ерөнхийлөгч К.А.Бабкин, “Велее” хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Т.В.Филидова нар оролцож мөн үг хэлсэн юм.

Дэд бүтцийн хөгжлийн хамтын ажиллагааны салбар хуралдааны үеэр “Ган хийц” ХК-ийн ерөнхий захирал М.Даваасүрэн хэлэхдээ:

-Энэ удаагийн арга хэмжээ нь оросуудыг Монголын зах зээлд оролцуулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа гэж бодож байна. Юу гэвэл сүүлийн 20 гаруй жилд Монголд ОХУ-ын бизнесийн ийм өргөн бүрэлдэхүүн ирж байсныг мэдэхгүй. Үүгээр Оросын төр, засгийн бодлого манайх руу чиглэж байна гэж ойлгож байгаа.

Манай төр, засгийнхан ОХУ-ын төрийнхөн бизнес эрхлэгчдээ сурталчилж байгаа шиг ажилламаар байна

Хойд хөршийн техник, технологи их сайжирч. Яг ийм нөхцөлд одоо хоёр талд, ялангуяа Монголын бараа бүтээгдэхүүн ОХУ-ын зах зээлд нэвтрэхэд хил, гаалийн хүнд суртал арилж, татвар тарифийн хөнгөлөлт явагдах ёстойг хаана хаанаа анхаарах цаг болжээ гэсэн юм.

Тэрээр ОХУ-ын төрийнхөн бизнес эрхлэгчдээ дэмжин Монголд сурталчилж байгаа шиг манай төр, засгийнхан, МҮХАҮТ зэрэг байгууллагууд гадаад зах зээлд ингэж ажилламаар байна гэсэн саналаа хэлж байв.

Б.БИЛГҮҮН

 

 

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх