Г.Эрдэнэбаяр: Бурхан болсон 29 хүнийг ганцаар манаж хонох тушаал гүйцэтгэж явлаа

2018-06-07 08:37      ГэрэгМН

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дахь хэлтсийн Нийтийн хэв журмын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Эрдэнэбаяртай ярилцлаа.

-Таныг цагдаагийн байгууллагад бас өвөрмөц, онцгой үүргүүд гүйцэтгэж байсан гэж сонссон. Цагдаад хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би Монголын цагдаад дэд ахлагчаас нь эхлээд дэд хурандаа хүртлээ 28 дахь жилдээ ажиллаж байна. Жирийн бор цагдаагаас дэд хурандаа Монгол Улсын гавьяат тамирчин, тив дэлхийн аварга болтлоо зүтгэлээ. Канадын Ванкувэр хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголынхоо цагдаагийн нэрийг гаргаж, алт, мөнгө, хүрэл медаль нэг дор гурван төрлөөс хүртсэн амжилтаараа бахархаж явдаг. Хар бага 18 настайгаасаа л өргөсөн тангарагтаа үнэнч, эрүү болон нийтийн хэв журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж яваа миний амьдралд онцгой хэд хэдэн үеүд тохиосон.

Тиймээс хүмүүс тэр бүр мэдэхгүй зарим ээдрээтэй тохиолдлыг сонирхуулж ярья гэж бодож байна.

Хөвсгөл аймгийн Их-Уул сум руу оргосон хүн амины хэрэгтэн Мөнхийн Самбуу гэх хүнийг тухайн үед эрүүгийн ахлах төлөөлөгч, Хүндэт чекист Барням, эрүүгийн төлөөлөгч Энхбаяр нарын хамт гурав хоног гүн хөх тайгад мөрдөн хайж ажиллаж байлаа. Гурав дахь хоног дээрээ тэр аюултай гэмт хэрэгтэнтэй буудалцаж, цагдаагийн чадвараа эгзэгтэй мөчид харуулж, гэмт хэрэгтнийг номхотгон баривчилж байв. Тухайн үед тэр гэмт хэрэгтэн “Нэгийг албал ничье, хоёрыг албал хожоо” гэсэн зорилго тавьсан гэгдэж, эрүүгийн алдартай нэгэн байсан.

Тэр үеэ эргэн дурсахад өөрийгөө болон нөхдөө хамгаалж өрсөж ажилласнаараа өөрийгөө азтайд тооцож явдаг.

Хөвсгөл аймагт хоёр ч онгоц осолдсон тохиолыг санаж байгаа байх. Нэг нь 1998 оны намар анхны цас орсон өдөр юм даг. Эрдэнэтээс Завханы чиглэлд нисч явсан 29 зорчигчтой онгоц Хөвсгөл аймгийн Галт сумын Байшинтийн уулын хярд осолдсон. Морь малаар очих аргагүй, зөвхөн нисдэг тэргээр очих газар осол болсон л доо. Би тухайн үед Хөвсгөл аймгийн цагдаагийн тусгай албаны урдаа барьдаг цагдаа нарын нэг байлаа.

ЦЕГ-ын дарга Мөрөн хурандаа Мөрөн хотод буугаад намайг авч явж, 29 хүний цогцос манаж хонох үүргийг өгөөд тэр осол болсон уулын хярд үлдээж байлаа. Онгоцны осол болсон газар харанхуй шөнө ганц амьд хүн хонох ямар байхыг төсөөлөөд үзэхээр их л эвгүй санагдана. Гэвч удирдлагын үүрэг бол тушаал учраас тэгээд л хоносон. Одоо бодоход залуу ч байж, зоригтой ч байж.

Тэр осолд өртсөн хоёрхон хүний цогцос л бүтэн байсан нь дээлтэй настай хүн, өлгийтэй хүүхэд хоёр байсан. Монгол дээл тийм амар тайлагдаггүй, биеэ бүтэн ороогоод авч үлддэг юм болов уу гэж би бодож байсан.

Дараа нь 1995 онд Улаанбаатараас Мөрөнгийн чиглэлд нисч явсан 56 зорчигчтой АН-24 онгоц Бугатын дөрөлжид осолдоход аймгийн цагдаагийн хэлтсээс Хэлтсийн дарга, хурандаа Раднаадорж, Баялаг-Эрдэнэ бид гурав очиж байв. Биднийг очиход нэг хүн амьд байсан нь тэр ослоос ганцаараа амьд үлдсэн Өлзийбаяр маань байсан. Амьд үлдсэн ганцыгаа аврах, цогцоснуудыг эрж хайх, таниулах гээд асар хүнд ажиллагаанууд хийгдсэн. Нэгэнт дурсамж болоод өнгөрсөн учраас би сонирхуулж ярьж байгаа юм. Нөгөө талаар тушаалаар ажилладаг бидний ажил ямар хүнд хэцүү болохыг өөрийн жишээн дээр ярьж өгч байгаа гэх юмуу даа.

-Дэлхийн аваргаас нэг дор гурван медаль авсан чинь ховор амжилт биз...?

-Цагдаагийн байгууллагын тухай хуульд “зэвсэггүйгээр биеэ хамгаалах” гэсэн хуулийн заалт байдаг. Энэ дагуу байлдааны самбо бөхийн төрлөөр 2008 онд Беларусь улсын Минск хотод болсон тэмцээнээс дэлхийн аварга болсон.

2009 онд Канадын Ванкувэр хотод болсон Цагдаагийн дэлхийн аваргаас байлдааны самбоор алт, чөлөөт бөхөөр мөнгө, караотегийн төрлөөр хүрэл медаль авч байсан.

Тэр үед нийслэлийн цагдаагийн газрын дарга байсан хурандаа С. Баатаржав тэмцээнээс ирэхэд намайг их сайхан хүлээж авч, цагдаагийн олимпийн дэвжээн дээр Монголын цагдаагийн нэрийг гаргалаа гэж цалингийн 40 хувиар шагнах тушаал гаргаж байсан.

-Сонин дурсамж байна. Цагдаагийн алба хаагчид удирдлагадаа үнэлэлт өгч болох уу? Жишээ нь, өнөөдрийн цагдаагийн байгууллагын удирдлагын талаар та юм хэлэх үү?

-Бололгүй яахав. Хүн бүрт үнэлэмж гэж бий. Иргэдтэй тулж ажилладаг хүний хувьд би ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав, ЦЕГ-ын дэд дарга бөгөөд нийслэлийн цагдаагийн дарга, хурандаа Д. Ядамдорж нарын нэрийг зориуд дурдмаар байна. Монголын цагдаагийн удирдлагууд яг өнөөдрийн нөхцөл байдалд ард иргэдээ тайван амгалан байлгах ажил үүрэгтээ амжилттай ажиллаж чадаж байна.

Монголын цагдаа сүүлийн хагас жилд маш их ажил хийж байна. Ард иргэдтэйгээ хамтарч ажилладаг, ард иргэдийнхээ дуудлагад албан тушаалтнууд биечилж очиж үздэг, хяналт тавьдаг байдалд үнэхээр ахиц гарч байгаа. Монголын цагдаа ард иргэдийнхээ талархлыг хүлээнэ гэдэг асар том гавьяа шагнал байдаг. Энэ бол тушаал гүйцэтгэдэг цагдаагийн байгууллагад удирдлагынх нь шийдвэр хөрсөн дээрээ бууж байгаагийн илрэл юм. Дээд удирдлагын бодлого жирийн дэд ахлагчдаа хүрч хэрэгжинэ гэдэг цагдаагийн байгууллага иргэндээ хүрч ажиллаж чадаж байна аа л гэсэн үг.

-Тушаалаар үүрэг гүйцэтгэдэг албанд ажил үүргийн механизм саадгүй эргэж байна гэдэг чухал байх шүү...?

-Удирдлагаас өгсөн үүрэг, даалгавар жирийн цагдаадаа хүрч, тэр чиг үүргээр цагдаа ард иргэддээ хүрч ажиллах механизм яг л ажиллах ёстой номоороо саадгүй ажиллаж байна. Цагдаагийн гол үүрэг бол нийгмийн хэв журмыг сахиулж, ард иргэдээ амгалан тайван байлгах шүү дээ.

-Таны эх орондоо анх аваргыг нь авчирч байсан байлдааны самбо гэхээр цэрэг,цагдаагийнхан хичээллэдэг спорт уу?

-Цагдаагийн дэлхийн аваргаас анхны медалийг нь би Монголд авчирсан. Үүгээрээ анхдагч.Түүнээс хойш Монголын цагдаа нар аварга, алт,мөнгө олныг авсан. Байлдааны самбо гэхээр зэвсэггүйгээр биеэ болон бусдыг хамгаалах зорилготой нэг төрлийн спорт. Өчдөг, цохьдог, накаутанд оруулдаг, нэлээд хөгжсөн спортын төрөл.

-Монгол Улсын гавьяат тамирчин цолыг хэдэн онд хүртсэн бэ? Өнөөдрийн тухайд амжилт гаргасан спортоороо цагдаагийнхныг дасгалжуулж байна уу?

-2011 онд Монгол Улсын гавьяат тамирчин цолыг хүртсэн. Цагдаагийн албан хаагчдаа тусгай бэлтгэл хийлгэх, байлдааны самбо заах, гэмт хэрэгтэй зэвсэггүйгээр хэрхэн тэмцэх зэрэг хичээл, бэлтгэл сургуулилтыг хийж, өдий хүртэл ажиллаж явна. Мөн Спортын төв ордон дээр самбо, жудогийн секц, дугуйлан хичээллүүлж, хойч үеэ бэлдэж байна.

-Төрийн цагдаа болоод тамирчин хүний хувьд Та хэр шүтлэгтэй вэ? -Төрийн сүлдэндээ мөргөнө. Уул хангай, өсөж төрсөн нутагтаа залбирна,ижий aaваа шүтнэ. Би аав, ээжийнхээ өмнөөс муухай ч харж үзээгүй.Тийм ч учраас тэдний маань буян хишиг намайг ивээж явдаг гэж сүслэж явдаг даа. -Таныг их нутаг амьтай хүн гэх. Аав, ээж,төрөлх нутаг усныхаа тухай товч мэдээлэл өгөөч?

-Миний өсч төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум. Өвөг дээдсээсээ нутагласан Өндөр Цахир хайрханыхаа өврөөс өдий зэрэгт хүрсэн хүн дээ. Цаг үе хэцүү байх үед аав, ээж минь нууцаар Цахир хайрханаа тахьдаг байж.Тэгээд намайг уул усаа тахиж шүтэж явахыг захиж билээ. Энэ сургаалийн дагуу би 2008 оноос хойш уул усаа өөрийн ах дүүс, төрөл төрөгсөд, зон олонтойгоо хамт тахьсаар ирсэн. Энэ жил зургадугаар сарын 21-ний өдөр тахина. Миний аав эмийн ургамал түүдэг, түүгээрээ ард олондоо ач тус хүргэдэг хүн байсан.

Өнөөдөр миний эрүүл саруул, хүч тэнхээтэй байгаа нь аавын минь ач тус гэж боддог шүү. Миний ээж “Зоной ээж” гэж нэртэй орсон гарсанд ундтай устай юу байгаагаараа дайлж цайлсан сайхан хүн байлаа. Ээж, аав минь бурхны орноос үнэхээр хардаг бол захиас сургаалийг нь дагаж, биелүүлж, зөв сайхан амьдарч байгааг минь харж сэтгэл нь амар тайван байдаг байх даа гэж бодох юм даа.

Т.Сар-Уул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай