Шинэ төмөр замын хэргийг замхруулагсад 1000 вагоны хэрэг гээчийг дэвэргэж байна

2018-06-07 08:13      ГэрэгМН

Шинэ төмөр замын дуулианыг УБТЗ-ын 1000 вагон гээчээр дарахаар оролдож эхлэв бололтой.

Сүүлийн хоёр гурав хоногт Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд тавих шинэ төмөр замтай холбоотой хэргийн талаарх шуугиан хүчээ авсан. Тухайлахад уг төмөр замыг тавих гэрээ байгуулан ажиллаж байсан БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компаний захирал Ли Жон Ёл, “Соён инженеринг” компанид зургийн инженерээр ажиллаж байсан Гу Ду Хёон нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүсэн.

Шүүх бүрэлдэхүүн төмөр зам тавих зургийг дахин хийж мөнгө завшсан хэрэгт холбогдсон Гу Ду Хёоны үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Ли Жон Ёлыг эд хөрөнгө завшиж, залилан мэхэлсэн хэрэгт гэм буруутайд тооцон 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэх шийдвэр гаргасан. Үүнийг дагаад сошиалд болон нийгэмд асар их бухимдал бий болоод байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой уг хэрэгт холбогдогсод ийнхүү нэг бол хэрэгт холбогдолгүй болж, нэг бол өчүүхэн мөнгөөр торгуулаад зарим нь бүр интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа ч усанд хаясан чулуу шиг болоод буй.

Тэгвэл энэхүү Шинэ төмөр зам тавих гээд луйвардсан хэргийг дарахын тулд УБТЗ нийгэмлэгийн удирдлагыг 1000 хуучин вагоныг 26 тэрбумаар худалдан авсан хэмээх шуугианыг  хүчийг нь авахуулж байх шиг.

Адилхан төмөр замтай холбоотой хэрэг учраас хүмүүс аль алиныг нь адилхан л том луйвар гэж ойлгоно. Гэвч өмнөх том луйврын талаарх мэдээг дарахын тулд дараагийн “жижиг” луйврын талаарх мэдээг сэвж эхэллээ.

Учрыг ойлгуулахын тулд 1000 вагоны хэрэг гээч юу болох талаар өгүүлье.

Тус вагонуудыг зуучлагч “Доминикан” хэмээх компани нь оффшор бүсэд бүртгэлтэй, олон улсын худалдааны, техник нийлүүлэгч компани юм. Тус компанитай гэрээ байгуулж Монгол улсад 977 вагон нийлүүлэхээс одоогийн байдлаар 500 гаруй нь ирсэн аж. Манай улсад орж ирсэн дээрх 500 гаруй вагоны 50 нь ашиглах боломжгүй болж ачааны тэвш буюу гүүзүү нь мурийсан, гажсан байдаг аж.

1000 вагоны зарим нь ашиглах боломжгүй,ачааны тэвш буюу гүүзүү нь мурийсан, гажсан аж. Энэ нь Зам тээврийн сайдын 2014 онд баталсан журмын заалтуудыг ноцтой зөрчжээ. 

Уг журмын заалтын  1.4.4. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын “Олон Улсын харилцааны ачааны вагон эдэлгээний дүрэм” /АВЭД/, 1.5.6. “Төмөр замын ачааны вагон. Техникийн ерөнхий шаардлага” MNS 6276:2011; 1.5.9. “Ачилт буулгалт ба сэлгээний ажлын үед вагоны бүрэн бүтэн байдлыг хангах ерөнхий шаардлага”  MNS 3084:2013-ыг тус тус хангаагүй бөгөөд 4.1.3. Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын хугацаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон хугацааны 1/3 /гуравны нэг/-ээс хэтрэхгүй байх гэсэн журмын заалтыг тус тус ноцтой зөрчсөн гэнэ.

Шинэ вагон 50-60 мянган ам.доллар байдаг бол энэ авсан гээд байгаа хуучин вагонуудыг 9-11 мянган ам.доллараар авсан гэж УБТЗ нийгэмлэгийн дарга  Д.Жигжиднямаа ярьжээ. Мөн түүнийг энэхүү 1000 вагоны асуудлаар АТГ-аас шалгаж байгаа. Оруулж ирсэн 5ҮҮ гаруй вагон монгол төгрөгөөр 26 тэрбумын өртөгтэй болсон хэмээнэ.

Үнэндээ Оросоос авсан тэр 1000 вагоны хэрэг гээчид Зам тээврийн сайд асан Д.Ганбат нь буруутай юм уу, тэр үед ч одоо ч УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны Монголын талын дарга Б.Цогтгэрэл, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нар буруутай юу гэдгийг хууль хяналтынхан тогтоогоогүй  байна. Ийм байтал нийгэм, нийгэм ч гэж дээ сошиалаар шуугиад байгаагаас харвал улстөрийн томоохон зорилготой нь төвөггүй ойлгогдож байна.

Гэтэл өчигдөр Зам тээврийн өмнөх сайд Д.Ганбат ч, одоогийн сайд Ж.Бат-Эрдэнэ ч хэвлэлээр энэхүү 1000 вагоны асуудлыг ярьсан.

Сайд асан Д.Ганбатын хувьд “Б.Цогтгэрэл, Д.Жигжиднямаа нар миний өгсөн үүргийг хармаагаа зузаатгах бизнес болгочихож” гэжээ.Харин одоогийн сайд Ж.Бат-Эрдэнэ нь  хуучин вагон орж ирснийг зөвшөөрөөд тэр байтугай сайдын гаргасан журмыг зөрчсөн гэж ярив.

Гэхдээ ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ "Дэд сайд  Б.Цогтгэрэл 1000 вагон авсан асуудалд хамааралгүй гэснээ эргээд УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны Монголын талын дарга учраас хариуцлага хүлээх ёстой" гэж хоёр үзүүртэй  зүйл ярьсан байна.

Тэгвэл энэ 26 тэрбум төгрөгийг шинэ төмөр замыг барих 280 сая ам.доллартай харьцуулахад зүгээр л чихрийн цаас. Луйвар нь луйвар байх л даа. Гэхдээ  280 сая ам.долларын дэргэд юу юм бэ?

 280 сая ам.доллар хийсэн гэх шороон овоолго нь хэдэн жил үхмэл хөрөнгө болон хэвтэж байгаа бол 26 тэрбум төгрөгөөр авсан вагонууд нь бүгд биш юм гэхэд ихэнх нь ачаа тээвэрт явж УБТЗ-ын орлогыг нэмэгдүүлж байгаа.

 Тэгэхээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн шинэ төмөр замтай холбоотойгоор үүссэн хэргийг замхруулж тэр нь дуулиан шуугиан болох сацуу хэрэг нь шалгагдаж байгаа 1000 вагоны хэрэг гэгчийг дэвэргэн босгож ирж байгаа нь нэгийг нөгөөгөөр дарж шуугианыг өөрсдөөсөө холдуулдаг арга барилтай нөхдүүдийн хийдэг ажил  болохыг төвөггүй харж болохоор байна. Мөн 1000 вагоны хэрэгт холбогдоод байгаа Д.Жигжиднямаа, Б.Цогтгэрэл нарыг цагдаа, АТГ зэрэг хуулийн байгууллагууд шалгаад үнэхээр мөнгө угааж, шамшигдуулсан эсэхийг нь тогтоогоод буруутай бол бурууг нь хүлээлгэх биз ээ.

Г.Самбаа

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх