Монголчууд хэзээ мөхөх вэ:Зуун жилийн дараа...

2018-06-06 23:13      Түдэв

Монголчууд,тэр тусмаа өнөөгийн  Монгол (БНМАУ) улсын нутаг дэвсгэр дээр аж төрж буй монголчуудыг ойрын зуун жилд үгүй болно гэж Өрнөдийн нэгэн монголч эрдэмтэн айлдсан юм. Тэрээр далдыг харагч юм уу, зөгнөлт зохиолч биш. Харин юм юманд  нухацтай ханддаг түүхч эрдэмтэн хүн. Тэгвэл оргүй худал юм хэлээгүй баймаар даа. Ганцхан 100 жилийн насыг бидэнд хэн юуны учир өгөв?

“Нүүдэлчин ардын хүүхэд өрсөлдөгч соёлтнуудад уусан алга болно. Ингэж аж төрөхийн нэгэн түүхэн хэлбэр манай үед алга болж байна” гэж Английн нэрт монголч эрдэмтэн Р.А.Рупен саяхаан бичсэн(тавиад онд) “Монголын үндсэрхэг үзэл” номондоо цохон хэлсэн үг нь түүнээс “Монголчууд зуун жилийн дараа үгүй болно” гэсэн дүгнэлт гарах гол үндэслэл нь болсон бололтой. Түүний үгийн гол утга бол нүүдэлчдийн соёл иргэншил нь аажмаар суурин соёл иргэншилд уусах замаар талийж одохыг хэлсэн ажээ. Үүнд үнэний тал бий. Яагаад гэх хүн цөөн биз ээ.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын гудамжаар ийш тийш сониучлан хараад алхаж яваа гадаадын ямар ч жуулчнаас сэтгэгдлийг нь асуухад “Өө ердөө л Европын аль нэгэн улсын жижигхэн хотоос ялгах юм алга” гэж хариулдаг.

Үгүй гэж үг сөрөх арга байхгүй, засаг төрийн ордны нь чанх үүдийг таглаад л яг л Кремлийнх шиг хар, улаан чулуугаар өнгөлсөн дөрвөлжин бунхан байдаг. Орон сууцны хорооллоор ороход Москвагийн Шинэ Черемушкийн аль нэг сууцанд орж байгаа юм шиг л санагддаг. Айлын хаалганы цоож түлхүүр нь ч ижил байдаг. Ёстой л өнөөх алдартай кинонд Москва дахь сууцныхаа түлхүүрээр Ленинград дахь орон сууцанд андуураад орчихдог тухай гардгийн үлгэр давтагдаж мэдэхээр...

Улаанбаатарын гудамжаар алхаж яваа залуучуудын зөвхөн навчгар хамар, хар үсээр нь л монгол гэж танихаар. Тэдний гутал, хүрэм, малгай, өмд, цамц, зангиа, ер нь юм бүгд нь цөм гадаадынх... Амнаас гардаг таван үгний нь гурав дөрөв нь мөн л гадаадынх.

-Улсын драмын чиатрын билетийн кааснаас компанийнхаа броокэрт боонд авна гээд ярьж явна. Түүний амнаас гарсан 9 үгний хоёрхон нь монгол үг.

Мөдхөн “авна” гэдэг нь хаягдаад ганцхан “улсын” гэдэг үг үлдэнэ. Тэр нь л бүү гээгдээсэй дээ гэж залбиртугай. Буриадууд тэр үгийг хаяад “республикийн” гэдэг болчихсон. Өвөрлөгч нар дотор “го” гэж гоншигнох дуртай хүн ч цөөнгүй. Халимагууд харин саяхнаас “тангач” гэцгээж ахин хэлд орж байна.

“Хэл, хил, мал гурвынхаа төлөө тэмцье” гэж ойрдоо Монголын радио яруу найрагчийн үгээр дуугардаг болжээ. Гэвч эхний хоёр нь дайвар үг төдий үлдээд “малын” төлөө голдуу л бид өөрөө өөрсөдтэйгөө тулалдсаар л байна. Малгүй болчихвол монгол хөөрхийлөлтэй нь үнээн. Өөр амь зуулга байхгүй. Хилгүй болчихвол Монголын бие нь үгүй болно. Хэлгүй болчихвол Монголын сүнс нь үгүй болно. Үүнийг л тавиад жилийн тэртээд эрдэмтэн Роберт Рупен олж хараад бичжээ. Бичсэнийг нь монголчууд өөрсдөө хүлээж аваагүй. Учир нь тэр үед “өвчний шинж тэмдэг” бүдэгхэн байсан. Өвчин болчихно ч гэж бодоогүй. Харин ч өрнөдийн соёл иргэншлээс суралцахад саад тотгор тавих гэлээ гэж дургүйцсан. Үүнд ч буруу юм байгаагүй. Гэхдээ давс ихэдвэл хоол хор болдог ёсон бий.

Яагаад эрдэмтэн Рупен Монголыг НҮБ-д элсээгүй байх цагт ирээдүйг нь зуун жилийн орон цагаар хэмжих болсныг нь одоо түүний 1958 онд хэвлүүлсэн номноос товчхон сийрүүлье.

“Монголын ирээдүйн асуудал Хятад, Зөвлөлтийн хоорондын харьцааны ерөнхий чиг шугамаас ихээхэн хамаарах юм. Үүнд таван нөхцөл байж болохыг авч үзье” гэж уул хэсгээ эхлээд Рупен цааш бичсэн нь:

Гадаад Монгол улс Хятад руу буцан шилжиж магадгүй болох нь:

а) 1936 онд Эдгар Сноу Мао Цзе-дунаас интервью авахад: Хятадад ардын хувьсгал ялах цагт Гадаад монгол өөрөө хүслээрээ Хятадын холбооны нэг хэсэг болж орно” гэжээ. 1944 онд Май Цзе-дун үүнийгээ Гюнтэр Штейнд давтан хэлжээ.

Б) Коммунист Хятадын газрын зурагт БНМАУ-ын хойд хилийг зааглаагүй, харин Зөвлөлт БНМАУ-ын хилийг тод харуулж Хятад, БНМАУ-ын хилийг заагаагүй байна.

В) Хятад, БНМАУ-ын хооронд худалдааны ажил сэргэн жил бүр өсч буй.

Г) Гадаад монголд цөөн орос суудаг атал хятад иргээд бөөн бөөнөөр нүүж ирсээр байна.

Дотоод ба Гадаад монгол хоёуланд нь Орос ноёрхож магадгүй болох нь:

А) Хуучин оросууд (1925 ба 1945 онд) панмонголизмыг хүлээн хүлцэж байснаас үзэхэд иймэрхүү зүйл тохиож магадгүй.

Б)Дотоод монголын хэл бичигт хийсэн өөрчлөлт нь үүнээс өмнө Гадаад монголд Зөвлөлтөөс хийсэн кирилл бичиг хэрэглэх өөрчлөлтөд үндэслэв.

В)Дотоод Монгол дахь Цининг хүртэл трансМонголын шинэ төмөр зам нь Оросын мэдэлд юм.

Дотоод Монгол Хятадын,Гадаад Монгол Оросын нөлөөллийн хүрээнд хэвээр байж болох нь:

А)Дотоод ба Гадаад Монгол XX зууны ихэнх үед тусгаар салангид байсан.

Б)Дотоод Монголын автономит мужийг Хятадын Коммунист намын монголчууд удирдаж байсан болохоос  Гадаад Монголын коммунистууд толгойлж байгаагүй.

В)Коммунист Хятад улс Гадаад Монгол Улсыг хүлээн зөвшөөрч,Улаанбаатарт Элчин сайдаа суулгаж байна.

Г)Зарим өндөр мэргэжилтэй туршлагатай орос мэргэжилтнүүд: Хятадын Дотоод Монголыг, Орос Гадаад Монголыг хөгжүүлнэ гэдэг байна.

Д)Дотоод Монголд Хятад иргэдийн тоо монгол иргэдийнхийг маш их хэмжээгээр давж байна.

Е)БНМАУ-ыг ЗХУ-д хураамжлахыг Орос оролдвол Хятад улс нэлээд сайн эсэргүүцнэ байх

В) Коммунист Хятад улс Гадаад монгол улсыг хүлээн зөвшөөрч Улаанбаатарт элчин сайдаа суулгаж байна.

Г) Зарим өндөр мэргэжилтэй, туршлагатай орос мэргэжилтнүүд, Хятад Дотоод монголыг, Орос Гадаад монголыг хөгжүүлнэ гэдэг байна.

Д) Дотоод монголд хятад иргэдийн тоо монгол иргэдийнхийг маш их хэмжээгээр давж байна.

Е) БНМАУ-ыг ЗХУ-д хураамжлахыг Орос оролдвол Хятад улс нэлээд сайн эсэргүүцнэ байх.

БНМАУ-ыг ЗХУ-д нэгтгэн хураамжилж болох тухайд :

А) Хорин жилийн туршид “Бүгд Найрамдах” гэж байгаад Зөвлөлт Холбоот Улсад хураамжлагдсан Тагна Тувагийн жишээ монголд мөн тийм хувь заяа тохиолдож магадгүй гэж бодогдуулна.

Б) Монголын коммунист нам улсаа жолоодож байгаа ба БНМАУ-ын албан үйлс ЗХУ-тай гайхмаар ижилхэн тохирч байх юм.

В) Зөвлөлтийн нөлөө хараан дор 37 жил байж коминтерний удирдлагад захирагдаж байгаагаас үзэхэд Монголын биеэ даасан байдал тун хэлбэрийн төдий юм.

Монголын биеэ даасан байдал ихсэж болох нь:

А) Монгол улс Хятад, Орос хоёрын хооронд яс хаяж хэрэлдүүлэн ашиг олж чадах бололцоотой юм.

Б) Боловсрол нөхцөлөө дээшлүүлж орчин нөхцөлөө хянаж чадах болсон нь монголчуудад өөрсдөө ажил хэргээ явуулах боломжийг нэмэгдүүлж байна.

В) Төвлөрсөн засаг захиргаа ба улс төрийн хяналттай байгаа нь Улаанбаатар дахь Засгийн газраас гаргасан шийдвэрээ биелүүлэх бүрэн бололцоотой болгож байна.

Г) Цөөн тооны Орос тус улсад сууна. Гадаад Монголын Засгийн газар хятад иргэнийг захирч хянаж байдаг бололтой юм.

Д) БНМАУ-ын Засгийн газар монголчуудаас бүрдсэн ба эдний зарим нь жинхэнэ монгол эх оронч үзэлтэн болох нь гарцаагүй байна.

НҮБ-д Монгол гишүүнээр элсэхийн сайн талууд:

А) Монголын национализм нь занал сүрдүүлэгт орж хавчигдан шахагдаж байсан боловч олон улсаас түүнийг хүлээн зөвшөөрч болох гавьяатай бодит үнэн зүйл юм.

Б) НҮБ-аас Монголыг хүлээн зөвшөөрөх нь түүнээс өөрийн өвөрмөц тусгаар биеэ даасан байдлаа хадгалахад нь тусалж үндэсний хэлбэрээ алдан түүгээр ч үл барам түүхий хогийн саванд хаягдахаас аварч болох талтай.

В) Монголчууд нь коммунист бус орон ба ард түмэнтэй, үүн дотроо  Өрнөдийн оронтой холбоотой байхыг ямар ч эргэлзээгүй хүсэж байна.

Г)Тэд үйл хэрэг, хөгжлийн асуудлыг хязгаарлагдмал боловч нэлээд хэмжээгээр өөрсдөө барьж байна.

Д) Монголыг ЗХУ-д хураамжлан нэгтгэх эсэх асуудлыг Орос цэгнэн үзэж байгаа энэ үед БНМАУ-ын НҮБ-ын гишүүн болох асуудал нь Орост муугаар нөлөөлж болох юм.   Хэрэв НҮБ-д орвол ядаж цөөн тооны монгол төмөр хөшигнөөс гаран дэлхийг үзэж, түүний амьдргалыг мэдэх юм. 

  НҮБ-ийн гишүүнд элсэхийн саар талууд:

А) БНМАУ НҮБ-д орсон ч өөрөө биеэ даасан байж чадахгүй,одоогоор болон ойрын  ирээдүйд Ерөнхий ассамблей дээр ЗХУ-тай дуу нийлүүлж байх болно.

Б)Тус улсын Засгийн газарт  шилж сонгогдсон хүмүүс биш гагцхүү дурамжхан бөгөөд хүлцэнгүй ард иргэдийг удирдан суугаа сонгомол (элит) бүлэг этгээдүүд ордог болно.

В) Үндэсний Хятад(формоза) нь БНМАУ-ыг НҮБ-д орохыг яриангүй эсэргүүцнэ.

Г) АНУ нь Монголыг НҮБ-д оруулахыг дэмжвэл бодлоо өөрчилсөн болж коммунистууд үүнийг “бууж өгсөн” гэж тайлбарлах болно гэжээ.

Монголын ойрын ирээдүйг 1958 оны 4,7,10 дугаар саруудад Их Британий Вангийн нэрэмжит Төв Азийн сэтгүүд хэвлүүлсэн “Монголын үндсэрхэг үзэл” бүтээлдээ Роберт Рупен ингэж бичсэнийг бага зэрэг товчилсон чөлөөт орчуулгаар дээр иш татлаа. Энэ бүхэн тэр л маягаараа өнөөг хүртэл үргэлжилсан бол Рупений тооцоо онох ч байсан байж болно. Гэвч үйл явдал өөрөөр эргэж монголчууд 1961 онд НҮБ-д элссэн юм. Улмаар 1990 онд ардчилал, зах зээлийн эдийн засгийн замыг сонгож авсан билээ. Гэвч эрдэмтэн Рупений санамжаас нэлээд зүйл түүний хэлснээр буюу түүнээс ч долоон дор байдлаар давтагдсаар байгааг анзаарахгүй юм бол түүний таамаглалын хугацааны бараг тал хувь нь өнгөрчихөөд байгаа ажээ.

Үлдсэн хагас зуун жилд монголчууд биеэ шинжиж, төрөө засах тун ч их ажил үлдээд байгаа юм биш үү! Болгоогтун!

Л.Түдэв




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх