Монгол эмийн ургамал хунчирыг урд хөршид гаргасаар байгаад ургахаа больжээ

2018-06-06 17:34      gereg

Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай хэт дулаарал, бэлчээрийн даац хэтэрсэн мал аж ахуйн байдал, уул уурхайгаас аваад газар тариалан хүртлэх аж ахуйн үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс болж манай улсад ургамлын төрөл зүйл, түүний нөөц бүхий олон янз байдал хомсдож устах аюулд ороод байна.

Дээр нь эм, хүнс, гоо сайхны бэлдмэл үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, компаниуд олширч энэ талын үйлдвэрлэл гадаад, дотоодод өргөжиж байгаагаас ургамлыг, тэр дундаа ховор ургамлыг их хэмжээгээр түүн бэлтгэж хууль бусаар гаргах явдал элбэгшсэн.

Гол нь манайд түүхий эдээр бэлтгэж буй ургамалдаа нөхөн сэргээлт хийдэггүй. Дүгнэж хэлэхэд Монголд ургамлын аймгийг хамгаалах байдал орхигдсоноос ургамлын нөөц устах аюулд ороод байгааг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болсон “Ургамал оршихуйд амьдрал оршино” сэдэвт онол-практикийн бага хуралд оролцсон мэргэжилтнүүд онцолж байв.

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн Г.Оюунгэрэлийн хэлснээр Монголд социализмын үед тэр үеийн ЗХУ, Монголын эрдэмтдийн хамтарсан суурин экспедиц гарч манай улсын ургамлын нөөц, тархацыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож байснаас хойш нөөц тогтоох ажил үндсэндээ зогсож.

Жишээ нь, аливаа улс орон олон улсын конвенцийн дагуу ховор ургамлынхаа 60 хувийг ургамлын санд авах үүрэг хүлээдэгээс манай улсад одоогийн байдлаар ховор ургамлынхаа 10-хан хувийг л генфонддоо бүртгээд байна. Иймд ургамлын төрөл зүйлийг хамгаалах, нөөцийн хомсдлоос сэргийлэх, зохистой ашиглаж үр ашгийг нэмэгдүүлэх шинжлэх ухааны үндэслэлийг төр, засгийн бодлогод тусгах нь чухал байгааг хуралд оролцогчид тэмдэглэж байлаа.

Ургамлын төрөл зүйл ховордож устаж байгаагийн жишээнд хунчир орж байна. Хүний тамир тэнхээг сайжруулж шархыг эдгээж хлостринийг бууруулдаг олон талын ач холбогдолтой уг ургамлыг урьд хөрш рүү гаргасаар байгаад одоо Монголд нэгэнтээ ургахаа байжээ.

Гэхдээ хувийн хэвшлийн “Астра рүүд” компани энэ ургамлыг эх орондоо тарьж ургуулж байгаа таатай мэдээг тариаланч Л.Энхбат хуралд оролцогчдод дуулгасан юм. Дээрх компани Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт 230 га газарт хунчир тариалж ховордож устаад байгаа байгалийн ургамлын нөөцийг нэмэгдүүлж байна.

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх