Пакистаны төмөр хатагтай Муниба Мазари:Чи өөрийнхөө амьдралын баатар

2018-06-05 21:37      ГэрэгМН

 Пакистаны төмөр хатагтай хэмээн алдаршсан Муниба Мазари 1987 оны гуравдугаар сарын 3-нд мэндэлжээ. Тэрбээр зураач, тэргэнцэртэй загвар өмсөгч, дуучин, телевизийн нэвтрүүлэгч зэрэг олон төрлийн авьяастай нэгэн. Түүний сэтгэл хөдөлгөм түүхийг бид энэ удаад танилцуулж байна. Муниба Мазари бусад пакистан эмэгтэйчүүдийн адил бага насандаа буюу 18-тайдаа нөхөрт гарсан байна. Тэрбээр энэ тухайгаа “Хором бүрт амьдар” хэмээх алдарт илтгэлдээ олон нийтэд ийнхүү дэлгэрэнгүй ярьсан юм.

“Би 18 настайдаа гэрлэсэн. Би их хуучны хатуу гэр бүлд өссөн. Сайн охин байхын тулд би хэзээ ч эцэг, эхдээ үгүй гэж хэлж байгаагүй. Нэг удаа аав минь намайг хүнтэй суухыг хүссэн. Хэрвээ энэ нь түүнийг жаргалтай байлгах зүйл мөн юм бол би тэгье гэсэн. Мэдээж энэ гэрлэлт аз жаргалтай байгаагүй. Гэрлээд хоёр жил болсны дараа би автомашины осолд орсон.

Машин маань жалганд унасан.Нөхөр маань машинаас үсэрч өөрийгөө аварч чадсан. Би үүнд нь үнэхээр их баярладаг. Би харин машин дотор байсан. Энд дурдах юм бол маш урт жагсаалт гарахаар тийм хүндээр би шархадсан. Миний баруун гарны шуу, бугуйн яс цуурсан. Мөн мөр, эгэмний яс цуурч, цээжний яснууд хугарсан. Энэ бүх өвдөлтүүд намайг миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. Маш олон аврах багийн хүмүүс ирж, намайг хүчилтөрөгчид оруулсан. Бие минь нугасны мэдээ алдалтаас болж, бүтэн ухаангүй байсан.

Эмнэлэгт өнгөрүүлсэн хоёр жилийн хугацаа бол надад үхэл мэт аймшигтай хүнд үе байв. Тэгэхэд би цөхөрлийн хязгаарт байсан.

Нэг өдөр эмч над дээр ирээд “За тэгэхээр чамайг зураач болохыг хүсдэг гэж сонссон. Гэхдээ чиний гэрийн эзэгтэй байх амьдрал дуусч байна. Бас чи дахин зурж чадахгүй гэдэг муу мэдээг дуулгах боллоо” гэсэн.

Дараагийн өдөр эмч над дээр ирээд “Нурууны гол яс чинь үнэхээр муу байна. Чи дахиж алхаж чадахгүй” гэсэн. Би гүнзгий амьгаа авч энэ бүхэнтэй эвлэрч эхэлсэн. Дараагийн өдөр мөн эмч над дээр ирээд “Чиний сээр ясны чинь цууралт, нурууны бэхжилтээс болоод чи хүүхэд төрүүлж чадахгүй болсон” гэв. Энэ мэдээ намайг сүйрүүлсэн. Тэр өдрөөс эхэлж би өөрөөсөө “Би ингэж амьдарч яах юм бэ?” гэж асуух болсон. Ийм байдалтайгаар явж байгаад би ахтайгаа нэг өдөр ярилцсан. “Би өөрийгөө эрэмдэг гартайгаа мэднэ. Гэхдээ би энэ эмнэлгийн цагаан хана, цагаан өнгийн хувцастай хүмүүс, цагаан өнгөнөөс үнэхээр залхаж байна. Надад өөр өнгө өгөөч, зурж болох  жижиг зүйл өгөөч.

Тэгээд би зурахыг хүсч байна” хэмээн  ахаасаа хүссэн.

Тэгээд л би нэг өдөр хамгийн анхныхаа зургийг  өөрийнхөө үхлийн орон дээр байхдаа зурсан. Энэ нь надад үнэхээр гайхалтай эмчилгээ болсон.

Ямар ч гунигтай үгс байхгүйгээр би өөрийнхөө зүрх сэтгэлийг ил гарган зурсан. Би энэ түүхээ хүмүүстэй хуваалцах хэрэгтэй байсан. Хүмүүст зураг зурах ямар гайхалтай. Амьдрал ямар олон өнгөтэйг ойлгуулмаар байсан. Тэр бол миний айдастайгаа тэмцэх тэмцэл. Би бүх айдсаа нэг нэгээр нь бичсэн. Мөн би нэг л өдөр энэ бүхнийг ялан дийлнэ гэж итгэсэн. Миний хамгийн том айдас юу байсан гэж бодож байна? Энэ бол салалт.

Энэ бол юу ч биш, зүгээр л миний айдас гэж шийдсэн тэр өдөр би түүнийг нөхрөөсөө салснаар өөрийгөө эрх чөлөөтэй болгосон юм.  

Түүнийг хүнтэй гэрлэж байгаа мэдээг сонссон тэр өдөр би өөрийн сэтгэл зүйгээ маш хүчтэй болгож, түүнд захидал бичсэн. “Би маш баяртай байна. Чамд сайн сайхныг хүсье” гэж бичсэн. Тэр одоо намайг өөрийнх нь төлөө залбирч байгааг мэднэ.

Дараачийн айдас минь ээж болж чадахгүй байдал минь байлаа. Энэ асуудал намайг тэр чигтээ шаналгаж байсан. Дараа нь би тайвширсан.

Энэ дэлхий дээр хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг маш олон хүүхэд бий. Тэгэхээр уйлах шаардлага байхгүй. Зүгээр явж очоод тэдний нэгийг үрчилж ав гэж өөртөө хэлсэн.

Тэгээд би үүнийг хийсэн. Би олон хүмүүнлэгийн байгууллага, асрамжийн газарт хүсэлтээ өгсөн. Тэгээд тэвчээртэйгээр хүлээсэн. Хоёр жилийн дараа Пакистанд байдаг маш жижигхэн хотоос надад дуудлага ирсэн. Утсаа авсан чинь “Муниба Мазари юу. Энд нэг бяцхан хүү байна. Та үрчилж авах уу гэсэн” энэ мөчид би яг л төрөлтийн өвдөлтийг мэдрэх шиг болсон. Тэгээд би тийм ээ тийм. Би түүнийг үрчилж авах болно. Би гэртээ авчирна гэж хариулсан. Тэр өдөр хүү маань хоёр сартай байсан.

Юу гээч тэргэнцэр дээрээс өндийхөд юу хамгийн их өвддөг гээч. Энгийн хүмүүс өөрсдийгөө хөгжлийн бэрхшээлтэй хүнээс илүү гэж үзэж, тэднийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал юм. Тэгээд би энэ тухай олон нийтэд илүү илэрхийлье гэж зорьсон. Ингээд би зурж эхэлсэн. Мөн Пакистаны үндэсний телевизийн нэвтрүүлэгт тэргэнцэртэйгээ орохоор шийдсэн.

Хэрвээ чи явах ёстой замаа хүлээн зөвшөөрвөл хорвоо ертөнц чамайг шагнана. Амьдралд олон гайхамшигтай зүйл бидэнд бий. Энэ бол миний төлөвлөгөө.

Миний төлөвлөснөөр л явах ёстой. Хэрэв үүгээр нь болохгүй бол бид бууж өгдөг. Би хэзээ ч тэргэнцэр дээр суудаг болохыг хүсээгүй. Тэргэнцэрийн тухай бодож ч байгаагүй. Энэ амьдрал бол сорил шалгалт. Шалгалт хэзээ ч амархан байдаггүй шүү дээ. Тиймээс амьдрал чамд лемон өгвөл чи түүнийг лемонтой ундаа болгож хувирга гэдэг. Амьдралаас ирж буй зүйлийг хөнгөвчилж хүлээж ав. Түүнээс биш амьдралыг буруутгаж болохгүй. Айж болно. Энэ зүгээр. Уйлж болно. Энэ зүгээр. Бүх зүйл зүгээр. Гагцхүү бууж өгөх бодол огт байж болохгүй юм шүү.

Хүмүүс алдаа гаргаж болохгүй гэж үргэлж хэлдэг. Харин би хувьдаа алдааг байх ёстой гэж боддог. Алдаж байж бид онодог, бас босдог. Амьдарч байгаа хором бүртээ, газар бүртээ амьд яваадаа таларх. Амьдар. Үхлээсээ өмнө битгий үх.  Жинхэнэ аз жаргал гэдэг талархалд бий. Тэгээд үнэхээр гоё бай. Амьд бай. Хором бүр амьдар хэмээсэн юм. Түүний энэхүү илтгэл олон мянган хүний сэтгэл зүрхэнд оч бадраасан.

Муниба Мазари Пакистан улсаас НҮБ-ын сайн санааны элч болсон хамгийн анхны хүн юм. Тэрбээр 2008 онд авто осолд орж, амьдрал нь орвонгоороо эргэсэн ч бүх зүйлийг хүлээж авч дотоод ертөнцдөө амьдарч босч шинэ бүхнийг эхлүүлж урьд өмнөхөөсөө ч илүү үнэ цэнэтэй оршин буй.

Түүний амьдралын түүхтэй танилцсан хүн бүхэн чухам яагаад Төмөр хатагтай хэмээн нэрийдсэн гэдгийг ойлгож, амьдрах урам зориг авдаг.  Муниба Мазари хүүхэд төрүүлж чадахгүйдээ гутарч гунихын оронд амьдралынхаа учтга учир болсон бяцхан Наэл хүүг үрчлэн авсан нь өдгөө долоон нас хүрч буй юм. Тэрбээр уран бүтээлдээ улаан, алтан шар, цэнхэр өнгө ихээхэн ашигладаг. Энэ нь түүний өөдрөг байхыг хүсч тэмүүлж буйн илрэл мэт. Мөн алаг эрээн цэцэгсийг бүтээлдээ тод томруунаар тусган харуулдаг. Хэдийгээр түүний бүтээлдээ дүрсэлж буй эмэгтэйчүүд  зарим талаараа эрэмдэг сул дорой харагдах авч зургийн өнгө бас өөр нэгэн зүйлийг илтгэх мэт.

Муниба Мазари нь "Форбес" сэтгүүлээс гаргадаг 30 хүртэлх насны шилдэг 30 залуугийн жагсаалтад багтаж байсан юм. Түүний хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагыг та бүхэндээ орчуулан хүргэж байна.

-Хүмүүс таныг хараад урам зориг өгөгч гэж дуудахад ямар санагддаг вэ?

-Мэдээж тааламжтай байдаг. Гэхдээ яагаад би гэж би заримдаа асуудаг. Намайг тэргэнцэртэй эмэгтэй болохоор уу, эсвэл би тэдэнд урам зориг өгөх юу хийсэн билээ гэж боддог.

-Та бусдад урам зориг өгөх хүч чадалтай гэдгээ хэзээ мэдсэн бэ?

-Би анх удаа олны өмнө илтгэл тавьсан юм. Миний илтгэл дууссаны дараа нэгэн охин над дээр ирээд намайг тэврэхийг хүссэн. Тэгээд надад “Таны 10 минутын илтгэл миний амьдралын тулгамдаад байсан 10 асуудлыг шийдвэрлэчихлээ. Одоо би энэ бүх асуудлыг мартсан” гэж хэлсэн. Тэр үед л би надаас гарах үг хүмүүст тусалж чадах юм байна гэдгийг ойлгосон.

-Хүмүүстэй түүхээ хуваалцах хэцүү байсан уу?

-Өөрийн түүхээ бусадтай хуваалцаж, тэдэнд урам зориг өгөхийн тулд би тэр аймшигт ослын дараа юу тохиолдсоныг эргэцүүлэн бодох хэрэгтэй болдог. Уг ярианы дараа эдгэрэх цаг хугацаа шаардагддаг ч би өвдөлтөөрөө дамжуулан бусдад туслахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Хэрэв би өөрийнхөө түүхийг хуваалцаж, нэг хүний  амьдралыг өөрчилж чадаж байвал ажлаа бүрэн гүйцэт хийсэн гэсэн үг.

-Таны илтгэлийг олон хүн сонсоход танд ямар санагддаг вэ?

- Дэлхий даяар хүмүүс миний хэлэхийг сонсдог учраас би баяртай байдаг. Хэрэв хэн нэгэн нь өвдөж зовж байгаа бол миний илтгэлээс ямар нэг тайвшрал, урам зоригийг олно гэж найдаж байна.

-Таны эхлүүлсэн “food drive ажил хэр амжилттай болж байна вэ. Яагаад ийм ажил эхлүүлэхээр болсон бэ?

-Би хүмүүст хоол хүргэж өгөхдөө жаргалтай болдог. Би хэдэн найзуудтайгаа хамтраад энэ ажлыг анх эхлүүлж байсан. Одоо ч бид амьдралын боломжгүй хүмүүст хоол хүргэж өгдөг. Энэ бол дан ганц хоол хүнс өгөх асуудлын тухай яриад байгаа юм биш. Бид цугларч хамтдаа инээлдэж цагийг зугаатай өнгөрүүлдэг. Заримдаа бас уйлах үе гардаг. Энэ арга хэмжээ бол хүмүүсийн хоорондох харилцааны гүүр болж байгаа юм. Бяцхан хүүхдүүдийн инээмсэглэлийг харах нь намайг аз жаргалтай болгодог.

-Уран зураг таны хувьд хэр чухал вэ?

- Уран зураг миний хувьд маш чухал зүйлсийн минь нэг. Энэ нь намайг өвчин зовлонгоо мартахад тусалсан хамгийн сайн эмчилгээ байсан.

-Таны амьдралын хамгийн чухал хүн.

-Энэ бол миний хүү Наэл. Тэр бол миний ертөнц. Миний гол үүрэг хариуцлага бол хүүгээ сайн хүн болгон өсгөх юм. Намайг хайрлаж дэмжих хүнтэй байна гэдэг сайхан шүү дээ. Миний ах, ээж, хүү гээд энэ бүх хүмүүсийг надад хайрласан бурхандаа талархаж явдаг.

Муниба мазари онцлох ишлэлүүд:

-Би амьдралдаа хэн нэгэн баатрыг хайгаад олоогүй. Тиймээс өөрөө өөрийнхөө баатар болохоор шийдсэн.

-Миний бие хориотой ч оюун санаа, сүнс минь эрх чөлөөтэй. Тиймээс би илүү ихийг мөрөөдөх болно.  

-Чи өөрийнхөө амьдралын баатар. Баатрууд хэзээ ч бууж өгдөггүйг санаж яв.

-Чамд юу байхгүй нь, бас чиний юу алдсан нь тийм ч чухал биш.. Аз жаргалын нууц нь өөрт байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун байхад оршдог.  

-Өнгөрсөнд тохиолдсон зүйлд би харамсдаггүй. Тиймээс би өнгөрсөн үе рүүгээ инээмсэглэн харж чаддаг. Учир нь өнөөдрийн намайг өнгөрсөнд болсон зүйл бий болгосон юм.

Г.Нямсүрэн

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх