Б.Бат-Эрдэнэ: Хүнийг хамгийн их хурцалж, урагшлах урам зориг өгдөг зүйл бол зорилго

2018-06-04 09:37      ГэрэгМН

Залуу хүн зорилготой бол эх орон ирээдүйтэй гэдэг. Энэ удаа бид Япон улсын Токиогийн шинжлэх ухааны их сургуульд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр сурч, монголдоо ихийг хийх зорилготой даруухан залууг “Гурван саяын нэг” ярилцлагын буландаа урилаа.  

-Сайн байна уу? Ярилцлагын урилга хүлээн авсан танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Баяндэлгэрийн Бат-Эрдэнэ гэдэг. Токиогийн шинжлэх ухааны их сургуулийн төгсөлтийн дараах инженерчлэлийн сургуульд нарны цахилгаан үүсгүүрийн үнэлгээ, тооцоолол, эрчим хүчний ухаалаг сүлжээ чиглэлээр докторын хөтөлбөрт суралцаж байна. Өмнө нь МУИС-д Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр бакалавр, мастераа хамгаалсан.

-Япон улсад суралцах шалтгаан юу байсан бэ?

-Япон улсад сэргээгдэх эрчим хүч ялангуяа, нарны цахилгаан үүсгүүр өндөр хөгжсөн. Энэ нь миний мэргэжилд ч тохирч байсан л даа. Нэлээд ч судалсан. Нөгөө талаар Япон улсын санхүүжилтээр инженер, технологийн дээд боловсрол төсөлд хамрагдсан учраас энд суралцах болсноо том боломж гэж бодож байгаа. Гадаад улсад суралцаж, ажиллаж, амьдрахад давуу талууд нэлээд бий. Хамгийн наад зах нь өөрсдийгөө дэлхийн хөгжлийн хаана яваагаа мэдэрнэ.

Түүнийгээ дагаад хөгжих, сайжрах боломжийг эрэлхийлж эхэлдэг. Улсынхаа хөгжлийг хөндлөнгөөс харж, дэлхий ертөнцтэй харьцуулах том цонх нээгддэг гэж болно. Бид алдаа, дутагдлаа олж харж, түүнийгээ залруулахгүйгээр урагш явахгүй шүү дээ. Тийм болохоор аль дутагдлаа олж харж, шийдлийг эрэлхийлэхийг эрмэлзэх нь зүйтэй. Би энэ үүднээс нь харж өөрийн мэргэжлийн чиглэлээр улсдаа хувь нэмэр оруулахсан гэж боддог. Ямартай ч эхлэлээ зөв тавьсан гэж бодож байгаа.

-Улсдаа их зүйлийг хийж бүтээх зорилготой залуу хүнийг юу хурцалдаг юм бол...?

-Хүнийг хамгийн их хурцалж, урагшлах урам зориг өгдөг зүйл бол зорилго. Зорилготой залуу хүний өглөө бүхэн эрч хүч байдаг. Монгол залууст оюуны өндөр чадавх, нөхцөл байдалд дасан зохицох чадвар, аливаа асуудалд шийдэмгий хандах зэрэг бусад орны залуучуудаас ялгарах том онцлог байна гэж харсан.

Үүнийгээ ашиглаад хөгжих, дэлхийтэй эн зэрэгцэх боломж бидэнд бий. Гол нь чадвараа олж харах, хөгжүүлэх, шинэлэг байж, бүтээлч байдлаа ашиглах тал дээр анхаарал хандуулчихвал болох юм шиг санагддаг. Дэлхийн өндөр хөгжилтэй улсад амжилттай ажиллаж байгаа олон залуусаас үүнийг харж болно. Мэдээж шинжлэх ухаан өндөр хөгжсөн улсад сурч байгаагийн хувьд техник, технологийн дэвшил, ололт амжилтаас нь монголдоо нутагшуулах боломж, нөхцөл юу байгааг судалж эхэлсэн. Үүнийгээ сайжруулах шаардлага бий. Болж өгвөл эх орондоо аваачих л санаа байна. \инээв\

-Та Япон улсын хөгжлийн тулгуур нь юунд байна гэж боддог вэ?

 -Япончууд урт хугацааны төлөвлөлт сайтай. Нэгэнт хэрэгжиж эхэлсэн ажлаа явцын дунд улам сайжруулдаг. Олон жилийнхээ туршлагад үндэслэж бодлогоо боловсруулдаг. Тухайн туршлага нь аливаа ажлын бат, бөх суурь болж байна. Японы хөгжил техник, технологидоо бус иргэн хүн бүрийн ухамсар, хандлагад байна уу даа гэж хардаг.

Үнэхээр ч тийм. Энд эрх мэдлээр далайлгаж зөв, бурууг үл ойшоосон шийдвэр гаргадаггүй. Харин их, бага түвшиндээ бүгдээрээ хэлэлцэж асуудлаа шийддэг учраас алдаа ч бага гардаг. Бүгдээрээ хэлэлцэж шийдэх хэрэгтэй гэдэг зүйл хүн бүрийн тархинд суусан.

Буруу үйлдлийг нийтээрээ зогсоож, зөв тийш нь залруулахад нийтийн санаа, бодол чиглэж байна. Ийм эрүүл нийгэм нь улсынхаа хөгжлийн тулгуур болдог. Нийгэм нь эрүүл учраас энд ёс суртахуун оршдог. Түүнийгээ дагаад хэн ч бай хариуцлагаа хүлээж чаддаг юм. Нөгөөтэйгүүр цэвэрлэгчээс эхлээд албан тушаалтан хүртлээ хийдэг ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг.

-Хүн бүр бүрдүүлж буй нийгмийнхээ нэг хэсэг нь. Тэгвэл эрүүл нийгмийг бүтээхэд залуу хүний оролцоо ямар байх ёстой вэ?

-Хамгийн эхлээд бүрдүүлж буй нийгэмдээ хувь хүн болон төлөвших нь чухал болов уу. Аливааг нарийн задлан шинжилж, өөрийн үнэлэлт, дүгнэлт гаргадаг болох хэрэгтэй байх. Тэгэхгүйгээр нэг нь “энэ зүйл сайн” гэж хэлбэл бүгдээрээ түүнийг сайн гэж сайшаадаг савалгаатай, тогтворгүй байж болохгүй.

Үүнийг дагаад нийгэмд гарах сөрөг дагавар олон байгааг залуус мэддэг. Тиймээс энгийн зүйлүүдээс эхлэх хэрэгтэй л дээ. Эхлээд хувь хүнээ олох, дараа нь бусадтай харилцах харилцаандаа анхаарах, хүндлэл бий болгох, цаашлаад нийгэмдээ хувь нэмэр оруулах, хийж бүтээх хэрэгтэй.

Аливаа асуудлын цаад шалтгааныг олж хардаг, дүн шинжилгээ хийж бие даасан шийдвэр гаргадаг залуус олон болох тусмаа бидний амьдарч буй нийгэм ёс суртахуунтай, улсын хөгжил урагштай байх болно.

-Агаарын бохирдлыг бууруулах талын судалгаа хийж байгаа гэж сонссон. Судалгааныхаа талаар танилцуулаач?

-Тийм ээ. Эхлээд явж байна. Судалгаандаа ихэнх цагаа зарцуулдаг. Улаанбаатар хотод тулгамддаг агаарын бохирдлыг бууруулах боломж бий гэж харж байгаа. Ингэхийн тулд дулаан хуримтлууртай цахилгаан халаагуур ашиглах хэрэгтэй. Энэ нь  цахилгааныг дулааны элементээр хувиргаж дулаан хуримтлуурт хадгалдаг төхөөрөмж юм.

Нарны цахилгаан үүсгүүр болон дулаан хуримтлуурт хадгалдаг төхөөрөмжийг ашиглаж нүүрс хүчлийн хий болон бусад хортой элемент бага ялгаруулдаг орон сууцны хорооллыг зохиомжлох зорилготой. Техник, технологи талаасаа боломжтой шийдэл. Үүнийг нэвтрүүлж чадвал олон асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой.

Ирээдүйд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг эрчим хүчний сүлжээнд холбож, хэвийн ажиллагааг нь хангаж чадвал эрчим хүчний систем, сэргээгдэх эрчим хүчний системээс өндөр үр ашиг хүртэж болно.

-Агаарын бохирдлыг бууруулах боломж нь яг юу юм бэ?

-Агаарын бохирдлыг шийдэхийн тулд хэд хэдэн зүйлийг үе шаттай хэрэгжүүлэх хэрэгтэй гэж харж байгаа юм. Нэгдүгээрт, байр, сууцныхаа дулаан алдагдлыг бууруулах хэрэгтэй. Үүнд айл болгон ач холбогдол өгч, сайн талыг нь ойлгож хувь нэмрээ оруулбал болохгүй зүйлгүй.

Ер нь нүүрс түлдэг уламжлалт зуухыг зоригтойгоор сольж,  дулаан хуримтлууртай цахилгаан халаагуур аль эсвэл усан болон газан халаагуурыг ашиглаж чадвал агаарын бохирдол эрс буурна. Халаалтыг олон янзаар шийдэх боломж бий.

Манай улсын хувьд айл, өрхүүдийн санхүүгийн бололцоо хангалттай биш учраас эхний ээлжинд цахилгаан халаагуурыг нэвтрүүлж эх үүсвэрийг нь төвийн эрчим хүчний системээс хангаад явах боломж бий.

Цаашид сэргээгдэх эрчим хүчийг ашиглая гэвэл нар болон салхины эрчим хүчний нөөцтэй говийн бүсүүдэд нар, салхины томоохон станц барьж эрчим хүчээ хангах шийдэл байж болно.

Жишээ нь, байшингийн дээвэр дээр бага хүчин чадал бүхий нарны цахилгаан үүсгүүр суурилуулдаг жишиг олон улсад бий. Ерөнхийдөө Монголд тулгамдаж буй эдгээр асуудлыг сэргээгдэх эрчим хүч талаас нь шийдэх боломж, гарц юу байна гэдгийг харуулахыг зорьж байгаа юм.

- Бусад улсын сайн жишээ нь юу байна вэ?

-АНУ-д нарны цахилгаан үүсгүүрүүд суурилуулж, эрчим хүчнийхээ сүлжээнд холбож амжилттай хэрэгжүүлж байна. Ингэж шууд холбоход цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан эрчим хүчний хэлбэлзэл үүсдэг.

Энэ нь төвийн эрчим хүчийг доголдуулах эрсэдэлтэй. Тиймээс тус улс тохируулга хийж, усан цэнэгт станц, даралтат хийн хуримтлуур, батерейн технологийг давхар ашиглаж байгаа юм. Ингэснээр эрсдэлгүй болно гэсэн үг.

Үүнээс гадна Японд айл болгон дээвэр дээрээ нарны цахилгаан үүсгүүр суурилуулсан. Түүгээрээ нийт эрчим хүчнийхээ багадаа 20-30, ихдээ 50-60 хувийг хангаж байна. Ерөнхийдөө энэ чиглэлээр дэлхийн улсууд томоохон цөлүүдэд хүчин чадал ихтэй нарны станцууд барих төлөв, хандлагатай байна.

-Судалгааны ажлынхаа зав, чөлөөгөөр юу хийдэг вэ?

-Судалгаагаа л хийгээд байгаа \инээв\. Үнэндээ өөр зүйлд цаг гаргаж амждаггүй. Энэ улсад сурч, амьдарч байгаа богино хугацаанд аль болох олдож буй цаг хугацаагаа ашиглаж, монголдоо хэрэгтэй зүйл хийе л гэсэн бодол, тэмүүлэл байна. Тиймээс одоо олдож буй хором бүрийг дараа олдох зүйлээр солихыг хүсдэггүй. Залуу хүн учраас өөрийн дуртай зүйлээ хийх, хөгжүүлэх боломж гарна шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.Жаргал




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Батбаяр /ШУТСан/

Мундаг байна. Амжилт хүсье. Ихийг сурч ирээд эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулаарай андаа

2018-06-04 11:31    202.21.97.90
Tuyatsetseg

Amjilt hvsii mundag zaluu shvv.

2018-06-04 14:40    66.181.161.82
Алтаа

Мундаг шүү миний дүү амжилт хүсье

2018-06-04 11:56    202.179.25.186
намираа

мундаг юмаа амжилт

2018-06-04 11:46    66.181.161.8

Сэтгэгдэл нэмэх