Монголын Засгийн газар одоо л ярьж эхэлж буй Think thank гэж юу вэ?

2018-06-03 18:26      ГэрэгМН

 

Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар Монголын эдийн засгийн форумд хэлсэн үгэндээ “Үндэсний хөгжлийн газрын дэргэд бодлогын судалгааны “Тhink Tank” байгуулахаар болсноо зарласан.Г.Занданшатар даргын хэлснээр бол,бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоодын саналыг хөгжлийн бодлогод тусгадаг болно гэсэн үг юм.  

Үүнтэй уялдуулан бид “Тhink Tank”-ын талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

“Тhink Tank” гэдгийг утгачлан орчуулбал policy institute буюу бодлогын хүрээлэн гэсэн үг.

Энэ нь  нийгмийн бодлого, улс төрийн стратеги, эдийн засаг, цэрэг, технологи, соёл зэрэг сэдвийн хүрээнд судалгаа, сурталчилгаа явуулдаг эрдэм шинжилгээний хүрээлэн юм. Ихэнх бодлогын институтууд нь ашгийн бус байгууллага бөгөөд АНУ, Канад зэрэг зарим улс орнуудад татвараас чөлөөлөгдсөн статустай байдаг.

Түүнчлэн тухайн орны Засгийн газар, өмгөөллийн бүлэг, эсвэл корпорациас санхүүждэг байна. Мөн төсөл хөтөлбөр, боловсруулж, судалгааны ажил хийж санхүүгийн асуудлаа шийддэг байгууллага юм.

Дэлхийн II дайны үед АНУ-ын нэгэн  think tank байгууллага Германы өдөр тутмын сонинуудын  нийтлэлд шинжилгээ хийн Гитлерийн Германы цэрэг дайны стратеги төлөвлөгөөг ойлгож, түүнд нь тохирсон хариу төлөвлөгөөг боловсруулан ялалтууд байгуулж байсан баримт бий. Энэ нь тухайн үед тинк танкийн байгууллагын нэр хүндийг өндөрт гаргажээ.

Орчин үеийн “Тинк танк” хэмээх ойлголт нь 1959 оноос эхэлсэн ба 1960-аад оноос энэ чиглэлийн институциуд бие даасан үйл ажиллагаагаа  эхэлжээ.  

Тэр үед  дэлхийд алдартай тинк танкийн байгууллага болох RAND корпораци цэрэг дайны болон улс төрийн зорилгоор  байгуулагдсан юм.

RAND нь эрдэмтэн судлаачдыг дэмжих зорилготой ашгийн төлөө бус байгууллага бөгөөд өнгөрсөн 60 жилийн хугацаанд Нобелийн шагнал хүртсэн эдийн засагч, улс төр судлаач зэрэг 30 гаруй хүнтэй хамтран ажиллаж байжээ.

Орчин үеийн тинк танкууд нийгэм, эдийн засаг, улс төр, бизнесийн бүхий л хүрээнд олон чиглэл, хэлбэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тинк танкуудыг юуны өмнө статусаар нь:

  • Ашгийн ба ашгийн бус
  • Сангуудын
  • Олон улсын
  • Үндэстэн дамнасан
  • Бүс нутгийн
  • Их сургууль, институтын гэх мэтээр ангилдаг.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР НЬ:

  • Нийгэм, улстөр
  • Шашин, арьс өнгө
  • Эдийн засаг
  • Мэдээллийн технологи
  • Бизнес
  • Ухаалаг засаглал
  • Иргэдийн оролцоо гэх мэтээр ангилдаг.

ХАНДЛАГААР НЬ:

  • Глобаль
  • Сүлжээ хэлбэрийн (CSIS)
  • Харилцан ашигтай
  • Үр дүнд чиглэсэн гэх мэтээр ангилдаг.

Тинк танкийн үйл ажиллагаа нь мэдээлэл дамжуулах, судалгаа шинжилгээний үр дүнг сурталчлах, нийгэмд шинэчлэл хувьсал үүсгэх үйл явц юм.

Дэлхийн хөгжингүй улсуудад  Think-Tank буюу Policy Research Institute-уудыг ашигладаг жишээ маш их байна.

Тухайлбал, АНУ-д гэхэд Brookings Institute гэж асар их нөлөөтэй судалгааны хүрээлэн байхад БНСУ-д төрийн эзэмшлийн KDI, KOTRA гэх мэт салбар салбараараа дагнасан хүрээлэнгүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж төрийн бодлогоо зөв ул суурьтай гарахад чухал нөлөө үзүүлж байна.  

Харин манай улсад одоо л Засгийн газар нь анх удаа тинк танкийн тухай ярьж эхэлж байна.   

Г.Сүрэн (WWW.GEREG.MN)




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх