Д.Уранбилэг: Олон хүүхдийг хөдөлмөрч, бүтээлч, эх оронч сэтгэлтэй хүн болгохын төлөө зүтгэж явна

2018-06-01 12:21      ГэрэгМН

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэгтэй ярилцлаа.

-Урлан бүтээх төвийнхөө дотоод тохижилтод нэлээд анхаардаг нь гаднаас орж ирэхэд илт харагдаж байна. Үүднээсээ л гэрэл гэгээ, уран бүтээлийн өнгө ялгарсан төвд орж ирнэ гэдэг суралцагч хүүхдүүдийн сэтгэхүйд ч эерэгээр нөлөөлдөг байх?

-Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийг 1958 онд үүсгэн байгуулсан. Эдүгээ 60 жилийн нүүрийг үзэж байна. Гэхдээ 1988 онд Цэрэндорж гуайн нэрэмжит болгосноос хойш тоолбол 30 жил болж байна. Олон жил үйл ажиллагаа явуулж байна.

 Ер нь эмэгтэй хүн аливаа зүйлийн аж ахуй талд илүү анхаардаг. Нуулгүй хэлэхэд анх энд ирэхэд өнгө зүс нь их гундуухан байсан.  Уг нь хүүхдийн байгууллага гэрэл гэгээтэй байх ёстой.

Хүүхдүүд удаан сууж, гараараа бүтээл урладаг онцлогтой учраас  гэрэл гэгээтэй, тохь тухтай орчинд сууж, бүтээлээ урлах нь илүү үр дүнтэй.

Иймд эдийн засаг хүндрэлтэй, төсөв мөнгөгүй гэж манай хамт олон гар хумхиж суугаагүй. Сүүлийн жил гаруй хугацаанд цаг наргүй ажиллаж, өөрсдийн хүч хөдөлмөрөөрөө урлан бүтээх төвөө өнөөдрийн байгаа хэмжээнд авч исрэн.  Хүүхдүүд бие даасан үзэсгэлэн гаргах хүсэлтэй байдаг.

Бид урлан бүтээгч иргэнийг бэлтгэж байгаа учраас Монголдоо анх удаа хүүхдийн уран бүтээлийн ‘’Орд’’ галерейг нээсэн. Энэ нь хүүхдийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байна. Хүүхдүүд бие даасан үзэсгэлэнгээ гаргахын зэрэгцээ мэргэжлийн хүмүүс ч уран бүтээлийнхээ үзэсгэлэнг гаргах санал их тавьдаг болсон.

-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг танай урлан бүтээх төвийнхөн хэрхэн угтаж байна вэ?

-Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтарч “Хайраас хайр” үзэсгэлэнг нээлээ.  Үүнд 247 бүтээлийг дэлгэсэн нь санамсаргүй тохиолдол байлаа. 

Олон улсын “Happy Mom” байгууллага хүүхэд, эмэгтэйчүүдийн хөгжил, хамгааллын төлөө ажилладаг. Солонгосын Засгийн газрын төвшинд хэрэгжүүлдэг “Happy Mom” төслийн удирдлагууд манай улсад айлчилж, үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон. Хүүхдүүдийн маань зурсан, урласан бүтээлийг үзэж сонирхох хүмүүст манай үүд хаалга нээлттэй шүү.  

-Урлан бүтээх төв монгол хүүхдийн хөгжилд ямар хувь нэмэр оруулдаг байгууллага вэ?

-Хүүхэд бүр авьяастай. 2017-2018 онд “Өв соёлоо дээдэлдэг бүтээлч Монгол хүүхдийн төлөө” гэсэн уриа дэвшүүлэн ажиллаж байна. Бидний цаашдын эрхэм зорилго бол энэ. Манай урлан бүтээх төвд суралцаж байгаа хүүхдүүд  Монголын ирээдүйн хөгжил, баялгийг бүтээх эзэд юм.

Иймд Монгол Улсынхаа нэг ч болтугай хүүхдийг хөдөлмөрч, бүтээлч болгож чадвал энэ нь ирээдүйн баталгаа. Энэ утгаараа хүүхдүүдийг бүтээлч, хөдөлмөрч, хариуцлагатай, мөн Монгол өв соёлоо мэддэг хүн болгон төлөвшүүлэхийн төлөө бид ажилладаг.

Хүүхдүүд Монгол өв соёлоо мэдэхээ больж, тэр ч байтугай Монгол хэлээрээ ч зөв ярьж чадахгүй болсон байна.

Гаднын томоохон сургуулиуд хүүхдүүдэд чанартай боловсрол олгодог байж болох ч Монгол хэлийг нь мартуулж  болохгүй. Тухайн сургуулийн хүүхдүүд байнга англиар хоорондоо харилцдаг юм билээ. Үүнийг эцэг, эхчүүд манай хүүхэд боловсролтой боллоо гэж өрөөсгөл ойлгодог.

Энэ бол боловсрол биш хэрэглээ шүү дээ. Цаашид гадаадын улс оронд суралцаж, боловсрол эзэмшихэд нь гадаад хэл хэрэгтэй. Үүний төлөө Монгол хэлийг  мартуулж байгаа нь том алдаа. Тухайн хүүхэд насанд хүрч, гэр бүлтэй болоод хүүхдээ өөрийнхөө хүмүүжлээр хүмүүжүүлдэг.  

Энэ нь Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх хэмжээний асуудал.  Тиймээс хүүхдүүд Монгол хэлээрээ зөв ярьж сурахаас гадна эцэг, эхчүүд  Монгол өв соёл, зан заншил, уламжлалын талаар тэдэнд маш сайн ойлгуулж, мэдлэг мэдээлэлтэй болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Ингэснээр ирээдүйд Монгол дархлаатай болж улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж чадна.  

-Танай төв өнгөрсөн хичээлийн жилд хэдэн хүүхдийг сургаж, төлөвшүүлэн ямар чиглэлээр авьяас чадварыг нь нээсэн бэ?

-Манай төв 15 төрлийн 23 дугуйланд хүүхдүүдийг хамруулдаг. 2016-2017 оны хичээлийн жилд 860 орчим хүүхэд суралцсан.

Тухайн жилд хүүхдийн хөгжлийг дэмжсэн уралдаан, үзэсгэлэн гэх мэт маш олон арга хэмжээг зохион байгуулсан. Үүний үр дүнд манай төвд суралцах хүүхдийн тоо 2000 давж, 2017-2018 оны хичээлийн жилийн эхний нэг, хоёр сард анги танхим, ширээ сандал хүрэлцэхгүй нэлээд сандаргасан шүү.

Өмнөх жилүүдэд дугуйланд хамрагдаж буй хүүхдүүдийн тоо харьцангуй бага байсан нь нэг талаараа урлан бүтээх төвийн талаар хүмүүс  ойлголт бага байсантай холбоотой.

Наад захын жишээ дурдахад, хүүхдүүдийг дугуйланд үнэ төлбөргүй хамруулдгийг хүмүүс мэддэггүй юм билээ. Тиймээс бид хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллан урлан бүтээх төвийнхөө талаарх мэдээллийг олон нийтэд хүргэснээр ийн өнөр өтгөн болоод байна.

Манай боловсролын салбар хүүхдийг сургахаас бус хүмүүжил, төлөвшилд нь анхаарахгүй байна гэдэг. Танайд суралцаж буй хүүхдүүд төлөвшиж, хүмүүжиж чаддаг уу?

-Нэг хүүхэд долоо хоногт хоёр удаа дугуйланд суудаг. Тиймээс сурагчид төдийгүй багш нар маань цагийг хий дэмий биш, үр дүнтэй өнгөрүүлэх ёстой гэсэн зарчим баримталдаг. Сахилгагүй, хөдөлгөөнтэй, идэвх муутай гэх мэт янз янзын зан араншин, онцлогтой хүүхдүүд орж ирдэг. Зарим нь хэдэн цаг битгий хэл хэдэн  минут ч тогтвортой сууж чаддаггүй. Гэхдээ тэд гурван сарын дараа анх орж ирсэн үеэсээ огт өөр болдог шүү.

Тэд бүтээл урлахын сайхныг мэдэрч, улмаар үзэсгэлэнд оролцох хүсэл, зорилготой болдог. Ийм байдлаар буюу дур сонирхлынх нь дагуу хүүхдийг хүмүүжүүлж, төлөвшүүлэх учиртай.

Дугуйланд хамрагдаж буй хүүхдүүд урлан бүтээх үйлсэд дурлахаараа төвлөрч, тогтвортой сууж сурдаг, мөн хариуцлагатай болдог.

-Дугуйланд хамрагдсан хүүхдүүд цаашид тэр чиглэлээрээ мэргэшихэд илүү төхөм байдаг болов уу.

-Бага ангиасаа дугуйланд хамрагдан суралцаж буй зүйлээ чанартай эзэмшсэн хүүхэд цөөнгүй бий. Тэдний зарим нь тэр чиглэлээрээ үргэлжлүүлэн суралцдаг. Бусад нь өөр мэргэжил сонгодог ч гэлээ эзэмшсэн чадвараа давхар хөгжүүлэхэд анхаардаг. Сүүлд шинээр нээсэн Монгол уран бичлэгийн хоёр ангид суралцаж төгссөн хүүхдүүд энэ чиглэлээрээ үргэлжлүүлэн мэргэших зорилготой байгаад баярладаг.

-Танай төв дотоодын болон олон улсын наадам, үзэсгэлэн, уралдаанд багш, сурагчдыг нэлээд хамруулдаг юм билээ. Хэр зэрэг амжилттай оролцож байна?

-Олон улсын хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уралдаан, үзэсгэлэнд хүүхдүүдийг аль болох оролцуулахыг хичээдэг. Гэхдээ бид өөрсдөө олон улсын арга хэмжээг зохион байгуулж, Монголын урлан бүтээх төвийг олон улсад таниулах ёстой.

Энэ зорилгын хүрээнд Монгол Улсад анх удаа олон улсын хүүхдийн уран бүтээлийн наадмыг өнгөрсөн жил зохион байгуулсан. Үүнд Монгол Улс, Хятад, Өвөрмонгол, Болгар зэрэг таван улсын 640 хүүхэд оролцсон.

Мөн Монгол туургатны хүүхдийн уран бичлэгийн наадмыг анх удаа зохион байгуулахад Өвөрмонголоос 450 хүүхэд бүтээлээ ирүүлж, түүнээс 180 нь, манай улсаас 50 орчим хүүхэд бүртгүүлснээс 30 нь оролцсон. Тооны энэ зөрүү манай улсад үндэсний бичиг соёл ямар төвшинд байгааг харуулж байна. Бид санхүүгийн асуудлаас болоод олон улсын хүүхдийн уран бүтээлийн наадмыг энэ жил хараахан хийж чадахгүй нь.

Харин Монгол туургатны хүүхдийн уран бичлэгийн наадмыг жинхэнэ утгаар нь зохион байгуулахын тулд Тува, Халимаг, Буриадаас хүүхэд оролцуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа базааж байна.

-Өөрт болон амьдралд нь нэмэртэй гэдэг үүднээс дугуйланд суралцах хугацаандаа зурсан зураг, урласан бүтээлийг нь үзэсгэлэн худалдаанд гаргаж, борлуулах ажлыг зохион байгуулдаг уу? 

-Хуулиараа худалдан борлуулах боломжгүй. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө Казахстан болон Энэтхэгийн  Элчин сайдын дэмжлэгээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Ингэхдээ эцэг, эхчүүдээс нь зөвшөөрөл авч, 200 гаруй хүүхдийг оролцуулсан.

УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуульд “13-аас дээш насны хүүхэд оюуны бүтээлээ зарж боруулж болно” гэж оруулсан байна билээ.

 Хэрэв, энэ хуулийг баталбал урлан бүтээх төвд суралцаж байгаа болон бүх хүүхдэд том боломж нээгдэнэ. Цаг заваа зарцуулж урласан бүтээлээ үнэлүүлж, олсон орлогоо  өөрийн боловсрол, хөгжил болон ахуй амьдралдаа зарцуулах юм. Энэ нь хүүхдийг урам зоригтойгоор хөдөлмөрт хөдөлж буй хэрэг.

-Урлан бүтээх төв гээд нэг байшин байна. Гэтэл хотын төвд энд ирж суралцана гэдэг захын хороолол, хөдөөний хүүхдүүдэд бэрхшээлтэй. Салбараа нээх боломжтой юу?

-Манай төвд суралцаж буй хүүхдүүдийн 60-70 хувь нь гэр хорооллынх. Өнгөрсөн жилээс эхлэн Солонгос улсын “Good neighbors” байгууллагатай хамтарч, алслагдсан дүүрэг, хороодод салбар дугуйлан нээх ажлыг зохион байгуулж байна. Одоогоор таван салбар үйл ажиллагаа явуулж, нийтдээ 130 орчим хүүхэд суралцаж байна.

Хүүхэд энэ дугуйланд хамрагдсанаар ямар ашигтай вэ гэдэг талаас нь эцэг, эхчүүд хардаг тал бий. Энэ талд “Good neighbors”-ынхон шүүмжлэлтэй ханддаг.  Салбар анх нээхэд маш олон хүүхэд ирсэн ч яваандаа багассан.

Хүүхдүүдийг татахын тулд үдийн цай өгөхөд эргээд тоо нь нэмэгдсэнд тэд гайхаж байсан. Тиймээс хүүхэд өөрөө дугуйланд явах сонирхолтой л бол эцэг, эхчүүд дэмжих хэрэгтэй. Хүүхэд ямар нэгэн зүйлийг мэдэж, сурна гэдэг хамгийн том баялаг.

 

-Хүүхэд шуугисан энэ ертөнцөд орж ирээд та хэр удаж байна. Таны цаашдын зорилго, хүсэл тэмүүлэл юу вэ?

-Би энэ байгууллагад ирээд жил долоон сар болж байна. Япон улсад олон жил сурч байсан болоод ч тэр юм уу би дэндүү эх оронч үзэлтэй. Тиймдээ ч хүүхдүүдэд үндэсний өв соёл, уламжлал, зан заншлыг таниулж, эх оронч хүн болгоно гэж боддог.

Өндөр боловсрол, мэдлэгтэй болсон ч эх оронч сэтгэхүйгүй бол Монгол хүн гэж хэлэх нь ичгүүртэй. Тиймээс олон хүүхдийг хөдөлмөрч, бүтээлч, эх оронч сэтгэлтэй хүн болгохын төлөө зүтгэж явна. 

Та ямар мэргэжилтэй вэ?

-Хуулийн мэргэжилтэй. Японд аялал жуулчлалын бизнесээр бакалавр, удирдлагын ухаанаар магистр хамгаалсан. Дүрслэх урлаг, техник технологиос хэдий хол ч гэлээ хүсэл тэмүүлэл, зорилго минь намайг энэ ажил руу хөтөлсөн дөө.

Хүн бүр хүүхдийн талаар ярьдаг ч тэдний хөгжилд оруулсан хувь нэмэр бага. Өөрөөр хэлбэл, хүүхдийн төлөө хийж буй ажил нь тэдэнд хүрдэггүй. Мөн нүдээ олсон ажил хийж хэрэгжүүлж чаддаггүй. Хүүхдийн байгууллагууд нь тэднийг зөвхөн хамгаалах  л үүрэг гүйцэтгэдэг.

Үүнийг тухайн байгууллагууд хийх ёстой ч, үүнээс илүүтэй хүүхдийн хөгжлийн бодлогыг боловсруулж, түүнд хөрөнгө зарцуулах хэрэгтэй. Учир нь, хөгжөөгүй хүүхэд эргээд хамгаалалтад орно гэдэг учир дутагалтай.  Ашиг олох боломжтой газруудыг төр, засаг дэмжихээс биш хүүхдийн байгууллагад анхаарал хандуулдаггүй.

Монгол Улсын хөгжлийг бүтээх, түүхийг үргэлжлүүлэх хүүхдүүдийн боловсрол, хөгжлийн төвшин ямар байгаа, монгол хүн болж төлөвшиж чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийдэггүй.

Бид гадныхныг хэтэрхий шүтсэнээс болж Монгол хүүхэд, Монгол хүн гэдгээ мартах дээрээ тулаад байна.

Тиймээс хүүхэд, гэр бүлийн хөгжилд төр, засаг анхаарах ёстой.

-Жишээ нь, Таны суралцаж байсан  Япон улс хүүхдийнхээ боловсрол, төлөвшилд яаж анхаардаг вэ?

-Ерөнхий боловсролын сургуулийнхаа сурагчдад Япон үндэсний уламжлал, япон хүн ямар байх ёстойг сургадаг. Хүчирхэг байгаагийн гол шалтгаан нь ийм зарчмаар эх оронч үзэлтэй хүмүүсийг бий болгосон явдал юм. Бид үүнээс суралцах хэрэгтэй.

-Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийг удирдаж байгаа хүний хувьд эцэг,  эхчүүд болон боловсролын салбарынхан, хүүхдийн төлөө ажилладаг байгууллагынханд хандаж хэлэх үг байна уу?

-Хүүхдүүд дугуйланд эхлээд их идэвхтэй хамрагддаг.  Гэтэл 12-3 сарын хооронд хүүхдүүдийн хамрагдалт 60, 70 хувиар буурдаг. Энэ нь хүйтний улиралд хүүхдүүдийг хүргэж өгөх, ирж авах гэх мэт олон шалтгаантай холбоотой байдаг юм билээ.

Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн дугуйланг нь таслуулахгүй явуулбал хүүхдээ  болон бидний үйл ажиллагааг дэмжиж буй том дэм шүү. Дуулж, бүжиглэж, хөгжимдөх нь нэг талаараа хүүхдийг хөгжүүлж байгаа асуудал. Харин  амьдралын арга ухаан, хөдөлмөрт сургах, хөдөлмөр гоо зүйн мэдлэгийг эзэмшүүлэх нь амьдралд хөтлөх сургууль юм.     

Ярилцсан Б.Азмөнх (WWW.GEREG.MN)




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх