УВАЙГҮЙ УЛСТӨР: Халх голын хятад “малчин” ба Орхон аймгийн өнчин охин

2018-05-30 08:55      ГэрэгМН

Халх голын хятад “малчин”, Улаанбаатарын “өнчин” охины шуугиан сошиалыг хэсэгтээ давалгаалуулав. Хятадыг үзэн ядуулах манай зарим  дээд удирдлагын “эрхэм зорилго” тасралтгүй үргэлжилж, түүнд массын буюу олон нийтийн зарим хэсэг ухамсаргүйгээр татагдан орж, сэтгүүлч нэртэй зарим хүмүүс сэтгүүлч мэргэжлийн нэр хүндийг хятадыг үзэн ядуулах эмгэнэлт жүжигт ашигласаар  байгаа билээ. Энэ үйл явц Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсоны дараа улам ч идэвхжиж буйг анзаарч буй биз ээ.

 Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааныхаа үед Х.Баттулга өрсөлдөгч М.Энхболдыг “хятад гаралтай” хэмээн сошиал гүтгэлгээр бөмбөгдсөөр ялсан. Нэгэнт тэр ялсан. Гэвч хятадуудыг үзэн ядах ил, далд хар пиар тасарсангүйгээр барахгүй бүр ч эрчээ авах шинжтэй болов. Энэ нь саяхан Халх гол хятад малчдад эзлэгджээ гэх мэдээг сэтгүүлч Есөнтөмөр гэгч хийж, сошиалд шуугиан тарьснаар батлагдана.

Гэтэл Есөнтөмөр гэгч сэтгүүлчийн малаа хариулж байхад нь газар дээр нь барьсан гэх хятад нь тухайн үед монгол хүний малыг харж байсан “Петро чайна дачин тамсаг”-ийн тогооч болж таарав.

(Энэ тухай Дорнодын телевизийн сэтгүүлчийн бэлтгэсэн видео мэдээг үзээрэй)

Хятадыг үзэн ядуулах зохион байгуулалттай ийм акцууд томчуудын их мөнгө, эд баялгийн ашиг сонирхолтой холбоотой гэдгийг учир мэдэх хүмүүс сануулсаар байгаа. 

Хамгийн чухал үнэн нь хоёр том хөршийн дунд хөдлөхгүй орших мөнхийн тавилантай Монгол Улс хоёр  хөрштэйгээ, тэр дундаа урд Хятад улстай худалдаа, эдийн засгийн том харилцаатай, түүгээрээ амь амьдралаа залгуулж буй билээ.

Энгийнээр бодоод үзэхэд Хятадтай харьцахгүй гээд урд хилээ хаачихлаа гэхэд “Нарантуул”-ын наймаачид, тэдний ар гэрийнхэн хэрхэн амьдрах вэ?

Халх голд хүний хонь харж байсан Хятад тогоочийг Монголын тал нутагт  мал хариулж буй хятад малчин гэж гүтгэсэн үйл явцтай зэрэгцээд 10 настай өнчин охиныг уйлуулсан Ардчилсан намын бохир улстөр мөн л үнэнд гүйцэгдэв.

10-хан настай өнчин охиныг Ардын намд олон удаа захиа “бичүүлсэн болгоод”, улмаар бүр уйлуулаад олон нийтэд цацаж буй нь эрээгүй, ичмээр, бүдүүлэг, заваан УЛСТӨРЧ гэж нэр зүүсэн “Амьтны ферм”-ийнхний л хийж чадах ажил.

Жорж Оруэл гэж Английн зохиолчийн “Амьтны ферм” хэмээх зохиолд “Амьтан бүр тэгш эрхтэй, гэхдээ гахай арай илүү эрхтэй” гэсээр толгойд заларч, амьтдын хувь заяагаар тоголж байгаа дүрслэл гардаг шүү дээ.

Яг үүн шиг арай илүү эрхтэй улстөрч гэх гахайнууд нь толгойд заларсаар  ердөө л нийгмийг хагалах, бутаргаж, эрх мэдлийн төлөөх ашиг хонжоо олох гэж аргаа ядаж байна.

Хамгийн аюултай нь тогтсон үзэл бодолгүй, ажилгүй, ядуу хар массын үлэмж хэсэг фэйсбүүкт амьдарч, тэд хятад ба охины эмгэнэлт үзэгдэлд итгэж, энэ хэрээр нийгэм улам бүр харанхуй болсоор байна.

Хариуцлагыг хэн үүрэх вэ? АН-аас сонгогдсон  Ерөнхийлөгч үү, АН-ын улстөрчид үү?  Эсвэл хар пиарт тархиа угаалгаж, бүлэглэлүүдийн хөлд ширвэгдэж буй ард түмэн хохирсоор үлдэх үү? 

Г.Сар-Уул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх