Байгальд ээлтэй тоног, төхөөрөмжийг албан татвараас чөлөөлнө

2018-05-28 14:04      geregmn

Эрчим хүчний зохицуулах хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулж буй “Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт-2018” үзэсгэлэн эхэллээ. Үзэсгэлэнд 60 гаруй байгууллага техник, технологи, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байгаагийн ихэнхийг байгальд ээлтэй технологи, түүний үр ашиг давалгайлж байна. Тухайбал, сайжруулсан түлш, хог хаягдлыг дахин боловсруулах технологи, бохир усыг цэвэршүүлэх дахин ашиглах, биотехнологи, нанотехнологийг үйлдвэрлэл хэрэглээнд нэвтрүүлж монголын хөрсөнд хэрхэн буулгах, үр өгөөжтэй ашиглах талын бүх зөвлөгөө мэдээлэл өгч, хамтран ажиллах боломжийг олгож буй юм. Түүнчлэн “Хас” банк, Ариг банк, Ногоон санхүүгийн корпорациас ногоон зээлийн боломжийг бүрдүүлж цогц үйлчилгээ үзүүлэх юм.

БОАЖЯ болон Эрчим хүчний зохицуулах хороо монгол орны нөхцөлд тохирсон байгальд ээлтэй техник, технологи, инновацийн шинэ санаа, шийдлийг нэвтрүүлж, гарааны бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагаа түншлэлийг сайжруулах чиглэлд ийнхүү анхаарал хандуулж эхэлжээ. БОАЖЯ-наас өнгөрсөн жил байгаль орчинд ээлтэй 41 төрлийн тоног, төхөөрөмжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөснөөр жилийн эцэст 15 аж ахуйн нэгжид 33 тэрбум төгрөгийн орлогод ногдох хөнгөлөлт үзүүлсэн нь бодитой дэмжлэг болсон хэмээн дүгнэж байна. Цаашид энэ талын дэмжлэгийг үргэлжлүүлэх аж.

Үзэсгэлэнд өвлийн улиралд тулгамддаг Улаанбаатарын утааны асуудлыг шийдэхэд дөхөм болох цахилгаан халаагуур, халдаг шал, сайжруулсан түлш, дулаалгын материал зэргийг үйлдвэрлэдэг, оруулж ирдэг аж ахуйн нэгж байгууллагууд бараа, бүтээгдэхүүнээ танилцуулсан. Тухайлбал, “Ховдтул” ХХК-ийн инноваци эко-электрон халаалтын шийдэл буюу вакум радиатор нь маш нимгэн учраас байшингийн хана дагуу байрлуулах боломжтой. Бага эрчим хүчээр жигд халаах зориулалттай, зөөвөрлөх учраас хэрэглэхэд хялбар, автомат ажиллагаатай сайн чанарын материалаар хийсний дээр ашиглалтын зардал нь өдөрт 1700-5000 төгрөг гардаг аж.

Мөн “Эко ноос” ХХК-ийн хонины ноосон барилгын дулаан тусгаарлах материал хүмүүсийн сонирхлыг нэлээд татав. Хэрэглэгчид энэ материалыг сонгосноор эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, халаалтын зардлыг хэмнэж чадна гэдгийг тус компанийнхан хэлж байна. Бүтээгдэхүүн чанарын хувьд хортон шавьжнаас хамгаалагдсан, химийн гаралгүй, галд тэсвэртэй, дуу чимээ тусгаарлах зэрэг олон давуу талтай юм.

Энэ мэтчилэн эрчим хүчээ хэмнэж, байгальд ээлтэй технологи ашиглаж хэвшихийг зорьж буй хэн бүхэнд үзэсгэлэн нээлттэй байх бөгөөд  маргааш үргэлжилнэ.

Ц.Цэнгэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх