Одоо иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаад ч хэрэггүй болж...

2018-05-26 22:29      gereg

“Цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан байхад Ерөнхийлөгчийн зүгээс өөр томилгоо хийхгүй байгаа үйлдэл нь

өөрөө Үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг юм. 

Үндсэн хуулийн Цэц гэж ямар байгууллага вэ? Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьдаг, нэг ёсондоо Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон байгууллага юм. Үндсэн хуулийн заалт зөрчсөн талаар дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага.

ҮХЦ нь нэг даргатайгаа нийлээд 9 гишүүнтэй, 3 жилийн хугацаатай томилогдон ажилладаг. Эдгээрээс Н.Жанцан, Д.Наранчимэг, Т.Лхагваа, Д.Сугар нарын 4 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа бөгөөд Үндсэн хуульд зааснаар хоёр дахь удаагаа буюу улиран томилогдсон учир одоо дахин томилогдох эрхгүй болоод байгаа тул дээрх 4 гишүүнийг сольсон юм.

ҮХЦ-ийн гишүүдийг УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс тус бүр 3 хүнийг нэр дэвшүүлэн томилдог. Энэ нь Үндсэн хуулийн манаач болсон ҮХЦ-ийг юунаас ч хараат бус, бие даасан байгууллага байлгах гэж тэр.

Гэвч манайд үнэн чанартаа ҮХЦ гэдэг улстөрийн томилгоо болсон. Үүнийг хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн зүгээс Цэцэд нэр дэвшүүлэн томилуулаад байгаа 3 хүнээр (Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр) харж болно.

Энэ 3 хүнээс Ц.Нанзаддоржийг л хүмүүс ТӨХ-ны даргаар ажиллаж байсныг мэдэхээс биш нөгөө 2 хүний хувьд сайн мэдэхгүй, Г.Туулхүү нь ШШГЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан хурандаа, Б.Буяндэлгэр нь АИХ-ын депутат байснаас өөр юмгүй. (Хамт ажиллаж байсан болон салбарынхан мэднэ үү гэхээс биш).

Гэтэл энэ 3 хүнээс олны мэдэх Ц.Нанзаддорж нь ҮХЦ-ийн гишүүнд огт тэнцэхээргүй, хамгийн их ашиг зөрчилтэй хүн нь болоод байгаа юм. Хуульч биш, ТӨХ-ны дарга байхдаа өмч хувьчлалын хэл аманд их өртөж байсан, одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг ТӨХ-ны дарга байхаас хамтран ажиллаж байсан гэдгээр тэр...

Энэхүү байдал нь сүүлийн үед ҮХЦ-ийн гишүүдийг солихтой холбоотойгоор шуугиан тариад байгаа юм. Хэдийгээр Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон дээрх 3 хүнийг УИХ-аас санал болгоод байгаа Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга Ш.Солонгын хамт УИХ-аас дэмжиж ҮХЦ-ийн гишүүнээр томилоод байгаа ч шуугиан намдаагүй, бүр саяхан буюу өчигдөр хуульч, эрдэмтэн мэргэжилтнүүд оролцсон хэлэлцүүлэг өрнөөд байгааг юу гэх вэ?

Хэлэлцүүлэгт оролцогчдын үгээс хүргье.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, дэд профессор О.Мөнхсайхан: 

Уг нь бусад оронд манайх шиг ҮХЦ-ийн гишүүдийг томилохдоо сүүлийн 4-5 жил улстөрийн албан тушаал хашаагүй, намын үйл ажиллагаанд оролцож байгаагүй, улстөрийн мэргэшил гэхээсээ илүү хууль зүйн мэргэшил гэдэг дээр голлон анхаарч цус сэлбэдэг байна.

Гэтэл манайд Цэцийн гишүүн нь хууль зүйн мэргэшлийн хүн байна гэж Үндсэн хуульдаа заасан ч ачир дээрээ улстөрийн хүнийг тавьж томилдог.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, доктор А.Бямбажаргал:

Өнгөрсөн 26 жилийн хугацаанд УИХ-аас томилогдсон 6 жилийн хугацаатай сонгогддог Цэцийн гишүүн нэг ч удаа улиран сонгогдоогүй. Харин Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигч улиран ажиллаж, удаан хугацаанд ажилласан байдаг.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор. доктор Н.Мөнхзул:

 Цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан байхад Ерөнхийлөгчийн зүгээс өөр томилгоо хийхгүй байгаа үйлдэл нь өөрөө Үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг юм. Энэ талаар Цэцэд хандсан ч Цэц хэрэг үүсгэхээс татгалзсан.

Хуульч, өмгөөлөгч Б.Баяр: Би насаараа хуульч, өмгөөлөгч хийж явснаас аль нэг улстөрийн хүчин, нам дагаад явсан бол ҮХЦ-ийн гишүүн болох байж гэж хүртэл бодогдож байна.

Өмнө нь ҮХЦ-д хандаж эцсээ хүртэл маргаад явдаг байсан бол одоо би ҮХЦ-д хандах эсэхээ бодно. Би маргаан шийдвэрлүүлэх хүсэл гаргасан, гаргаагүй ҮХЦ улстөрийн шийдвэр гаргах учраас эргэлзээ төрж эхэлж байна.

Өнөөдөр ҮХЦ ямар байгууллага байхаас ямар болсон, юу хийдэг гэдэг бол жирийн нэг иргэн, хүмүүсийн амьдрал төдийлөн хүртээмжгүй байх. Гэвч нийгэмд хэрэгтэй байгууллага монголчуудын бараг бүхий л амьдралд улстөр хүчтэй орж ирэн нөлөөлдөг, Монголын гажиг тогтолцооны нэг хэлбэр хууль эрхзүйн дээд байгууллагад хүртэл нэвчсэний жишээ энэ.

 

Б.БОЛД

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Билэгт

Ц. Нямдорж Ч.Хүрэлбаатар 2 ыг огцруулах хэрэгтэй. Эсвэл танхимаараа огцорох гээд байгаа юм уу. Сайд хийчихээр өчнөөн сайхан залуучууд ,ноён нуруутай сайхан гишүүд байж л байна ш дээ. Заавал энэ хэдэн хүн сайд байх албагүй биздээ. Тэгээд ч 2020онд МАН дахиж гарахгүй нь ойлгожтой.

2018-05-27 23:31    27.123.214.104

Сэтгэгдэл нэмэх