Ц.Нандинзаяа: Жирэмсэн эхчүүд тэмбүүгээр өвдсөнөө мэдээгүй байх тохиолдол их байна

2018-05-25 15:41      geregmn

“Бүрэн мед” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Ц.Нандинзаяатай эмэгтэйчүүдийн дунд түгээмэл БЗХӨ-ний талаар ярилцлаа.

-Сүүлийн үед бэлгийн замын өвчлөл их байна гэж ярих болсон. Тухайлбал, танай эмнэлэгт хандаж буй эмэгтэйчүүдийн дунд ямар төрлийн бэлгийн замын халдварт өвчин  түгээмэл байна вэ?

-Манай эмнэлэг эмэгтэйчүүдийн өвчний оношлогоо эмчилгээ, хэт авиа оношлогооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эмэгтэйчүүдийн өвчлөл ялангуяа, бэлгийн замаар халдварладаг өвчнүүдийн тохиолдол сүүлийн үед ихсэж байна. Манай эмнэлэг дээр үтрээний нян судлалын шинжилгээ авдаг. Энэ шинжилгээнд хамрагдаж буй ихэнх эмэгтэйчүүд бактери, мөөгөнцөрийн гаралтай үтрээний үрэвсэлтэй байдаг.

Эдгээр үрэвсэл нь хувийн ариун цэвэр алдагдах, замбараагүй бэлгийн хавьталд орох, өгсөх замын халдварууд, эмийн замбараагүй хэрэглээтэй холбоотой. Мөн хуучин халдвар дахих  нь түгээмэл байдаг.

18-40 насны хүмүүсийн дунд замбараагүй бэлгийн амьдрал, эмийн замбараагүй хэрэглээ их байгаа нь өвчлөлийн тохиолдлыг нэмэгдүүлэх хүчин зүйлийн нэг болж байна.

Эрүүл мэндийн системийн чиг хандлага нь аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэдэг боловч иргэд өвдсөнийхөө дараа эмчид ханддаг. Мөн хүмүүсийн ам дамжсан яриа, дур мэдсэн буруу эмчилгээ өвчин хүндрэх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймд тухайн хүндээ зовиур ихтэй, шинж тэмдэг ихтэй үед эмч эмчилгээнд үрэвслийн эсрэг антибиотик эмчилгээ сонгохоос өөр аргагүй болдог.

Тэмбүү, заг хүйтэн, трихомониад зэрэг халдварын тохиолдол жил ирэх тусам ихсэж байна. Шалтгаан нь мөн л бэлгийн эрүүл мэндийн тухай мэдлэггүй, бэлгийн замбараагүй харилцаатай холбоотой. Залуучууд бэлгийн эрүүл мэнд, халдварт өвчлөлийн тухай мэдлэг мэдээлэл муугаас өөрсдийгөө эрсдэлд оруулдаг.  Уг нь эрүүл мэндийн боловсрол өндөртэй байж, аливаа өвчлөлөөс өөрийгөө хамгаалах ёстой.

Бэлгэвчийг хэрэглэж хэвших хэрэгтэй. Хамгаалах арга нь бага өртөгтэйгөөр бэлэн, элбэг байхад бэлгэвчийг хэрэглэж хэвшээгүй байдаг.

Тиймээс залуучуудад ажлын байрны сургалтаар дамжуулан энэ талын мэдлэг олгох хэрэгтэй. Нийтийг хамарсан бэлгийн боловсрол, бэлгийн замын халдварт өвчний талаар сургалт хийх, давтамжийг нэмэгдүүлэх  шаардлага байна. Ялангуяа, өсвөр насныханд энэ талын мэдлэг олгох нь илүү чухал юм. Өсвөр насныхан хоорондоо найзалж нөхөрлөөд  эрт бэлгийн харьцаанд ордог, үүнээсээ болоод хүсээгүй асуудлуудтай нүүр тулдаг. Ялангуяа, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын өвчлөлөөр өвдөх нь элбэг байгаа юм. Үүнийгээ нууж хүндрүүлэх явдал их байна.

-Таны дээр дурдсан түгээмэл халдваруудыг ямар төрлийн шинжилгээгээр илрүүлэх боломжтой вэ?

-Бүх өвчин өөрсдийн гэсэн онцлог шинж чанар, илрэх нууц хугацаа, хэлбэр , үе шатуудтай. Бэлгийн замаар халдварладаг заг хүйтэн, трихомониад, хламид, тэмбүү, ДОХ гэх мэт өвчнүүд бий.

Эмэгтэйчүүд бэлгийн замын өвчнийг мазокын шинжилгээгээр илрүүлж болно гэж эндүүрдэг. Зөвхөн мазокын шинжилгээгээр бүгдийг нь илрүүлэх боломжгүй юм.

Өвчнүүд нь өөр өөрсдийн онцлогтой, эмнэлзүйн шинж чанартай учир илэрц нь өөр. Мазок шинжилгээгээр үтрээнд байгаа бактери, үрэвслийн эсийн хэмжээ, мөөгөнцөр зэрэг анхан шатны зүйлүүдийг харж болдог. Шинжилгээг яаж хийхээс хамаарч бэлгийн замын халдварыг илрүүлэх байдал нь өөр өөр байдаг юм. Заг хүйтэн идэвхтэй шатандаа байвал ямар ч мазокын шинжилгээгээр харагддаг. Трихомониадыг нойтон түрхэцийн арга гэж тусгай аргаар шинжилдэг. Хламидыг мөн адил тусгай аргачлалаар илрүүлнэ. Хамгийн түрүүнд үтрээний нян судлалын шинжилгээ хийгээд сэжигтэй, өвчлөлтэй байж болзошгүй тохиолдолд оношоо баталгаажуулах үүднээс дараагийн шатны шинжилгээнд хамрагдахыг зөвлөдөг.

PCR болон үтрээний нян судлалын бактерилогийн шинжилгээ гэж бий. Эдгээр шинжилгээнүүд өөр өөрийн ач холбогдолтой, оношлогооны критертэй. Үтрээний нян судлалын бактерлогийн шинжилгээ нь тэжээлт орчинд ургуулж, үүсгэгчийн гарлыг тогтоож, ямар эм, антибиотикуудад мэдрэг байгааг  нь илрүүлдэг. Энэ шинжилгээг хийлгэснээр эмийн сонголт хийхэд болон үүсгэгчийн эсрэг эмчилгээ хийхэд  хялбар болдог.

PCR-ын шинжилгээг сүүлийн үед их зөвлөдөг болсон. БЗХӨ болон БЗХӨ-ийг үүсгэгч эмгэг төрөгчийг илрүүлэх шинжилгээ юм. Бэлгийн замын халдварт өвчин байхгүй ч өгсөх замын буюу бэлгийн замын халдар үүсгэгч эмгэг төрөгч гэж бий. Энэ тохиолдолд үтрээнээс өнгө, үнэртэй ялгадас гардаг. Тухайн эмгэг төрөгчийн шинж чанараас шалтгаалан үтрээний ялгадас өөрчлөгдөн хувьсдаг гэсэн үг юм. Эдгээр эмгэг төрөгч илэрсэн бол мэргэжлийн эмчид хандан тухайн эмгэг төрөгчийн эсрэг курс эмчилгээг хийлгэх нь чухал. Нэг ёсондоо энэ шинжилгээг хийснээр үр дүнгүй эмчилгээнээс сэргийлж чадна. Иргэдийн хувьд эмчилгээний үед гаргадаг түгээмэл буруу хэвшлийн нэг нь эмчилгээг таслах, хэрэглэж байгаад дутуу орхих, эсрэг заалттай хориглосон зүйлсийг хэрэглэх зэрэг нь эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлж хүндрэх, дасал үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Шинжилгээгээр бэлгийн хавьтагчийн аль нэгэнд эмчилгээ хийх шаардлагатай нь тогтоогдвол эрэгтэй, эмэгтэй хоёулаа эмчлүүлэх шаардлагатай.

-Дээрх шинжилгээнүүдийг бүх эмнэлгүүдэд хийдэг үү?

-Бактерлогийн болоод PCR-ийн шинжилгээ төлбөрийн хувьд үнэтэй боловч авдаг лабораториуд элбэг. Санхүүгийн байдлаас шалтгаалан хүн бүр энэ шинжилгээг өгөх боломжгүй байдаг. Зарим нь “Энэ шинжилгээг өгөх боломжгүй. Мазокын шинжилгээндээ эмчилгээ бичээд өг” гэх тохиолдол бий. Эхний ээлжинд мазокын шинжилгээний хариу  ямар гарснаас шалтгаалан эхний шатны эмчилгээг зөвлөдөг. Эмчилгээ үр дүнгүй байвал хүссэн хүсээгүй дараагийн шатлалын шинжилгээнд хамрагдах л ёстой. Мазок, бактерлоги, PCR шинжилгээг үнэ төлбөргүй авдаг газрууд бий. Дүүргийн эрүүл мэндийн төвүүд үнэ төлбөргүй хийдэг. Ямар хариу гарахаас шалтгаалан зөвлөгөө өгч, эмэгтэйчүүдийн болон БЗХӨ-ний кабинетын эмч нар эмчилгээ бичиж, шаалдлагатай эм тариаг улсаас үнэ төлбөргүй өгдөг. Үүнийг иргэд сайн мэддэггүй. ХӨСҮТ-д  бүх шинжилгээг үнэ төлбөргүй  хийдэг. Тэгэхээр та өөрийгөө ХДХВ, ДОХ, тэмбүү өвчний халдвартай эсэхээ дүүрэг, ХӨСҮТ-д хандан үнэ төлбөргүйгээр оношлуулаад мэдэх боломжтой.

-Ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах шаардлагатай вэ?

-Үтрээнээс хэвийнээс өөр өнгө, үнэртэй ялгадас гарч байгаа тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. Ажиглая гэж байгаа бол өвчин хүндрэнэ,  архагшина.

- БЗХӨ-тэй жирэмсэн эхээс урагт  халдварладаг гэж сонсож байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Тухайн өвчний үе шатнаас хамаарна. Сүүлийн жилүүдэд төрөлхийн тэмбүү өвчний тохиолдол их гарч байгаа.

Тэмбүүг мазок, бактерлоги, PCR-ын шинжилгээгээр оношлох боломжгүй. Зөвхөн сериологи шинжилгээгээр оношилдог.

Цуснаас сорьц авч оношилно гэсэн үг. Жирэмсэний хяналтад орох гэж байгаа ээжүүд тэмбүүгээр өвдсөнөө мэдээгүй байх тохиолдол их бий. Жирэмсний хяналтын үед ДОХ, тэмбүү өвчнийг оношлон цаг алдалгүй эмчилгээ хийдэг. Харин эмчилгээ хийлгээгүй , өвчлөл халдвартай үедээ байгаа эхээс тэмбүүтэй хүүхэд төрөх магадлалтай.

Иргэн хүн жилдээ нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамрагдаж, өөрчлөлт илэрсэн үед цаг алдалгүй эмчилгээ авч амьдралын зөв хэв маягт хэвших нь эрүүл байхын үндэс юм. Эцэст нь эмэгтэйчүүдийн эмчийн хувьд зөвлөхөд охид, бүсгүйчүүд урьдчилан төлөвлөж биеэ, эрүүлжүүлж жирэмслэх хэрэгтэй. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг.

Ц.Жаргал




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN

Khodoonii miss, misteruud Mongoliig bukh salbart ni tembuuruulj bna.

2018-05-27 18:51    150.129.143.167
зочин

БЗХӨвчнийг ихэнхдээ биеэ угаадаггүй, бохир, бүдүүлэг эрэгтэйчүүд л эмэгтэйчүүдэд халдаадаг. Мөн Монголын хүн амын бараг 70 хувь нь хөдөөнийх болон хотын гэр хорооллынх тул ялангуяа модон жорлонтой бол нян бактери халдана, халуун усанд тогтмол орох байтугай наад захын гараа бүрэн угаах боломжгүй.

2018-05-25 16:41    103.229.122.107

Сэтгэгдэл нэмэх