Э.Идэрцог: АТГ-ын дарга С.Баяртай уулзсан нь хуулийн дагуу болсон үйл ажиллагаа

2018-05-25 12:57      geregmn

АТГ-ын ажлын тайлан мэдээллийн дараа АТГ-ын газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий хүмүүсийг хорьж байгаа. Өчигдөр Ерөнхий сайд асан С.Баяр эмнэлэгт хүргэгдсэн. Үүнийг Эрүүгийн хууль болон олон улсын конвенцийг зөрчсөн үйлдэл боллоо гэж үзэх хүмүүс байна. Үүнд тайлбар өгнө үү?

-Шалгагдаж байгаа хэргийг прокурорын зөвшөөрлөөр зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлдэг. Тус газрын мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж буй Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэг асуудлаар шүүгчийн захирамж гарч нэр бүхий хүмүүс цагдан хоригдож байгаа. Хоригдож буй тухайд прокурорын гаргасан саналыг шүүх хүлээн авч үндэслэлтэй гэж үзэн захирамж гаргаснаар цагдан хорьж, шалгадаг. Харин хорих үндэслэлийн хувьд шүүхийн шийдвэрээр хоригдсон учраас хэн нэгэн хөндлөнгөөс дүгнэж, тайлбар хийх боломжгүй.

Хоригдож байгаа сэжигтэн, яллагдагч нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу байцаалт, үзлэг, туршилт, эд зүйл хураан авах зэрэг тодорхой мөрдөн шалгах ажиллагаануудыг хуульд хүрээнд прокурорын хяналтан доор явуулдаг. Үүний дагуу цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан яллагдагч нарыг хоригдож буй анги, байгууллагаас нь прокурорын зөвшөөрлөөр түр бичгээр тодорхой хугацаагаар авч, буцаан хүлээлгэж өгдөг. Энэ ажиллагаа нэр бүхий хүмүүс дээр нэгээс хоёр удаа явагдсан. Ажиллагааны хүрээнд 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр Ерөнхий сайд асан С.Баярыг урьдчилан хорих 461 дүгээр ангиас түр бичгээр авчирч өмгөөлөгчийг оролцуулан байцаалт авсан.

-АТГ-ын дарга С.Баярыг өрөөндөө дуудаж уулзсан гэх мэдээлэл бий. АТГ-ын даргад дуудаж уулзах эрх зүйн боломж бий юү?

-Авлигын эсрэг хуулийн 23.1.7-д заасны дагуу АТГ-ын дарга гүйцэтгэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилтай танилцах эрхтэй. Энэ хүрээнд тус газар шалгагдаж байгаа хэрэгтэй танилцах, үүрэг өгөх, үүрэг чиглэлийн биелэлтээ эргэж тооцох нь нээлттэй байдаг. Тухайн яллагдагч хүсэлт гаргасан тохиолдолд хүлээн авч уулзах эрх нь нээлттэй. Энэ ажиллагаа ямар нэг хууль зөрчөөгүй. Манай олон нийтийн зөвлөлөөс хэлж байгаа шиг хор өгсөн, дарамталсан, айлган сүрдүүлсэн  зүйл болоогүй. Хууль зөрчсөн үйл ажиллагаа байгаагүй. Прокурорын зөвшөөрлөөр авч ирсэн.

-Өнгөрсөн хугацаанд хэдэн удаа байцаалт авсан бэ? Нэр бүхий хүмүүс тус бүрээр нь хэлэхгүй юү?

-Хэргийн цар хүрээг та бүхэн мэдэж байгаа. Нэлээд хугацаа шаардлагатай. Үзэж харах, судлах, бусад байгууллагаас шинжээчийн дүгнэлт гаргах гэх мэт ажил их бий. Бид нэг хоногийн өмнө ч болов гэм буруутай эсэхийг нь шийдвэрлэх юмсан гэж ажлын хэсэг прокурорын хяналтан доор өдөр шөнөгүй ажиллаж байна. Прокурорын байгууллагаас ч ач холбогдол өгч тасралтгүй хяналт тавьж байгаа. Хуульд заасан үндэслэлээр тодруулах зүйл гарсан тохиолдолд нэн яаралтай очиж яллагдагчийг байцаадаг. Хэнээс нь хэдэн удаа байцаалт авсан гэдгийг хэлэх боломжгүй. Удаан хугацаагаар залхаасан, цээрлүүлсэн зүйл байхгүй. Энэ бол хуулийн дагуу явагдаж байгаа ажиллагаа.

-Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийг нь хамт хорьсон гэсэн. Одоо болтол хамт хоригдож байгаа юу?

-Хууль зүйн дагуу явсан. Шүүгчийн захирамж гарсан тохиолдолд цагдан хоригдсонд тооцдог. Төрийн тусгай хамгаалалтын алба хаагч нь баривчлах ажиллагаанд байлцсан. Шүүгчийн захирамж гарч цагдан хорих ажиллагаа хүчин төгөлдөр болсноос хойш төрийн тусгай хамгаалалт нь буусан байгаа.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дууссан. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгтэй холбоотой гэх мэдээлэл бий. Үүнтэй холбогдуулан шалгах уу?

-Өмнө нь цагдаагийн байгууллагаас “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан нэг удаа гэрчийн мэдүүлэг авсан. Одоо бид энэ хэрэгт холбогдуулан дуудаж мэдүүлэг авна.

-Ц.Нямдорж сайд, түүний хүү, эхнэртэй холбоотой 17 барилга, байшинг байгаа гэсэн. Энэ талаар танайд мэдүүлсэн үү?

-Энэ талаарх өргөдлийг хүлээн авсан. Шалгалтыг эхлүүлж байгаа.  

Ц.Цэнгэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
122

Энэ Баасань авгай худал хэлсэн бол хүнийг ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн гээд хариуцлага тооцох, үнэн хэлсэн бол Энхжаргалд хариуцлага тооцох хэрэгтэй байна. Ингэж дур дураараа ярьж ард түмнийг айдаст автуулж болохгүй. Хуулийн дагуу шалгаад буруутай хэн нэгэнд хариуцлага тооц. Жирийн иргэн ингэж хэлсэн бол юу болох вэ.

2018-05-26 01:04    122.201.21.140
Гхя

Ц.Нямдоржийн хүү ГХЯ ны ТЗУГ дарга Эрдэнэтэд шахаа хийхээс гадна. АСИАМ.ДИПЛОМАТ 95. Гадаад томилгоог үнэлж зарж байна. Тухайлбал Хөх хотын дэд консулаар Л.Золзаяа гэгчийг Эрээний консулаас хөөгдөж ноцтой гэмт хэрэгт татагдсанч 2 сарын дараа авилгал авч дахин Хөх хотод томилсон нь яалтчгүй хууль зөрччихөөд байна. Мбн бээжин.эрээний.сөүл....

2018-05-25 15:48    1.25.112.106

Сэтгэгдэл нэмэх