Цэцийн эрээвэр гишүүд:Хэн нь хэн бэ

2018-05-24 11:39      ГэрэгМН

Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг УИХ хэлэлцэн хэл амтайхан томилогдлоо.

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг яагаад “солих” болов? ҮХЦ-ийн гишүүн Н.Жанцан, Д.Наранчимэг, Т.Лхагваа, Д.Сугар нарын бүрэн эрхийн хугацаа дууссан юм. Тэд хуульд зааснаар хоёр дахь удаагаа буюу улиран томилогдсон учир одоо дахин томилогдох эрхгүй болсон учир орны гишүүдийг тавих болсон.

Цэцийн есөн гишүүнийг гурав гурваар нь Ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс санал болгосны дагуу зургаан жилийн хугацаатайгаар томилдог. Солигдож буй Д.Сугарыг УИХ-аас санал болгон томилсон бөгөөд нөгөө гурав нь өмнөх Ерөнхийлөгчөөс  “илгээлт” авсан хүмүүс.

Энэ удаа УИХ-аас Засгийн газрын ХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг нэр дэвшүүлсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг санал болгосон.

Одоо ажиллаж байгаа ҮХЦ-ийн гишүүдийг танилцуулбал Цэцийн даргаар Д.Одбаяр, гишүүдээр Н.Жанцан, Н.Чинбат, Т.Лхагва, Д.Наранчимэг, Д.Сугар, Д.Солонго, Ш.Цогтоо, Д.Ганзориг нар ажиллаж байгаагаас  Н.Жанцан, Д.Наранчимэг, Т.Лхагваа, Д.Сугар нарын бүрэн эрхийн хугацаа дээр дурдсанчлан дуусгавар болсон юм.

Цэцийн гишүүдийн томилгоог харвал Д.Одбаяр, Н.Жанцан, Д.Сугар, Д.Ганзориг нарыг УИХ-аас томилсон, улстөрийн өмнөх угшлийг үзвэл МАН-ын харъяат, тус намаас УИХ-ын гишүүн болж байсан Д.Одбаяр гээд хүмүүс байна. Харин Т.Лхагва, Ш.Цогтоо нар АН-ын угшилтай, Ерөнхийлөгчийн зүгээс санал болгон нэр дэвшигдэн томилогдож байсан хүмүүс.

Үүнээс үзэх нь ээ, одоогийн Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшүүлсэн 3 хүн УИХ-аар дэмжигдэж Цэцийн гишүүн болсноор Үндсэн хуулийн цэцэд улстөрийн хүчнүүдийн төлөөллийн харьцаа тэнцвэртэй боллоо.

Уг нь  ҮХЦ нь улстөрөөс хамааралгүй, цэвэр хууль эрхзүйн хараат бус байгууллага  боловч манайд улстөрийн хүчнээс хүмүүсээ нэр дэвшүүлж томилдог нь нууц биш.

Үндсэн хуулийн цэц нь Монгол Улсын Үндсэн хуулийн манаач, улс орны тусгар тогтнолын баталгаа болдог газар. Хуулийн дээд байгууллага болох ҮХЦ-ийн гишүүн болоход тэгвэл ямар шалгуур, шаардлага тавигддаг вэ?

"Иргэн” гэдгээр олны танил хуульч, Монгол Улсын Гавъяат багш Д.Ламжав: 

-ҮХЦ-ийн гишүүнд тавигддаг шаардлага гэвэл энэ талаар Үндсэн хуульд заачихсан байгаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь хууль эрхзүйн өндөр мэргэжилтэй, туршлагатай, “архаг” хуульч хүн байх ёстой юм. Мөн улстөрийн мэдрэмж өндөр, улстөрийн талаар ньюнстай хүн байх юм.

Энд танил талын болон улстөрийн аль нэг нам, бүлгийн эрх ашиг, сонирхлын хүн байж яавч болохгүй. Цэц ийм хүнд тохирохгүй газар. Нэг ёсондоо тохиролцооны томилгоо байх ёсгүй газар. Одоо нэр дэвшиж буй хүмүүсийн хувьд хувь хүн талаас нь надад ярих эрх байхгүй, мэдэх ч үгүй юм байна гэв.

ҮХЦ-ийн гишүүн болох хүн 40 нас хүрсэн, хуульч байх шаардлага тавигддаг. Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуульд: 

  • Үндсэн хуулийн цэц 9 гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилно.
  • Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын 40 нас хүрсэн иргэнийг томилно.
  • Үндсэн хуулийн цэцийн даргаар есөн гишүүний аль нэгийг гурван жилийн хугацаагаар гишүүдийн олонхийн саналаар сонгоно. Түүнийг нэг удаа улируулан сонгож болно.
  •  Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно.
  • Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно хэмээн заажээ.

Тэгвэл иргэн Д.Ламжавын хэлсэнчлэн болон Үндсэн хуульд заасан ҮХЦ-ийн гишүүн болох шаардлагыг одоогийн томилогдсон хүмүүс хэр хангаж байгааг харья.

Ш.Солонго:

Тэрбээр Москвагийн Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж ирснээсээ хойш Засгийн газрын ХЭГ-т мэргэжилтэн, референтаас эхлээд хуульч, дэд дарга хүртэл 20 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа. УИХ-аас нэр дэвшүүлэн дэмжигдэж байгаа түүнийг бусад нэр дэвшигчидтэй харьцуулахад хуулийн ажил, мэргэжлээрээ олон жил дагнан ажиллаж ирсэн, төрийн ажлын туршлагатай.

Ц.Нанзаддорж: 

1996-2011 он хүртэл хуучнаар Төрийн өмчийн хороо (ТӨХ)-нд 20 орчим жил ажилласан. Хууль эрхзүйн мэргэжлийн хүн гэхээсээ илүү олон жил аж ахуйн ажил хийж ирсэн. Одоогийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг ТӨХ-ны дарга байх үед тус хороонд Өмч хувьчлалын газрын дарга байж, З.Энхболдыг УИХ-ын гишүүнээр сонгогдоход ТӨХ-ны дарга болж байсан.

З.Энхболдтой олон жил хамт ажиллаж ирсэн, хуульч биш, төрийн өмчийн 90 гаруй обьектыг өмч хувьчлал нэрээр үнэгүйдүүлэн шамшигдуулж, хуудуутай олон үйл ажиллагаанд оролцож олны зүгээс “Төрөөс төрсөн тэрбумтан” нэр зүүж, ТӨХ-ны даргаасаа огцорч байсан энэ хүнийг Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшүүлсэн нь илт тохиролцооны томилгоо явагдаж байна гэж үзэх талтай.

Ц.Нанзандорж нь ТӨХ-ын даргаар 3 удаа томиогдон ажиллахдаа албан тушаалаа ашиглаж байсны 2-хон жишээг түүний авч байсан 12 сая төгрөгийн цалин, хүүгийнх нь нэр дээрх дансан дахь 2.2 сая ам.доллар харуулдаг.

Г.Туулхүү:

МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн тэрээр Гаалийн ерөнхий газар, Дархан-Уул аймгийн шүүхэд ажиллаж байсан.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, хурандаа хүн. 2014 онд С.Бямбацогтыг ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхад дээрх албан тушаалд томилогдсон байна.  

Б.Буяндэлгэр:

Дорнод аймгаас Ардын Их хурал (АИХ)-д сонгогдож байсан депутатын нэг. Эрхүүгийн улсын их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн. 1984 онд сургуулиа төгссөж ирснээс хойш Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Залуучуудын холбоонд ажиллаж байсан.

1993-2008 онд хувийн хэвшилд ажиллаж байгаад 2009 оноос УИХ-ын Тамгын газрын судалгааны төвийн ахлах референтээр ажилласан. 2012 оны орон нутгийн сонгуулиар Дорнод аймгийн ИТХ-д ИЗНН-аас нэр дэвшин сонгогдсон бөгөөд 2016 оны сонгуулийн босгон дээр АН-д элссэн юм.

Б.Билгүүн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
пдрх

2014 онд ХЗДХ-ийн сайд Бямбацогт байаагүй

2018-07-09 09:24    64.119.25.143

Сэтгэгдэл нэмэх