Т.Хулан: Шинж тэмдэг илрэхгүй гэнэт харвадаг учраас даралт ихсэлтийг “чимээгүй алуурчин” гэж нэрлэдэг

2018-05-18 12:01      geregmn

“Оном” сангийн “Эрүүл зүрх, эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн удирдагч, их эмч Т.Хулантай даралт ихсэлтийн талаар ярилцлаа.

-Манай улсын хүн амын дунд даралт ихсэлт хэр байдаг вэ?

-Монгол Улсын 15-64 насны хүн амын дунд даралт ихсэлтийн тархалт буурахгүй байна. 2005 оноос хойш үндэсний хэмжээний гурван том судалгаа хийсэн. Судалгаагаар дээрх насны хүмүүсийн 30 гаруй хувь даралт ихсэлттэй гэдгийг тогтоосон. Одоогийн байдлаар даралт ихсэлттэй хүмүүсийн 20 гаруй хувь нь эрүүл мэндийн системд хамрагдсан. Үлдсэн 70 гаруй хувь нь даралт ихсэлттэйгээ мэдэхгүй явна. Даралт ихсэлтийн эрсдэл нь маш аюултай. Нийт даралт ихсэлттэй хүмүүсийн долоон хувь нь даралтаа хэвийн түвшинд нь байлгаж чаддаг.

-Ямар эрсдэл учрах вэ?

-Тархинд цус харвах, зүрхний шигдээс, судас хатуурах, нүдэнд цус харвах, хараагүй болох, бөөрний судас хатуурч нарийсан дутагдалд орох, шээс шүүх хоргүйжүүлэх ажиллагаа алдагдах, хөлний захын судаснууд нарийсах зэрэг олон эрсдэл дагуулна. Тиймээс даралт ихсэлтээс айх хэрэгтэй. Хэрэв бид даралтын хэмжээгээ мэдээд, эрт илрүүлээд эмчилж чадвал даралт ихсэлтгүй байж, дээрх эрсдлүүдийг буруулах боломж бий.

-Даралт ихсэхэд юу нөлөөлдөг вэ?

-Буруу хоололт, давсны их хэрэглээ, илүүдэл жин, архи, тамхины хэрэглээ болон бусад зүйл шалтгаалдаг. Эдгээрийг хүмүүс мэддэг атлаа үр дагаварыг нь төдийлөн сайн мэдэхгүй байна. Зүрх, судасны өвчлөл, түүгээр нас баралтын 50 хувь нь даралт ихсэлттэй холбоотой.   

АНУ-ын олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар цус харвалтаас үүдэлтэй нас баралтаар Монгол Улс дэлхийн дунджаас дөрөв дахин өндөр буюу нэгдүгээр байранд явж байна. Үүний шалтгаан нь монголчуудын дунд даралт ихсэлт их байгаагийн зэрэгцээ хяналт байхгүйтэй холбоотой юм.

-Даралт ихсэх үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Хүзүү хөших, мөр өвдөх, толгой эргэх зэрэг олон янзын шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ шинж тэмдэг илрэхгүй атлаа даралт өндөр байх тохиолдол элбэг байна. Ийм байж байгаад гэнэт харвах, өөр эрсдэл дагуулах аюултай. Тиймээс даралт ихсэлтийг чимээгүй алчуурчин гэж нэрлэдэг. Залуу хүмүүс “Би даралтаа үзүүлж байгаагүй. Даралт өндөр байгаагаа мэддэггүй” гэдэг. Даралт ихсэлтийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдаж, даралтынхаа түвшинг мэдэх хэрэгтэй.

-Хэдээс дээш байх тохиолдолд даралт ихсэлт гэж тооцох вэ?

-Хүн бүр 120:80 хэвийн даралт гэдгийг мэддэг. Гэхдээ одооноос 130:80-аас дээш даралтыг ихсэлтэд тооцно. Өмнө нь 140-өөс дээш байвал өндөр гэдэг байсан.  Сүүлийн үед харвалт их байгаа учраас 130:80-аас дээш даралтыг өндөрт тооцохгүй бол болохгүй байна. Тиймээс энэ талын заавар журмууд ч гарч эхэлсэн.

-Эрт илрүүлэгт хамрагдахын тулд хаана хандах вэ?

-Өрхийн эрүүл мэндийн төвд эрт илрүүлэг хийдэг. Харьяа Өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очиж даралтаа үзүүлэх, оношлуулах, эмчлүүлэх бүрэн боломжтой. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд энэ чиглэлийн менежментийг сайжруулах ажил байнга явагддаг.

-Даралт ихсэлтийг үүсгэхгүй байх боломж бий юү?

-Даралт ихсэлтэд нөлөөдөг хүчин зүйлсийг арилгах хэрэгтэй. Давс, өөх тосны хэрэглээг багасгах, илүүдэл жингүй байх, архи тамхины хэрэглэхгүй байх шаардлагатай. Эдгээр нь дан дангаараа даралт ихсэхэд нөлөөлдөг. Эрсдэлт хүчин зүйл олон байх тусам даралт ихсэлт түрэгсэнэ.

-Даралт ихсэх тохиолдолд дур мэдэн эм уух нь бий. Энэ нь хэр зохистой вэ?

- Даралт бууруулах эмнүүд олон янз бий. Химийн ангиллаараа 6-7, үйлчилгээгээрээ 4-5 төрөл байх жишээтэй. Монголд нэг эмэнд хоёр үйлчилгээ хавсарсан өдөрт 1 удаа уудаг сайн эмнүүд орж ирсэн. Гэхдээ дур мэдэн эм хэрэглэх ёсгүй. Ингэснээр олон эрсдэл учирна. Учир нь эмч таныг үзэж танд дагалдах өвчлөл байгаа эсэхийг хянаж үзснээр тохирох эмийг бичиж өгдөг. Гэтэл эмчийн заавар, зөвлөгөө авалгүй эм авч уух нь даралтаа хэт унагах, бусад өвлөлтэй нь харшлах, эмийн гаж нөлөө дагуулах эрсдэл үүснэ. Тиймээс хэрхэвч дураараа хэрэглэж болохгүй. Харин эмчийн бичиж өгсөн эмийг жорын дагуу тогтмол хэрэглэх ёстой. Зарим хүмүүс эм уугаад даралт нь хэвийн болохоор орхичихдог. Энэ бол маш буруу. Эмчилгээний үр дүнг эрс багасгана.

Ц.Цэнгэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Баяр

Нөхрийх нь цэргийн найзаас мэндчилж байна. Хуландаа ажлын амжилт хүсье. Зөвлөгөө өгсөнд баярлалаа

2018-05-18 16:34    202.21.102.226
Намжилмаа

БаЯрлалаа, зөвлөгөө өгсөнд.

2018-05-18 14:02    202.179.27.133

Сэтгэгдэл нэмэх