Ж.Батзандан: Сорилт бүхнийг даван туулснаар аз жаргалтай амьдрал ирнэ гэдэгт итгэдэг

2018-05-16 17:08      geregmn

Хүн болж төрсөн хувь заяаныхаа эзэн байхын тухайд “Төрсөн өдөр”-ийн эздийн сэтгэгдлийг хуваалцдаг “Төрсөн өдөр” булангийнхаа анхны зочноор УИХ-ын гишүүн Ж.Батзанданг урьж ярилцлаа. Энэ сарын 11-нд түүний 44 насны төрсөн өдөр тохиосон юм.

-Та төрсөн өдрөө яаж тэмдэглэв. Төрсөн өдөр таны хувьд...?

- Би төрсөн өдрөө бараг тэмдэглэж үзээгүй л дээ. Саяхан эхнэр маань санаачилж, миний төрсөн өдрийг цөөн хэдэн найз нөхдийн хүрээнд тэмдэглэсэн. Нас 40 гарчихлаа. Дөрвөн хүүхдийн эцэг боллоо. Төрийн хариуцлагатай алба хашиж байна. 44 нас гэдэг бага тоо биш. Дөч хүрсэн эр, дөрвөө дарсан ат гэдэг шүү дээ. Мэдээж, ахмад буурлуудын дэргэд туршлага дутмаг ч 20 настай хүүхдүүдийн дэргэд бол арвин туршлагатай, амьдрал үзсэн нас.

 Хүн ер нь төрсөн өдрөөрөө баярлаж цэнгэхээс илүүтэй өнгөрснөө дүгнэж, ирээдүйн төлөвлөгөөгөө эргэцүүлж нэг харах хэрэгтэй гэж боддог. Өнөөдрийг хүртэл 10 гаруй жилийн турш улс төр,  нийгмийн амьдралд өөрийгөө зориулсан байна. Гэхдээ энэ зүтгэл маань санаанд гүйцэд хүрэхгүй байна. Тиймээс ирж буй он жилүүдийг илүү үр дүнтэй өнгөрөөж, улс орон, зон олныхоо төлөө чадах бүхнээ хийнэ гэж бодож байна. Монголынхоо төлөө зүтгэж л байвал энэ насны буян юм даа.

-Хүн болж төрнө гэдэг ховор хувь заяа гэж ярьдаг. Таны бодлоор хүн болж төрсний учир утга юу вэ?

-Хүн бүр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлтэй. Түүнийхээ төлөө эцсээ хүртэл зүтгэж, тэмцэж, үр шимийг нь хүртэх нь хүн болж төрсний утга учир юм болов уу.

Зарим хүн бусдыг эрүүл болгох мөрөөдөлтэй. Зарим нь бусдад сайн зүйл зааж сургахыг эрмэлздэг. Зарим хүүхэд ирээдүйд сайн улстөрч болж, ард олныхоо төлөө тэмцэх, шударга үнэнийг тогтоох мөрөөдөлтэй байдаг. Миний зорилго бол Монгол Улсаа Сингапур шиг өндөр хөгжилтэй, Финлянд, Норвеги шиг нийгмийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн тогтолцоотой, Англи шиг үйлдвэрлэгч, Герман шиг эрх зүйн систем нь хөгжсөн орон болгох. Товчхондоо миний Монгол дэлхийн тэргүүлэгч орнуудын нэг болоосой гэж мөрөөддөг. “Би үүний төлөө юу хийж чадах вэ” гэж өөрөөсөө байнга асуудаг.

Лиу Куан 30 жилийн дотор Сингапурыг дэлхийн топ 20 орны тоонд оруулж чадсан. Н.А.Назарбаев 20 гаруйхан жилийн дотор Казакстаныг өндөр хөгжилд хүргэж байна. Эрдоган Туркыг хүчирхэг эдийн засагтай орон болгож чадлаа. Бид ч гэсэн монголоо дэлхийн хүчирхэг улсуудын нэг болгож чадна. Энэ бол миний амьдралын зорилго. Улс төрчийн замыг туулж буй хүн бүр л ийм мөрөөдөлтэй ордог байх.

 -Таны мөрөөдлийн хэдэн хувь биелэлээ олсон гэж бодож байна вэ?

-Би зүтгэж явна. УИХ-ын гишүүн болоод зургаа дахь жилдээ хууль тогтоож байна. Монгол Улс 28  жилийн өмнө хаалттай, иргэд нь үг хэлэх эрхгүй, өмч хөрөнгөгүй байсан. Хувийн орон сууц, мал, эд хөрөнгөтэй байхыг, гадаадад явахыг нь хориглодог байлаа. Ардчиллын буянаар монголчууд эрх чөлөөтэй болсон. Одоо эрх чөлөөнийхөө буянаар дэлхийтэй өрсөлдөх хэмжээний хүчирхэг болж чадна гэдэгт итгэдэг. Монгол хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, авлига, хулгай луйвартай тэмцэх нь миний зорилт. Өнөөдөр “Би зорилго, зорилтоо хангалттай биелүүлсэн” гэж хэлж чадахгүй. Гэхдээ чадлынхаа хэрээр тэмцэх болно.

 -Та төрийн өндөр албан тушаал хашиж байна. Тантай адил мөрөөдөлтэй хүн бүхэнд төр түшилцэх хувь заяа олдоггүй шүү дээ...?

-УИХ-ын гишүүн, сөрөг хүчний гишүүн байна гэдэг амархан ажил биш. Ялангуяа, шударга ёс, зарчмын төлөө тэмцэнэ гэдэг амаргүй зүйл. Асар их дарамт, шахалтан дундуур урагшилж байна. Гэхдээ амархан ажил хорвоогийн хаана ч байхгүй л дээ. “ТЭМЦСЭН ХҮН, ТЭМЦСЭН АРД ТҮМЭН ЖАРГАДАГ. ТЭМЦЭЭГҮЙ АРД ТҮМЭН МӨХДӨГ” гэж үг бий. Монголын ард түмэн үеийн үед тэмцэж ирсэн. Манжийн эсрэг, коммунизмын эсрэг тэмцэж л байсан. Одоо олигархийн засаглал, бүлэглэлийн эсрэг тэмцэж байна. Амьдрал бол мөнхийн тэмцэл юм. Тэмцлийн шуурган дунд бууж өгөхгүй, итгэл үнэмшлээ гээхгүй ээ. Сорилт бүхнийг даван туулснаар аз жаргалтай амьдрал ирнэ гэдэгт итгэдэг.

Ц.Жаргал




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх