О.Нямдаваа: ТҮҮХЭЭ МЭДЭЖ ТҮҮНДЭЭ ТУЛГУУРЛАЖ АЖИЛЛАВАЛ ИРЭЭДҮЙГЭЭ ХАРЖ ЧАДДАГ

2018-05-15 09:57      geregmn

Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин, доктор, профессор, “Дэлхийн монгол гарал үүсэлтэнгүүдийн төв”-ийн тэргүүн О.Нямдаваа гуай Энэтхэгт олон жил Элчин сайдаар ажиллах хугацаандаа өвөг, дээдсийн түүхийг судалсан ховор дипломатч. Бид түүнийг ГУРВАН САЯЫН 1 буландаа урьж ярилцлаа.

Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин, доктор, профессор О.Нямдаваа Балбын монголчууд, Энэтхэгийн монголчууд, Ил хаант улс, Дэлхийн монголчууд гэсэн дөрвөн үзэсгэлэн гаргаж, олны хүртээл болгожээ. Засгийн газрын XI байрны хойд хаалгаар ортол Монголын хаад, тэдний өв соёл, түүхэн дурсгалуудыг харуулсан дэлгэмэл зургууд угтсан нь“Дэлхийн монголчууд-Их эзэн Чингис хаан, түүний өв соёл” үзэсгэлэнгийн танхим байлаа.

Анх Энэтхэгт очиж, Ж.Неругийн номын сангаас өөрийн улсын тухай мэдэхийг хүссэн нь түүнийг дундрашгүй баялаг Монголын эзэнт гүрний түүхтэй холбожээ. О.Нямдаваа гуай Алтан ордын улс, Юань, Цагаадайн бас Ил хаант, Монголын эзэнт улс гээд таван эзэнт гүрний түүхийг судалжээ.

Тэрбээр “Хаадууд агуу сэтгэлгээтэй, холч ухаантай байсан. Тулуй хааны хатан Сорхогтани Бэхи хүүхдүүддээ Ази, Европоос багш нар урьж ирж хичээл заалгадаг байсан нь хожим Мөнх, Хубилай, Хүлэг, Ариг бөх гээд дөрвөн хааныг бэлтгэсэн түүхтэй.  Үүнээс харахад монголчууд хүүхдээ ямар мундаг хүмүүжүүлдэг байж вэ” хэмээн үзэсгэлэнгээ тайлбарласнаар бидний яриа  эхэлсэн юм.  

ЭНЭТХЭГТ ОЧСОНООР ЕРТӨНЦИЙГ ХАРДАГ БАЙСАН НАРИЙХАН ЗАВСРЫГ ТЭЛЖ ЧАДСАН

 -Та Энэтхэгт удаан байсан хүн. Анх юу таныг тийшээ хөтөлчихсөн хэрэг вэ?

-Би 1967 онд Москвад очиж, Олон Улсын харилцааны дээд сургуульд сурч 1972 онд төгссөн. Тухайн үед намайг ямар ч бэлтгэлгүй явуулж байсан юм даг. Арван жилдээ гайгүй сурсан болохоор Москвад суралцах боломж олдсон юм. Нэр хүндтэй, том сургууль гэдгийг нь очоод мэдэж билээ.

Надад тус сургуулийн Эдийн засгийн ангид суралцах хуваарь өгсөн. Хуваарь нь ч таалагдлаа. Тэгээд шалгалт өгч тэнцсэн. Тухайн үед орос хэл ч тааруу байв. Ингээд гадаад худалдааны эдийн засгийн ангид суралцаж, хажуугаар нь англи хэл сурах шаардлага гарсан. Сурч байхдаа Энэтхэгийг их сонирхоно, киног нь үзнэ. Ингээд төгсөөд иртэл ГЯЯ-нд ажилд ор гэдэг хүсэлт тавьдаг юм байна. Тэр үед олон улсын харилцааны мэргэжилтэй хүн л яаманд ордог байлаа. Гэтэл би гадаад худалдааны эдийн засагч хүн. Хэлээ ч сайжруулах шаардлагатай боллоо.

Гэтэл 1974 онд “Энэтхэгт Хиндү хэлний ангид ГЯЯ-ны англи хэлтэй хүмүүс явуулж, хоёр жил сургана. Англи хэлээ сайжруулаад Хиндү хэл сурах боломжтой” гэдэг юм байна. Надад энэ саналыг тавьснаар 1974 оны өвөл Энэтхэгийг зорилоо. Тэр үед манайх социалист дэглэмтэй байсан.

Намын төв хорооноос намайг үе үе дуудаж В.И.Лениний зохиолыг, бодол санааг минь асуусан. Үүний цаад санаа нь “Хөрөнгөтөн оронд очоод бодол санаагаа хувиргахгүй биз” гэсэн агуулга байсан байх.

Энэтхэгт очоод Ж.Неругийн нэрэмжит номын санд орж үзлээ. Монголд 10 жил, Москвад таван жил сурсан ч Монголын түүхийн мэдлэг тааруу байлаа. Монголын талаар юу байна гээд хартал /уулга алдав/ агуу их юм байсан. Чингис хаан аугаа байж,  Монгол Улс дэлхийн хагасыг эзэлсэн аугаа орон байж, өвөг дээдэс маань хүчтэй, мундаг зүйл хийсэн юм байна гэсэн бодсон. Их бахархаж, баярлаж байлаа.

-Таны хувьд цоо шинэ ертөнц нээгджээ дээ?

-Хуучин “Та нар бүдүүлэг, хоцрогдсон, мэдэх юм байхгүй. Устаж байсан улсыг бид босгосон” гэдэг зүйлийг сонсож байсан болохоор Монголоо ингэж л төсөөлдөг байлаа. Гэтэл Энэтхэгт очсоноор ертөнцийг хардаг байсан нарийхан завсрыг тэлж чадсан.

Ингээд Рам Рахул гэдэг хүний “Орос, Хятад хоёрын хоорон дахь Монгол Улс” гэсэн номыг авч үзлээ. Гэтэл 1924 онд Орос, Хятад /Чан Кай шигийн үед/ хоёр нарийн хэлэлцээр явуулж, Монголыг Хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн гэрээ байсан. Түүнийг хараад “Ямар сонин юм бэ. Ийм байх ёсгүй дээ. Орост 1917 онд Октябрийн хувьсгал ялсан. Манайд 1921 онд хувьсгал ялсан. Түүнээс хойш Оростой “Социалист системийн нэг хэсэг. Ах, дүү орон” гэж байсан бодлого юу болов. Ер нь би буруу ойлгоод байна уу” гэж бодоод тэр өгүүлбэрийг гурван удаа уншлаа. Тэгсэн үгүй, бүр яг юм аа. Сэтгэл тавгүй болоод явчихлаа. Тэгээд “Бодлого гэдэг энэ юм байна. Монголыг хоёр улс хоорондоо хэлэлцээр хийгээд зарчихаж болдог юм байна” гэдгийг ойлгосон. Ингэж ойлгоод л түүх, соёлоо өөрөө сонирхож, судалж эхэлсэн.

-Ямар учиртай гэрээ байв аа. Та учрыг нь олж үзэв үү?

-Үзсэн. Монгол, Түвд хоёр Манжуурын Засгийн газрын мэдэлд байж л дээ. Тэгээд 1913 онд Монгол, Түвд хоёр тусгаар тогтнолоо зарлаж, нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрч, худалдааны гэрээ байгуулсан байгаа юм. Үүнийг Манжуурын Засгийн газар хүлээн зөвшөөрөөгүй.

Чан Кай ши, түүний хүү хоёр “Монголын тусгаар тогтнолыг битгий дэмжээч. Та нар Монголд ороод байрла. Бид юу ч хэлэхгүй. Зөвхөн Монголын тусгаар тогтнолыг битгий зөвшөөр. Хэрэв төв нь тусгаар болчихвол Шиньжян уйгар манайхаас салж, бүрэлдэхүүн улс задрах гээд байна” гэж Оросоос гуйж, шахалт үзүүлсэн байдаг. Тухайн үед Оросууд “Монгол бол Хятадын нэг хэсэг” гэдэг тактик байсан гэж тайлбарладаг. Үүнийгээ “Хэдэн жилийн дараа өөрчилнө гэсэн бодолтой байсан. Тийм учраас та бүхэн битгий зоволтгүй” гэж хэлдэг. Энэ нь тухайн үед манайд хүнд тусч байсан.

Тэгэхээр 1924 онд Үндсэн хууль баталж, дараа нь бүх нийтийн санал хураалт явуулсан нь үүнтэй холбоотой юм. Ийм гэрээ байсан учраас монголчууд бүх нийтээрээ санал өгч, “Монгол бол тусгаар тогтносон улс” гэдгээ зарласан.  Үүний дараа Оросын хандлага өөр болж эхэлсэн.

Дараа нь “Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрч, НҮБ-ын гишүүн болгож болохгүй” гэж Хятадууд шахалт үзүүлдэг байсан. Дэлхийн II дайны үед ЗХУ-д тусалсан ганц орон нь Монгол байлаа. Өөрийн боломжоороо тусалсан нь Иосиф Сталинд хүрч байв. Энэ нь Иосиф Сталины сэтгэлийг өөрчилсөн байх. Тиймээс Иосиф Сталин гурван гүрний том гэрээн дээр Монголыг хүлээн зөвшөөрөх асуудлыг босгож тавьсан. Энэ бол бидний хувь заяа, аз.

ЭНЭТХЭГИЙН МОНГОЛ ГАРАЛТАЙ ХҮМҮҮС “МОНГОЛ БИДНИЙГ МАРТСАН” ГЭЖ ХЭЛСЭН

-Хүн бүр хүсээд бас тэр бүр санаснаар болдоггүй холын садантайгаа уулзах боломж Танд олджээ. Балбын монголчууд, Энэтхэгийн монголчууд гээд ер нь Монголыг  гэх сэтгэл яг адилхан байдаг болов уу?

-Эхлээд Энэтхэгийн монгол гаралтай хүмүүстэй уулзсан. “Энэтхэгийн Зүүн хойд талд Бангладешийн өндөрлөгт орших найман мужид 30 орчим сая монгол гарал үүсэлтэй хүмүүс бий” гэж мужийн тэргүүн сайд нь мэдэгдэл хийсэн юм. Тэгээд сонирхоод тэр хүмүүстэй уулзаж үзлээ.

 Манай монголчуудаас царай, зүс ялгарах юм алга. “Дорж, Дулмаа” гээд дуудчихмаар... Тэдний нэг нь надад агсам тавьдаг юм байна. “Та ер нь өөдгүй хүн. Танай улс худлаа хэлдэг. Өөдгүй” гэж байна.

“Юу гэнэ ээ” гэсэн чинь “Та нар худлаа ярьдаг худалч ард түмэнтэй. Та тэднийг төлөөлж байгаа биз дээ” гэлээ. Мэдээж, ундууцал хүрнэ шүү дээ. Тэгээд “Юу яриад байгаа юм бэ. Хүн андуураад байна уу, та. Намайг мэдэх үү” гэж асуулаа. Тэгсэн “Мэднэ. Та Монголын Элчин сайд биз дээ” гэж байна. Хүмүүсээс зайдуу очоод ярилцья гэсэн зөвшөөрч байна шүү. “Та яагаад ингэж хэлэв” гээд учрыг лавлалаа. “Та нар биднийг ирж авна гэж хэлээд хэдэн зуун жил боллоо. Бид ирж авна гэж бодоод өнөөг хүртэл хүлээж байна. Худлаа хэлсэн л байгаа биз дээ, Монгол Улс. Биднийг мартсан” гэж байсан.

Дараа нь Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр Афганистанд очсон юм.

“Тэнд манай Элчин сайдын гурван байшин байгаа. Үзэж сонирхоод Афганистаны хүмүүстэй уулзаж, хоёр орны харилцаа-хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлж болохыг судлаад ирээч” гэсэн чиглэл өгсөн. Би Делигээс нисэж Кабулд буулаа. Энэ далимаараа монгол гаралтай Хазара нартай уулзсан.

Тэд “Афганистан улс 20 жил байлдлаа. Энэ хугацаанд Узбекүүд узбекүүдэд, афганистанууд пуштунд, пакистанчууд талибануудад ирээд тусалчих юм. Бид Монголоос тусламж ирэхийг хүлээсэн. Огт тусалсангүй” гэсэн. Тухайн үед манай Засгийн газар эм явуулсан юм. Тэр эмийг Засгийн газарт нь хүлээлгэж өгнө л гэж хэлсэн юм. Тэд монгол үг их хэрэглэдэг. Зан заншил адилхан. Сахал ургуулж, исламын шашин шүтэхгүй бол Афганистаны нутгаас хөөнө гэсэн учраас аргагүй эрхэнд шүтэж эхэлсэн.

Балба 29 сая хүнтэй. Түүний 12 сая нь монголчууд. Тэд өөрсдийгөө монголчууд гэдэг. Харин Энэтхэгт байдаг хүмүүс өөрсдийгөө монгол гарал үүсэлтэй гэдэг. Тэд Балбад үе үеэрээ нүүн ирж сууршсан гэдэг. Хамгийн эхнийх нь Хүннү, түүнээс өмнө ч байж болох юм гэж үздэг.

Юань гүрэн задарсны дараа Бээжинд байсан монголчууд нутагтаа ирсэн. Харин Хятадын өмнөд хэсэгт байсан монголчуудаа авч чадаагүй. Юань гүрний дараа байгуулагдсан улс нүүх хөдөлгөөнийг хориглосон учраас тэдний зарим нь цааш зугтаж Энэтхэг, Бирм, Лаос, Тайландад очсон. Зарим нь тэндээ үлдсэн.

БНХАУ-ын Элчин сайдын яамны нэг дипломатч хүн надад “1949 онд БНХАУ байгуулагдахад Юунань мужийн монгол гаралтай хүмүүс өргөдөл бичээд Ерөнхий сайд байсан Жунь Лайд “Бид монгол руугаа буцая” гэсэн өргөдөл бичсэн.

Жунь Лай хариуд нь “Та бүхэн манай нутагт 300 гаруй жил үр, хүүхэдтэйгээ амьдарч дассан. Бид та бүхнийг хан үндэстэнтэй адилтган үзнэ. Та бүхэн эндээ амьдар” гэсэн гэж ярьсан. Тэгэхээр дэлхийн өнцөг булан бүрт байдаг монгол гарал угсаатнууд “Бид Монголын тухай дандаа сонсохыг хүсдэг. Сайхан мэдээ гарах болгонд сэтгэл тэнүүн баярладаг. Монголын төлөө мөргөл хийж залбирдаг” гэж ярьдаг.

Би тэдний дунд орж сонссон учраас “Тэд монголыг шүтээн, сахиусаа хэмээн үздэг юм байна” гэж хэлдэг.

Тэд “Монголыг үзэж, Туулын уснаас амсаж, Чингис хааны төрсөн газарт хүрч, Бурхан халдунд мөргөж үзье” гэж ирдэг.

Тиймээс бид тэднийг бодолтой хүлээн авах ёстой. “Чи орос, чи афганистан, чи хужаа” гэж хандвал тэдний зүрх сэтгэл задрах шахтлаа гомдоно.

Монгол Улсын Засгийн газраас гуравдагч хөршийн бодлого явуулж байна. Ингэхдээ Засгийн газар дэлхийд тархан суурьшсан монгол гарал үүсэлтэй 50-60 сая хүмүүст тулгуурласан бодлого явуулж чадвал бүх дэлхийн монголчууд хамтраад их зүйл хийх боломж байна.

МИНИЙ ҮЗЭСГЭЛЭНГ 10 ХҮН ҮЗЛЭЭ ГЭХЭД 2 НЬ ЮМ БОДООД ГАРВАЛ БОЛОХ НЬ ТЭР

- Үүнийг олж харна гэдэг Энэтхэг явсны нэг том ололт юм даа?

-Шинжлэх ухааны академийнхан “Энэтхэгийг сонирхдог, бүх газраар нь явсан хүнийг бүтээхэд их хугацаа хэрэгтэй. Та энэ цагийг илээж, даван туулсан хүн. Тиймээс жаахан юм үлдээгээч. Битгий энэ бүхнийг аваад бурхны оронд явчихаарай. Таныг Монгол Улсын Засгийн газар бүтээчихсэн байна. Одоо та хариугаа барь л” гэж бараг хэлээд байгаа юм /инээв/.

Өнөөгийн залуус зөвхөн Чингис хаан л гэж мэддэгээс ямар соёл, зан заншил, түүх, хууль зарчим байсан юм, дэлхийн хэмжээнд ямар бодлого баримталж байсныг нарийн хэлж өгмөөр байна. Манай үзэсгэлэнд орж ирээд 20-30 минут байх хооронд нь түүхээ хэлээд өгчихвөл толгойд нь нэг юм бууна. Энд тэнд түүхтэй холбоотой ном харвал “Нямдаваа гуай яриад байсан нь энэ юм байна” гээд үзнэ.

-Энэтхэгийн том соёл иргэншлээс Монгол руугаа зөөх юмсан гэсэн зүйл олон л байсан байх. Хамгийн их эх орондоо авчирах юмсан гэсэн, авчирсан зүйл тань юу байсан бэ?

- Намайг явахад “Энэтхэгийг Жагарын орон, бурхны шашныг дэлгэрүүлсэн орон гэж үздэг. Тиймээс монголчууд Гангын уснаас амсаж, бурхан багшийн мэндэлсэн газраас шороо авахаа боддог. Тиймээс ахдаа пенициллиний шилэнд Гангын уснаас аваад ирээрэй. Бурхан багшийн хувилгаан дүрээ олсон газрын шорооноос жаахан аваад ирээрэй” гэж захиж байсан. Тухайн үед шашин гэдгийг ойлгодог ч үгүй байлаа. Улсаас шүтэхийг хориглодог байсан болохоор “За даа, их л сонин газар очих нь дээ” гэж бодсон.

Нэгдүгээрт, Энэтхэгт жижиг, чамин, нандин зүйлүүд хийдэг цех, жижиг үйлдвэрлэл байдаг. Түүнийг л Монголдоо нэвтрүүлье гэсэн бодолтой явсан. Хоёрдугаарт, 1980-аад оноос Энэтхэгт мэдээллийн технологийн төвүүд барьж эхэлсэн. Америкийн том үйлдвэрүүдийн салбар байгуулагдаж байлаа. Компьютер, интернэт нэвтэрч байсан үе л дээ. Энэ сайхан технологийг яаж Монголдоо хэрэгжүүлэх вэ гэж бодсон. Ингээд 2001 онд Ерөнхийлөгч Н.Багабандийн Энэтхэг дэх айлчлалыг Делид бус Энэтхэгийн мэдээлэл технологийн гол төв болох Бангалор хотоос эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, “Монгол Улсын Ерөнхийлөгч шинжлэх ухаан, технологийн чиглэлд анхаарал хандуулж байна” гэдэг мэссэжийг Энэтхэгийн Засгийн газарт өгсөн юм.

Дараа нь мэдээллийн технологийг Монголд бий болгож, технологийн төв, Ражив Гандигийн нэрэмжит политехникийн сургууль  байгуулж, Бурхан будда гэгээрсэн модны дэргэд монгол сүм байгуулсан.

“Мэдээллийн технологийн хамтын ажиллагааг хөгжүүлье” гэж таньдаг байсан Энэтхэгийн Мэдээллийн технологийн яамны газрын  даргад нь захиа бичлээ. Тэгсэн нэг өдөр утас цохиж байна.“Таны захиадалыг төрийн нарийн бичгийн даргадаа танилцууллаа. Монголтой хамтын ажиллагаа явуулж яах юм, ямар ашигтай юм гэсэн цохолт хийчихлээ. Уучлаарай. Мэдээллийн технологийн хамтын ажиллагаа явуулж чадахгүй нь” гэсэн.

“Та сайдтай уулзаж энэ асуудлыг шийд. Сайд зөвшөөрсөн цагт төрийн нарийн бичгийн даргын шийдвэрийг өөрчилж болно” гэдэг зөвлөгөө өглөө. Тэгээд сайдад нь нүүрээ алгадуулчихгүйн тулд төлөвлөгөө боловсрууллаа. Бодоод байсан 1955 онд манайд айлчилж байсан Рагу Вира гэдэг хүнтэй нэг нам байж таарсан. “Рагу Вира бол Монголд ирж Ганжуур, Данжуурыг хувилж аваад явсан хүн. Тэгэхээр Монгол, Энэтхэгийн эртний харилцааг мэдэх хүн байна” гэж бодоод нарийн бичиг залуугаа дагуулаад очлоо.

Жаахан юм ярьж байгаад Рагу Вираг ярьсан чинь “Өө тийм. Рагу Вира “Монголчууд их сонин хүмүүс. Мах их иддэг юм байна. Монгол их хүйтэрдэг газар юм” гэж ярьдаг байсан.

Ийм сайхан эртний уламжлал, хэлхээ холбоо байна” гэхэд нь “Бид мэдээлэл технологийн хамтын ажиллагааг хөгжүүлмээр байна. Энэ чиглэлд хүмүүсээ сургамаар байна. Та туслаач” гэсэн. Ингээд сайд нь зөвшөөрч байлаа. Тухайн үед бидний уулзалтад бидний яриаг тэмдэглэж авсан хүн Энэтхэгийн талд байгаагүй. Манай талаас нарийн бичиг тэмдэглэсэн. Тэгээд өрөөндөө ирээд “Эрхэм сайд та намайг хүлээн авсан явдалд их баярлалаа. Мэдээллийн технологийн хамтын ажиллагааг хөгжүүлье гэж санал солилцоод зөвшөөрч дэмжсэнд талархаж байна. Энэ хамтын ажиллагаа хамтдаа өргөжүүлэх болно” гэж бичээд сайдад нь явуулсан. Сайд хүлээн авснаар мэдээллийн технологийн салбарт нэлээдгүй хамтын ажиллагаа өрнүүлж чадсан.

-“Дэлхийн монгол гарал үүсэлтэнгүүдийн төв” байгуулахын ач холбогдлыг та юу гэж хардаг вэ?

-Би Бирмд нэг удаа айлчлалаар очсон. Тэнд монголчуудын дээр үеэс “Сэвлэгийн сүм” гэж нэрлэдэг газар бий. Бурхан багшийн сэвлэг байдаг учраас монголчууд ийм сайхан нэр өгсөн. Хубилай хааны үед монгол цэргүүд бирмийг эзэлж байж л дээ. Тэгээд Бирмийн албаны хүнтэй ярьж байтал “Бирмийн нэг ламаас Хубилай хаанд цэргээ татаж гаргахыг хүссэн захидал бичсэн. Тэр нь манай архивт байдаг юм” гэж байна.

“Өөр Монголын юу байна” гэж асуулаа. Тэгсэн “Монголчуудын бясалгал хийдэг байсан газар 10 гаруй км-ын цаана бий. Хурлын дараа явж үзүүлье” гэж байна. Ингээд очсон чинь хөдөө буйд газарт давхар байшингийн доод хонгил руу орлоо. Гэрэл тусгаад харсан монгол дээлтэй, монгол хүн зогсчихсон хажууд нь нэг хүн нум сум харваж байгаа зураг байна. Яг, цэвэр монгол юм аа. Гэрэл тусгаад ганц нэг кадр дарсан боловч тас харанхуй гараад болоогүй.

Би Монголдоо ирээд “Өнөөдөр” сонинд энэ талаар өгүүлэл бичиж нийтэлж байлаа. Тэгэхээр очсон газар бүхэнд Монголтой холбоотой зүйлүүд байгаад байсан. Би тэдэнтэй уулзаж, мэдсэн учраас тэднийг Монголын төр, ард түмэнд мэдүүлэх, хооронд нь уулзуулах, яваандаа монголчуудыг нэгтгэх, бүх монголчуудын төв нь Улаанбаатар юм гэдгийг ойлгуулахыг зорьсон.

Анхны хурлыг 2013 онд Балбын Катмандуд хийсэн. Хоёр дахь  хурлыг Энэтхэгт, гурав дахь хурлыг монголд хийхээр төлөвлөсөн боловч дэмжиж байсан Энэтхэгийн парламентийн хоёр гишүүний нэг нь сонгуульд ялагдаад, нөгөө нь нас барсан. Балбад хэт зүүнийхэн хүчтэй гарч ирээд үймээнтэй байна. Ингээд үйл ажиллагаа жаахан намжчихаад байж байгаа. Монгол үндэстний эрх ашгийг монголчууд хамгаалах үүрэгтэй. Энэ бол бидний үүрэг, ажил байх ёстой. Энэ байгууллагаар дамжуулан монголын Засгийн газрыг үүнд хандуулж, ямар нэг үйл ажиллагаа явуулахад бид бэлэн байх суурийг тавьж өгөх л гэж зорьж байгаа юм.

-Танаас Монголоо гэх, үндэстнээ гэх, түүхээ гэх асар их сэтгэл мэдрэгдэж байна. Ер нь та үндэсний үзлийг юу гэж боддог вэ?

-Хүн бүр эх орон, ёс зан заншилтай. Тэгэхээр бид дэлхийн хагасыг эзэлж явсан соёл, зан заншилтай улс байжээ. Бид үүнийгээ л бид ямар нэг хэмжээгээр үргэлжлүүлэх ёстой. Нэг хэсэг Монголын түүх хаалттай байлаа. Харин өнөөдөр цонх нээгдсэн. Энэ үед мэдэх ёстойгоо мэдэж, гаргах ёстойгоо гаргах ёстой. Ингэж чадвал Монголын соёл, зан заншил, онцлог, эртний түүх хэвээр үлдэнэ. Бид түүхээ үе үе сэргээж залуу үедээ сануулах хэрэгтэй.

Ер нь хүн бүр үндэсний үзэлтэй байснаар үндэсний эрх ашиг дээдлэнэ. Үндэсний эрх ашиг байхгүй бол монгол соёл, зан заншил дэлхийд уусаад алга болчихно.

Жижиг улс үндэсний эрх ашгаа авч үлдэх ёстой. Тэгж байж монголчуудын дэлхийн хагасыг эзэлж явсан түүх хэвээр үлдэнэ.

Би “Балбын монголчууд” гэж хэн юм, бидэнтэй юугаараа адилхан, юу хүсдэг хүмүүс байдгийг харуулах гэж үзэсгэлэн гаргасан. Энэ талаар өгүүлэл ч бичсэн. Тэгсэн зарим хүмүүс “Та хэдэн халтар царайтай хүмүүс гаргачихаад Балбын монгол, Энэтхэгийн монгол гэж яриад байх юм. Үүнийгээ болихгүй юм уу” гэсэн. Би шүүмжид нь хариу хэлээгүй. Тэгээд үзэсгэлэн гаргах нь зүйтэй юм байна гэж бодсон. Номнууд ч гаргалаа. Одоогийн энэ үзэсгэлэн “Их эзэн чингис хаан түүний өв соёл-дэлхийн монголчууд” гээд долоон хэсгээс бүрдсэн үзэсгэлэн юм. Үүгээр Монголын эзэнт улсууд ямар байсан, тэднээс юу үлдсэн, дэлхийд хийсэн гавьяа нь юу байсныг харуулахыг оролдсон.

Өнөөдөр миний үзэсгэлэнг 10 хүн үзлээ гэхэд тэднээс магадгүй нэг, хоёр нь цааш үргэлжлүүлбэл миний зорилго бүтэх нь тэр.

-УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр гуай “төрийн албанд түүхийн шалгалт авдаг болох хэрэгтэй” гэж байсныг нь санадаг юм. Түүхээ мэддэг хүн эх орон, ард түмнээ хайрлах сэтгэлтэй болдог гэдэг...?

-Ё.Отгонбаяр бол хиндү хэлтэй хүн. Түүх ч сайн мэднэ. Энэ бол их чухал санаа. Хүн өнгөрснөө мэдэхгүйгээр урагш явдаггүй. Тиймээс түүхээ мэдэж, түүндээ тулгуурлаж ажиллавал ирээдүйгээ харж чаддаг. Монголын үндэсний эрх ашиг, соёл, зан заншлийг бид дэлхий дээр үлдээх ёстой. Тиймээс хүн бүр хувь нэмэрээ оруулж, түүх, соёлоо баяжуулна гэдэг их л буянтай ажил болов уу.

-Та одоо ямар судалгаан дээр ажиллаж байна вэ? Цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ?

-Одоо таван эзэнт улсууд тухайн орондоо юу хийсэн юм, ямар материалууд архивт нь үлдэж, ямар нь газар доор орчихов, тухайн орны эрдэмтэд юу гэж ярьдаг юм бэ гэдгийг гаргаж, ирж залуусдаа танилцуулах эрмэлзэлтэй явна.

Ил хаант улсын тухай жаахан юм бичсэн. Одоо бол Оросын нутгаар явж Алтан ордны улсын тухай судлахыг зорьж байна. Алтан ордны улс маш том газар нутагтай байсан. Манай өвөг, дээдэс мориор яаж яваад тэнд хүрчихсэн юм бол... Тэгэхэд бид тэнд хүрэх гэж машин, галт тэргэнд арав гаруй хоногийг өнгөрүүлж байна. Гэтэл мориор давхиад л эзлээд авчихсан байна шүү дээ. Гайхамшигтай.

АЛТАН УРГИЙНХАН ЭВ НЭГДЭЛТЭЙ БАЙСАН БОЛ ХҮЧИРХЭГ УДААН ТОГТНОХ БАЙЛАА

-Өнгөрсөн түүх бидэнд юуг сургамж болгон үлдээж вэ?

-Их харамсалтай байдаг юм. Бид эв нэгдэлгүй байдлаас болоод өөрөө өөрсдийгөө л устгачихсан байдаг. Хэрэв эв нэгдэлтэй байсан бол хүчирхэг, он удаан оршин тогтнох байлаа. Алтан ургийнхан хоорондоо маргалдсан, нэг нэгэнтэйгээ дайтсан, довтолсон. Үүнээс болж байгуулсан таван улс нь таван тийш харсан. Бие биенийхээ эсрэг дайсан болсон. Энэ нь Монголын эзэнт улсыг унтраасан. Тиймээс хэдэн тийш хараад суучихаар ямар зовлон учирдаг юм бэ гэдгийг бодох хэрэгтэй.

-Зарим хүмүүс одоогийн Монголын нөхцөл байдлыг бага хаадын үе шиг байна гэдэг. Та бас ингэж хардаг уу?

-Бид нэг намын сисемтэй нэг удирдлагатай, нэг хүнээр заалгуулаад 60, 70-аад жил амьдарсан учраас гэв гэнэт задрахаар хүн болгон нам байгуулаад, хүн бүр дур зоргоороо ярьж болно гэдэг ойлгосон. Ингэхдээ ардчилалд хариуцлага байдгийг мартсан. Энэ нь их харамсалтай. Эмх замбараагүй байдал газар авч, хүн болгон нэг нэгнээсээ нүүрээ бурууллаа. Эвгүй найрамдалгүй байна.

Энэ янз бүрийн чиг баримжаатай улстөрийн намууд, хүмүүсийг Монгол Улс л нэгтгэж байгаа. Улстөрийн намуудад бодлого байж болно. Гэхдээ хэзээ ч Монгол Улсын үндэсний эрх ашгийн дээгүүр байж болохгүй. Үндэсний эрх ашигт бүх зүйл захирагдах ёстой. Тэгж байж л бид эвтэй байна, улсаа хөгжүүлнэ.

Бид таван тийш хараад суучихвал хэзээ ч хүчирхэг болохгүй, хөгжихгүй. Улам хоцрогдоно. Бидний эргэн тойрны улсууддаа халуун зууш бэлдэж өглөө л гэсэн үг. Монголыг хооронд нь зодолдуулъя, хүчгүй болгож хувааж авъя л гэдэг санаархал хаана хаанаа бий. Үүнд л битгий ороосой.

Үзэл бодол өөр байлаа ч үндэсний эрх ашиг гэдэг дээр нэгдэх ёстой. Тэгж чадаагүйн хар гай Түвдэд байна. Бурхны шашны тав урсгалаа бариад таван тийш хараад суучихсан. Үүнийг нь хятадууд овжин ашиглаад өөрийн нэг хэсгээ болгосон. Хэрэв эв нэгдэлгүй байдал удаан үргэлжилбэл Түвдийн дүр зураг Монголд биеллээ олно.

Ярилцсан: Ц.Жаргал

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Ж.Юра

Монгол эх орноо гэсэн сэтгэлтэй нэгэнд үнэхээр юм бодогдуулахуйц эрдэм ухаан төгс сайхан ярилцлага болжээ.Үнэхээр бидний цөөхөн монголчууд эв эеийг сахиж үүх түүхээ мэдэж үр хойчдоо үлдээхгүй бол тэр Энэтхэгийн алслагдсан мужид суугаа монгол гаралтангууд лугаа адил өнөө бид нарт гомдоллох тийм үе ирэхгүй гэхийн аргаггүй юм.Иймд юм үзэж нүд тайлсан эрдэм чадалтай О.Нямдаваа мэтийн монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүсийг нэгтгэж төрөөс бүх талаар дэмжиж алслан одсоор байгаа монгол түүхийн аугаа үнэт бүхнээс үлдээх хөдөлгөөн болгож өрнүүлэхсэн.

2018-05-19 15:22    202.9.40.2
хуяг

Ийм их мэдлэгтэй хүмүүсээ хайрлаж, Монголынхоо түүх соёлыг дээдлэн дэлхийн олон нийтэд түгээхсэн

2018-05-15 21:39    59.153.114.217
Нанзад

Дүүгийн минь хийж бүтээсэн бүхэн "Түүхийн алтан хуудас" болж үлдэхийг ерөөе. Ах нь

2018-05-15 21:34    122.201.24.35
эн

ийм хүмүүсээ засаг төр нь дэмжээсэй

2018-05-15 21:16    139.5.216.130
Бундхорол

ямар сайхан ярилцлага вэ, Таны цаашдын олон сайхан бүтээлд амжилт хүсье

2018-05-15 18:49    66.181.166.127
эмэгтэй хүн

яаая маш их баярлалаа, маш сайхан ярилцлага байна, их зүйл бодогдууллаа.

2018-05-15 11:54    43.228.130.186

Сэтгэгдэл нэмэх