Эмч нар дээр багш, шинжлэх ухааны ажилтнууд нэмэгдэв

2018-05-14 19:06      gereg

 

Эмч нарын суулт ажил хаяхын дохио сануулга гэв-

Эмч эмнэлгийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооноос Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэхийг шаардсан шаардлагын хариуг нэхэж суулт хийв. 

Тавдугаар сарын 8-нд өгсөн шаардлагын хариуг 3 хоногийн дотор авахыг шаардсан ч энэ хугацаанд ямар ч хариу ирээгүй учир тэмцлээ үргэлжлүүлж 5 дугаар сарын 11-нээс эхлэн Д.Сүхбаатарын талбайд хэсэгчилсэн суулт хийж эхлэв.

Өнгөрсөн баасан гаригт болсон суултад 3 хүн оролцсон бол өнөөдрийн суултад эмч, Эмнэлгийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооны анхан шатны хороодын гишүүд, дүүргийн, 3 дугаар шатны Эмнэлгүүдийн төлөөлөл нэмэгдэв. Тэдний тэмцлийг дэмжиж БСШСУ-ын ҮЭ-ийн холбоод, Багш нарын цалин нэмэх хорооны төлөөлөл, багш, шинжлэх ухааны ажилтнуудын салбарынхан мөн оролцов.

Энэ үеэр ЭМЯ-ны төлөөлөл болж Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар ирж асуудлыг удирдлагын түвшинд ярьж ойлголцох хүсэл тавьсан боловч жагсагчид "Өмнөх жагсаалаар бид холбогдох яамтай ойлголцож ярилцахыг хичээсэн. Гэвч хүлээж аваагүй. Бид салбарын сайдтай нүүр тулж уулзаж ярилцана” гэсэн хариу өгөв. ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар:

-Та бүхний хүргүүлсэн шаардлагын дагуу цалинг 10-15 хувь нэмэгдүүлэх журмыг шинчлэж одоо 15-20 хүртлэх хувиар нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Эмч эмнэлгийн ажилчид цалин нэмэгдүүлэх талаар ярьж байсан ч жагсаалын явцад 50 хувь гэсэн санал гарсан байна лээ. Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар хамтраад 2017 оны нэгдүгээр улирлаас хөдөлмөрийн үнэлэмжийг 4 үндсэн нөхцөл дээр шинчлэх үнэлгээ явагдаж байгаа.

Энэ нь ажлын байрны ангиллаас хамаараад  7-49 хувь хүртэл цалин нэмэгдэх юм. Энэ бол  2-3 хоногоос яригдаж байгаа асуудал биш 2017 оноос ярьж байгаа. Сувилагч нарын цалинг 25-30 хувь нэмнэ гэсэн  нарийн тооцоог гаргаж байгаа 62.1 тэрбумаар 2018 оны  гуравдугаар улирлаас нэмлээ гэхэд үлдсэн хагас жилийн хугацаанд ирэх санхүүгийн ачаалыг нэмж гаргана” гэлээ. Энэ талаар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний ҮЭ-ийн холбооны дарга  Б.Мягмар:

-Бид ажил хаяхгүйн тулд суулт зохион байгуулж байна. Хэрвээ тодорхой шийдэлд хүрч салбарын сайдтай нүүр тулж уулзахгүй бол хуулийн хугацаагаа хүлээж байгаад ажил хаялт зарлана. Бид өнгөрсөн 6 сарын хугацаанд салбарын сайдтай уулзаж хэлэлцээр хийх гэж хэд хэдэн удаа оролдсон. Хэлэлцээр хийсэн ч сайдын гарын үсэг зураагүй тохиолдолд хэрэгждэггүй юм байна лээ. Иймд бид өнөөдрийн саналыг хүлээн авч ойлголцоход бэлэн гэсэн хариуг өгч байна” гэлээ

ЭМЯ-ны төлөөлөл УИХ-ын Төсвийн байнгын хорооны хариуг авчирч өгсөн боловч суултад оролцогчид хүлээж авсангүй. Монголын Эмч, эмнэлгийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа:

-Дээрх бичгүүд бидний шаардлагын хариуг хангахгүй байсан учир хүлээн аваагүй.УИХ-ын Төсвийн байнгын хорооноос бидэнд өгсөн хариу гэхэд асуудлыг судалж шийд гэсэн Сангийн яаманд явуулсан албан тоот байсан.

УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, Шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг нарт явуулсан шаардлагын хариу ирээгүй” гэж байв.

Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд шаардлагын хариугаа бүрэн автал суултаа цаг цагаар нэмэгдүүлж байна. Өнгөрсөн баасан гаригт  хоёр  цаг суусан бол өнөөдөр 09.00-11.00 цаг хүртэл 3 цаг суулт хийв.

 

Б.БИЛГҮҮН

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх