Г.Даваа: Уул уурхайг усаар хангах оновчтой шийдвэр гаргах хэрэгтэй

2018-05-14 16:33      ГэрэгМН

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн доктор Г.Даваатай монгол орны усны нөөц, ашиглалтын талаар ярилцлаа.

-Монгол орны усны нөөцийн өнөөгийн байдал ямар байна вэ?

-Монгол бол усны багавтар нөөцтэй орон. Монгол орны хэмжээнд гол, мөрний усны нөөцөд жилдээ 18-34 км.куб ус бүрэлдэж байна. Үүнийг усны ашиглалт, хэрэглээтэй харьцуулж үзвэл усны нөөц их байгаа юм. Гэхдээ усны горим, нөөцийг хамгаалах, экосистемийг тэтгэх урсацыг гол мөрөнд нь үлдээх шаардлагатай байдаг. Нийт 34 км.куб усны нөөцийн зөвхөн 10 хувийг нь ашиглая гэж бодоход 3.4 км.куб усыг ашиглах боломж бий. Энэ нь одоогийн ашиглаж буй усны нөөцөөс долоо дахин их юм. Үүний дээр 19.4 км куб мөсөн гол, 500 км.куб  нуурын усны нөөц байна. Усны нөөцийг зохистой ашиглахад оновчтой дэд бүтэц бий болгох зайлшгүй шаардлагатай.

Тухайлбал, Сэлэнгэ мөрний усны нөөцийн 10 хувийг ашиглалаа гэхэд 90 хувь нь экосистемийг тэтгэх урсац байх ёстой. Энэ 10 хувь нь 30 орчим км.куб ус байгаа юм. Энэ бол асар их нөөц. Тиймээс том голуудын сав газарт усан цахилгаан станц байгуулах, цөөрөм байгуулах зэргээр усны хуримтлал үүсгэх хэрэгтэй. Өндөр уулын бүсэд мөнх цас, мөс хайлж буй учраас 19.4 км.куб хатуу төлөвт буй усаа хуримтлуулах шаардлага байна. Бидний тооцоолсноор уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн улмаас 2050-иад он гэхэд Хархираа голын сав газрын мөсөн голын хэмжээ 3-5 дахин багасана. Тиймээс эртнээс төлөвлөж авч үлдэх ёстой.

-Хайлж буй мөсөн голуудаас усны хуримтлал үүсгэх тал дээр эхсэн ажил бий юү?

-Өнгөрсөн жил БОАЖЯ-ны шугамаар Ховд голын сав газар, Алтайн нуруунаас эх авч байгаа голуудын сав газарт усны хуримтлал бий болгох урьдчилсан судалгаа хийсэн. Судалгаанаас нэлээд их хэмжээний нөөц хуримтлуулах боломж байгаа гэсэн дүгнэлт гарсан юм. Гагцхүү техник, эдийн засгийн үндэслэл гаргаж, нарийвчилсан судалгаа хийснээр газар тариалан, бэлчээр усжуулалт, эрчим хүчний чиглэлд хэрхэн зөв ашиглах вэ гэдэг тооцоо гаргах хэрэгтэй. 

-Уул уурхайтай холбоотой томоохон гол, мөрнүүд тасарсан гэж байгаа. Уул уурхайг усаар хангах бодлого байна уу?

-1996 оноос өнөөг хүртэл 23 дахь жилдээ бага устай үе үргэлжилж байна. Энэ бол байгалийн жам ёсны үйл явц юм. Олон голууд татруу байгаа энэ үед нь зарим хариуцлагагүй уул уурхайн улмаас голын эхийг бохирдуулж байна. Үүнд хамгийн зөв зохицуулалтыг хийхгүй бол хайрлаж, хамгаалж үлдэхэд хүнд болно. Урсац бүрдэх эхийг улсын тусгай хамгаалалтад байлгадаг. Энгийн хамгаалалтын бүс, онцгой хамгаалалтын бүсийг бохирдуулахгүй байх ёстой. Үүний тулд нэгэнт хөгжиж буй уул уурхайг усаар хангах оновчтой шийдвэрийг гаргах хэрэгтэй юм.

-Голын урсацад тохируулга хийж говийн бүсийг усаар хангах боломжтой юу?

-Боломжтой. Гагцхүү говь руу ус хүргэхдээ экосистемийг нь тэтгэхүйц урсацыг нь үлдээх хэрэгтэй. Ингэж ашиглавал болохгүй зүйлгүй. Урсацын тохируулга хийхээр олон усан цахилгаан станц байгуулахаар төлөвлөсөн. Ялангуяа, Сэлэнгэ мөрний сав газарт барина. Гэхдээ шууд барчихгүй нь ойлгомжтой. Нарийвчилсан судалгаа хийж, яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй байна.  

-Нийслэлийн иргэдийг хангаж буй цэвэр усны нөөц хэр байгаа вэ?

 -Улаанбаатарчууд туул голын хөрсний усыг газар доороос нь соруулан авч хэрэглэдэг. Туул гол болон түүний хөрсний ус харилцан уялдаа. Өөрөөр хэлбэл, бидний газар доороос нь соруулан авч хэрэглэж байгаа усыг туул гол нөхдөг. Тэгэхээр аюулгүй байдлаа талаасаа энэ бол зөв хэрэглээ. Гол усны түвшин буурч байгаа боловч усан хангамжийг хүндрүүлэх, хүндрэлтэй байдалд хүргэх хэмжээнд очоогүй. Цаашид өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд 2030 он гэхэд усны нөөцийг нэмэгдүүлэх, шинэ эх үүсвэр бий болгох шаардлага үүснэ.

-Хаанаас эх үүсвэр бий болгох вэ?

-АНУ-ын Мянганы сорилын сангийн гэрээний хүрээнд энэ асуудлыг судалж байна. АНУ-ын буцалтгүй тусламж орж ирвэл усны эх үүсвэрээ хаанаас нэмэгдүүлж болохыг тодорхойлно. Ялангуяа, бохирдсон усыг цэнгэгжүүлж, ашиглах вэ судалгааг хийх байх.

-Усны нөөц хэдэн он хүртэл хангалттай юм бэ?

-Одоогийн байдлаар хэрэгцээгээ хангах усны нөөц бий. Хэрэв 2030 он хүртэл Улаанбаатар хотын төвлөрөл буурахгүй бол усны асуудал хүндэрч болзошгүй. Үүнтэй уялдуулаад судалгаа яаралтай эхлүүлж, асуудлаа шийдээд нөөц бүрдүүлэх ажил үргэлжилж байна. Тиймээс яг тэдэн он гэхэд усны нөөц бүрэн дуусна гэдэг дүгнэлт хийх боломжгүй.

-Улаанбаатарчууд чанартай ус хэрэглэж чадаж байна уу?

-Бид бохирдуулахгүй л бол туул голын ус бурханаас заяасан гэмээр хамгийн чанартай нь. Харин үүнийг ашиглахдаа төвлөрсөн сүлжээгээр дамжуулж байгаа. Энэ явцад шугам сүлжээний хуучирсан байдлаас болж, ус түгээх шугамны зэв чанарыг нь өөрчилж байна.

Ц.Жаргал




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
lo

HEREGLESEN USAA YUMIIG YAJ MEDHEV GEED DAHIN ASHIGLAAD BAIVAL

2018-05-16 13:17    103.57.92.140

Сэтгэгдэл нэмэх