Түүхийн цуврал: Эртний Ромыг бүгд найрамдах засаглалаас эзэн хаант засагт хүргэсэн улстөрийн аллага

2018-05-11 16:38      Ганхуяг

Гай Юли Цезарь /МЭӨ 100-44 он/

Нэгэн үе “Зам бүхэн Ромыг чиглэдэг” хэмээх үг хүртэл гарч байсан нь энд цухас өгүүлэх улсыг тодорхойлох томоохон хэмжүүр мөн биз ээ. Бүгд найрамдах засаглалтай улсаас эзэнт гүрэн болж олон зуун жил оршин тогтносон эртний Ромоос хүн төрөлхтөний түүхэнд товойн гарсан том удирдагчид, сэтгэгчид төрөн гарсан байдаг.

Ромын Бүгд Найрамдах Улсын цэрэг, улс төрийн зүтгэлтэн Юли Цезарь бол Ромын бүгд найрамдах улсыг эзэнт гүрэн болгон өөрчлөхөд гол үүрэг гүйцэтгэсэн. Дэлхийн түүхэнд товойн гарсан хамгийн аугаа удирдагчдын нэг гэгдэх Гай Юли Цезарийг улстөрийн аллагын золиос болсныг мэдэхгүй хүн ховор биз. Түүнийг хөнөөснөөс хойш 2062 жил өнгөрчээ.

Эртний Ромын удирдагч Юли Цезарь нь /уран илтгэгч, зохиолч, цэргийн жанжин/ эртний удамт дээд ангиас гаралтай гэр бүлд төрж өссөн. Гэрийн сайн боловсрол эзэмшсэн тэрээр Ромын захирагч Суллаг өөд болсны дараа л улс төрийн үйл ажиллагаагаа эхэлжээ.

Өөрийнхөө өвөг дээдсийг Ромын хаад болон дурлалын охин тэнгэр Венератай холбоотой гэдэг байжээ. Ромын БНУ-ын бууралтыг зөгнөсөн улстөрийн эрчимтэй тэмцлийн дунд өссөн тэрээр Засгийн эрх барих хүртлээ асар ихийг туулжээ. Эхэндээ Цезарь Ромын “доодсын” эрх ашгийг хамгаалж байжээ.

МЭӨ 73 онд цэргийн захирагчаар, 68 онд квестор, гурван жилийн дараа эдилоор сонгогджээ. Мөн 62 онд преторын язгууртны хэргэм хүртэж, Ромын аль нэг мужийн амбан захирагч болох эрхтэй болоод удалгүй Испани мужийн амбан захирагчаар томилогдож иберийн омгуудыг байлдан дагуулжээ.

Цезарь илүү их эрх мэдэлд хүрэх мөрөөдлөө биелүүлэхийн тулд улс төр, цэргийн нөлөө бүхий зүтгэлтнүүд болох Помпей, Марк Красс (Спартакийн бослогыг дарсан жанжин) нартай МЭӨ 60 онд холбоо тогтоон “Гурвын холбоо” Ромын төрийг хуваан захирах болсон гэдэг. Тэр Галл /Одоогийн Төв Европын нутаг/-ыг захирч, эцэстээ бүрэн эзлэн авснаар маш хүчирхэгжжээ.

 Ю.Цезарь энэ тухайгаа “Галлийн дайны тухай тэмдэглэл” дурсамжийн номоо бичжээ. Түүнийг Галлд дайтаж байх зуур Марк Красс парфянчуудын эсрэг байлдаж байхдаа Карр хотын дэргэд амь эрсэдсэнээр гурвал бутарч Цезарь, Гней Помпей нарын хооронд удтал үргэлжилсэн, цуст дайн эхэлж Эртний Ром дахин иргэний дайнд татагдан оржээ. Помпей сенатын бүгд найрамдах улсын талыг толгойлж, өрсөлдөгчид нь Цезарийг удирдагчаараа сонголоо.

Удаан хугацааны тэмцлийн эцэст Помпейг ялсан Цезарь үнэндээ хэмжээлшгүй эрхт хаан болж Ромын бүгд найрамдах улсын төгсгөл иржээ. Египетийн Клеопатра хатан хаантай учир ургуулсан тэрээр м.э.ө 47 онд Понтийн Фарнак хааны армийг тавхан хоногийн хугацаанд зүйл дуусгаж “Ирлээ, үзлээ, яллаа!” хэмээх алдарт товч мэдээгээ Ром руу явуулж байжээ.

Сенат 44 онд Цезарийг бүх насаар нь Ромын захирагчаар томилж байгаагаа зарласан юм. Тэрээр дайн тулаан, түүхийн сэдвээр хэд хэдэн ном бичсэн учир түүнийг Эртний цэргийн томоохон түүхчдийн нэг хэмээн үздэг байна.

Тэр эрх барих хугацаандаа шинэчлэл, өөрчлөлтийг нэлээд хийсэн. Юлианы хуанлиг зохиож мөрдүүлсэн ба Ромын иргэдийг 50 хувь болгон цөөрүүлсэн. Ингэхдээ улсын сан хөмрөгөөс хамааралтай ядуу иргэдийг Итали дахь колониуд болон хилийн чанадад нүүлгэн шилжүүлж суурьшуулсан байна.

Мөн нэлээд хүүхэмсэг тэрээр олон бүсгүйтэй нэр холбогдож байжээ. Ингээд аян дайнд бэлтгэж эхэлжээ. Тэр МЭӨ 44 оны хавар Ойрхи Дорнод дахь парфянчуудын эсрэг арми хөдөлгөх гэж төлөвлөжээ.

Үүнийг нь Ромын сенат дахь БНУ-ын тухай үзэлтнүүд эсэргүүцэн өөрсдийн байр суурийг хадгалан үлдэхийн төлөө түүнийг алахаар үгсэн хуйвалдав. Энэ хуйвалдаанд 60 сенатор оролцсон гэдэг. МЭӨ 44 оны гуравдугаар сарын 15-ны өдөр сенатын танхимд үг хэлэхээр орж ирсэн түүнийг 23 удаа хутгалан алсан ажээ. Цезарь өөрийг нь хутгалахаар дайрагсдын дунд байсан сенатын гишүүн Брутыг “Хүү минь чи бас уу” хэмээсэн гэдэг.

Түүнийг Цезарийн нууц хүүхэд байсан гэх нь бий. Тэр өөрийг нь хороох гэж хуйвалдаж байгааг мэдсэн ч байж мэдэх гэнэ. Нэг удаа найзууд нь хамгаалалт авахыг зөвлөхөд “Үхлээ байнга хүлээж байхаар нэг удаа үхчих нь дээр” хэмээн хариулж байсан хэмээдэг.

Мөн оны долдугаар сард Цезарийн дурсгалд зориулан явуулсан арга хэмжээний үеэр тэнгэрт сүүлт од харагдсаныг, ард түмэн Цезарь бурхан байсан гэж ойлгон хүлээн авчээ. МЭӨ 42 оны нэгдүгээр сарын нэгэнд Цезарийг бурханлаг хүн хэмээжээ.

Тиймээс ч түүнийг түүхэнд Гэгээн Юлий гэж тэмдэглэх болсон хэмээдэг. Юли Цезарь ийнхүү алагдсан ч түүнийг хөнөөгчид БНУ-ыг сэргээж чадаагүй бөгөөд тэр санаа нь нуран унасан гэдэг. Мөн олон жил үргэлжилсэн эмх замбараагүй явдал, дараа дараагийн аллага, хядлагын эхлэл ч эндээс үүджээ. Улстөрийн аллагын хамгийн сонгодог жишээ болох Гай Юлий Цезарийн үхлээс хойш олон ч алан хядлага үйлдэгдэж иржээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх