Хуульч О.Алтангэрэл: Хэрэг шийдвэрлэх процесст оролцох хоригдож буй хүмүүсийн эрх хааччихав?   

2018-05-11 16:21      ГэрэгМН

Хуульч О.Алтангэрэл өөрийн Нүүр номдоо “Баривчилгааны талаарх хэдэн үг” бичжээ.  

Нэгд:  461-т орохоор өвчин илэрдэг, дарга нар бие муутай гэх тухайд:

Ганц дарга нар гэлтгүй 40-өөс дээш насныханд сахар, тулай маш их байна. Биеийн хүчний хөдөлмөр хийдэггүй, хөнгөн амьдралтай хүмүүс архи их ууж, хүнд хоол идсээр ийм болдог бололтой юм. 
Дээрээс нь анх хоригдож буй хүн унтмаар болоод л, унтах тусам бие нь суларч, дархлаа мууддаг. Нүүр болон биеийн зарим хэсэгт хатиг, идээт зүйл гарах нь энүүхэнд. Сэтгэл санааны хүчин зүйл ч нөлөөлнө.

Нас ахисан, өөр хэрэгт холбогдсон хүмүүст ч төрөл бүрийн өвчнүүд илэрдэг. Агааржуулалт муутай орчинд, хөдөлгөөнгүй байх нь суурь өвчнүүдийг сэдрээдэг шиг билээ. Гэхдээ эгэл борог амьдралтай, өөрт тохиолдсоноо гүдэсхээн давчихдаг ах нар олон бий л дээ.

Хоёрт:

Өөрсдөө очоод шалгуулсан, зүгээр шалгууллаа гэж дарга нараар бахархаад байх шаардлагагүй л дээ. Баривчлахдаа тулвал хэдэн зуун хүний эсэргүүцэл дундаас оймсыг нь гозойлгоод ачаад явдаг Монгол төр.

Эгэл ард, олон залуус, ахмад нийлсэн тогтмол 600-гаас дээш хүн хоригдож байдаг Цагдан хорих төв. Дарга нар бахархалт, бусад нь угаасаа хоригдож л байдаг байж болохгүй хууль ёс.

Гурав: Суллаад буцаадаг хорьдог шүүхийн тухайд:

Цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн шүүгчийн шийдвэрийг ерөнхий шүүгч нь хүчингүй болгожээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй. Тус хуулийн 15.8.2-ийг баримтлах уу, 15.8.3-ийг дагах уу гэсэн эргэлзээ. Энэ ч яахав хуульчдын дунд яригдах асуудал гэхэд өнөөх хоригдсон хүмүүсийн өөрсдөө, эсхүл өмгөөлөгчөөрөө дамжуулан хэрэг шийдвэрлэх процесст оролцох эрх нь хааччихав?

Хурлын дараа прокурорууд ерөнхий шүүгчтэй нь тусгайлан уулзсан гэсэн мэдээлэл байна, зөвхөн ерөнхий шүүгчид үзүүлээд, өөр шүүгчид үзүүлдэггүй зүйл гэж бас байна уу. Ер нь шүүгч л бол шүүгч шүү дээ, ерөнхий нь дарга гэсэн утга үгүй юм.

Муу нэртэй,  Ерөнхий сайд аснууд байсан юм яадаг юм, хохь нь гэж бодож байгаа бол үгүй шүү.

Ийм хүний эрхийг зөрчсөн үйлдлүүд эргээд эгэл ард та бидэнд харин ч бүр хүндээр тусна.

Дөрөв: Эдгээр хүмүүсийг ХЭН хориод байна вэ?

Яг үнэндээ өмнөх ерөнхийлөгч, одоогийн УИХ-ын даргын хамтарч томилсон баг (шүүх, прокурор, АТГ) энэ бүх үйл ажиллагааг хийж байна гэж үзэхэд хамаг үгээр нь байсан Ч.Сайханбилэгийгээ яагаад хориод байна гэж гайхацгаах. Х.Энхжаргал ажил хийсэн болох гэж байлгаад байна ч гэж хардацгаах.
Гэтэл хэдийнээс Монголын хуулийн байгууллага биш, хэн нэг нөлөөтэй улс төрч ийм зүйл хийх ёстой гэж боддог, ер нь ч тийм л байдаг болчихов доо. 
Энэ бол дэндүү эмгэнэлтэй, бас харамсалтай зураг. Систем нь хуулиар зохицуулагддаггүй хэн нэгний үгээр явдаг, үүнийг Н.Алтанхуяг гуай нэгэнтээ "шударга бусын хонгил" гэж нэрийдсэн билээ.

Тав:

Шударга бусаар манай сайхан орныг бохирдуулж хөрөнгө мөнгө, эрх мэдлээр олон түмнийг нь туйлдуулж, эдийн засаг болоод бусад олон зүйлийн хөгжлийг гацаасан цөөн хэдэн хүний эсрэг, товчхондоо бол авилгачдын эсрэг кампанит ажил явуулах цаг болсон.

Гэхдээ Оюутолгойн эсрэг акци маягийн авилгатай тэмцэх ажиллагаа, "тэдний талынхан"-ыг намнах хэлбэртэй ажиллагаа, олон түмэнд муу нэртэй хэдийг барих ажиллагаа гэх мэт яавч байж болохгүй. Тийм зүйл хийхдээ олон түмний дэмжлэгийг авах гэж пиардах, улс төр хийж байгаа мэт аяглаж бүүр ч болохгүй. Үндсэн хуульд заасан "хууль дээдлэх" зарчмаар, зөв системтэй хийгдэх, Монгол хүн бүр үр шимийг нь хүртэх ажиллагаа байх ёстой юм даа, уг нь.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх