Хууль хэрэгжсэн бол ус бохирдуулсны төлбөр 54 тэрбум төгрөг улсын төсөвт орох байжээ

2018-05-10 19:54      gereg

 

-Яам, ТББ-ынхны уулзалт үр дүнд хүрсэнгүй-

Өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор аж ахуйн нэгжүүдийн ус бохирдуулсны төлбөрийг 50 хувь бууруулах хуулийн төслийг баталсан. Үүнийг эсэргүүцэж байгаль орчны ил тод үйл ажиллагааг ханган явуулдаг олон нийтийн байгууллагуудыг эгнээндээ багтаадаг “Төлсөн авснаа нийтэл” (ТАН) эвслээс өмнө нь хэвлэлийн бага хурал хийлгэж байсан бол өнөөдөр тус эвслийн төлөөлөл БОАЖЯ-нд хандан салбарын сайдтай уулзах цаг товложээ.

Гэвч сайд Н.Цэрэнбат өөр газар ажилтай байсан тул яамны Усны нөөцийн газрын дарга Л.Эрдэнэбулган байгаль орчны ТББ-уудын төлөөллийг хүлээн авч уулзав.

Тэрээр “Яагаад ийм хуулийн төсөл орж ирж, ямар өөрчлөлт гарах, үр дүн нь юу байхыг та нар бүрэн мэдсэний дүнд саналаа тавих боломжтой” гэж хуулийн төслийн үндэслэлийг танилцуулсан боловч ТАН эвслийнхэн, “Бидний мэдэх зүйл ярилаа, бид танилцуулга сонсох гэж ирээгүй, хуулийн төсөлд юуг нь засч залруулах талаар алдаа оноогоо ярилцах байсан, тэгсэнгүй” хэмээн дургүйцлээ илэрхийлснээр уулзалт ойлголцол, үр дүнд хүрч чадсангүй.

ТАН эвслийнхэн хуулийн төслийг буцааж татах шаардлагын хариугаа аваагүй гэж үзэн тавдугаар сарын 18 хүртэл хуулийн төслөө татаж авах хугацааг БОАЖЯ-нд өгч, дахин тавьсан шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд дараагийн арга хэмжээ болгож энэ талаар олон нийтэд мэдээлж, БОАЖЯ-ыг Захиргааны хэргийн шүүхэд Нийтийн эрх ашгийн үүднээс нэхэмжлэл гаргаж өгнө гэдгээ мэдэгдлээ.

Шүүхэд өгөх үндэслэлээ ТАН эвслийн хуульч Д.Эрдэнэчимэг “БОАЖЯ аль 2012 он батлагдсан Усны төлбөрийн хуулиа өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй. Хуульд заасан бохирдлын хэмжээг тооцох үүрэг хүлээсэн яам энэ талын аргачлал зэргийг журмаар гаргаагүй 6 жил болж байгаагаас нэг ч компани, аж ахуйн нэгжээс ус бохирдуулсны төлбөр аваагүй. Үүнээс болж татварт учирсан хохирлыг барагдуулахыг шаардана. Тиймээс шүүх дээр уулзая” гэв.

Тэд, хэрэв хууль хэрэгжсэн бол ус бохирдуулсаны төлбөрөөр жилд 9 тэрбум төгрөг, хууль хэрэгжээгүй 6 жилээр тооцвол 54 тэрбум төгрөг улсын төсөвт орохоор байсан гэв.

БОАЖЯ-нд болсон уулзалтанд “Хөвсгөл далай ээж”, “Хил хязгааргүй алхам”, Монголын Байгаль орчны иргэний зөвлөл, “Бугат Заамар, бургаст Туул”,  “Иргэдийн эрх ашиг-хуульчдын санаачлага” зэрэг ТББ-уудын төлөөлөл оролцов.

Б.БИЛГҮҮН

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх