Ц.Цогзолмаа: Боловсролын салбарт бодлого, эрх зүйн өөрчлөлт хийх цаг ирсэн

2018-05-10 16:06      geregmn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн Шилжилтийн 25 жилийн Монгол Улс,бизнес, улс төрийн нөхцөл, ирэх 25 жилийн бүтээн байгуулалт сэдвийн хүрээнд тавьсан илтгэлийг хүргэж байна. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хувьд өнгөрснийг ярихаас илүүтэй Монгол Улсын боловсролын систем ирэх 25 жилийн хугацаанд хаашаа явах вэ, бидний боломж юу байна вэ, ирээдүйн чиг хандлага ямар чиглэлд байгаа вэ гэсэн сэдвийн хүрээнд тогтож ярихаар өнөөдрийн илтгэлээ бэлдлээ.

Өнгөрсөн 20 дугаар зуун тусгаар тогтнолын зуун байсан бол 21 дүгээр зуун өрсөлдөөний зуун байх нь. Энэ зуун бол хүн төрөлхтний, дэлхий нийтийн хувьд техник, технологи, эдийн засаг, боловсролын өрсөлдөөний зуун гэж үндсэндээ тодорхойлж болно. Дэлхий ертөнц өдрөөс өдөрт дижиталчлагдаж байгааг хүн бүр мэднэ. Бид гар утсаараа дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт болж буй үйл явдлын мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, мэдээллийн их урсгал дунд амьдарч байна. Тэгвэл мэдээллээс ямар хүн хоцорч байгаа вэ, мэдээлэл гэж юуг хэлж байна вэ гэдэг өөрөө тун сонирхолтой асуулт. Энэ нийгэмд боловсролгүй, дэлхийн хэлээс суралцаж чадахгүй хүн маш олон боломжоос хоцорч байгааг хэлмээр байна.

Тэгвэл Монголын ирээдүйг хэн авч явах вэ?

Энэ асуултад өнгөрсөн 25 жилийн хугацаанд авсан сургамж дээр үндэслэн басхүү Боловсролын сайдын хувиар хариулъя. Бид өнгөрсөн 25 жилийг маш хялбар юм шиг бодож өнгөрүүлжээ. Хэл, нийгмийн салбарт боловсон хүчний илүүдэлтэй болжээ. Үүнээс үүдэн хотыг, хөгжлийг хэн түүчээлэх вэ гэсэн бас нэгэн асуулт урган гарч байна. Хотыг хэн босгож, улсыг хэн авч явдаг вэ?  Тэд бол инженерүүд. Иймд ирээдүйн 25 жилийг төсөөлнө гэвэл яах аргагүй нүүдэлчин соёл иргэншлээс суурьшмал буюу хотын соёл иргэншилд шилжиж буй үйл явцтай холбон төлөвлөх шаардлагатай байгаа. Тйимээс энэ цаг үед инженерүүдээ бэлтгэх зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байна. Боловсролын салбарт дэлхийн өндөр хөгжилтэй, өндөр технологитой улс орнуудад инженер бэлтгэх хөтөлбөр хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс, Япон улсын Засгийн газар хамтран 1000 инженер бэлтгэх төслийг хэрэгжүүлсэний үр дүнд өнөөдөр 300 орчим оюутан Японы их, дээд сургуульд элсэн суралцаж байна. Үүнээс цааш улам их хөгжлийг буухиалж, түүчээлсэн өндөр мэргэжилтэй инженерүүдийг ойрын 10-15 жилийн хугацаанд бэлтгэх гэхчилэн боловсролын салбарт эдийн засгийн олон талт тулгуур бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй болоод байна.

Боловсролын салбарын систем, бодлого, эрх зүйг хэрхэн сайжруулах вэ?

Төрөөс  Монгол Улсын боловсролын систем, бодлого, эрх зүйг хэрхэн сайжруулах вэ, хууль батлаад орхих бус, баталсан хуулийн зүйл заалтыг залуучуудад хэрхэн бодит боломж болгон хүргэх, тэднийг дэмжих вэ гэдэгт анхаарах цаг ирсээн. Тиймдээ ч энэ удаагийн Засгийн газар өнгөрсөн 25 жилд гаргаж байгаагүй том шийдвэр гаргасан. Энэ бол айл гэрт дарамтгүй, оюутныг суралцах боломжоор бүрэн дүүрэн хангасан, хүүгүй, барьцаагүй, банкаар дамжуулахгүй, хамтран зээлдэгч шаардахгүй олгох “Оюутны хөгжлийн зээл”-ийн хөтөлбөр юм. Түүнчлэн ахисан түвшинд буюу магистр, докторуудад ч энэ боломжийг олгож, энэ сарын 1-нээс зээл олгогдож эхлээд байна. Энэхүү зээлийг олгосноор боловсролын салбарын ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт хийж байна гэж ойлгож болно. Үүний үр дүнд чанартай боловсон хүчин бэлтгэгдэж, салбарт төдийгүй нийгэмд томоохон эргэлт авчирна гэж харж байна.

Дараагийн нэг чухал асуудал бол өрсөлдөөн.

Технологийн эрэн зуунд амьдарч байгаа энэ үед зөвхөн “Би ялна” гэх бус, монголчууд хамтдаа ялах ёстой гэсэн ойлголтыг өрсөлдөөний түвшинд авчрах цаг нэгэнт ирээд байна. Өнгөрсөн 25 жилд би л ганцаараа мөнгө олж, би л сайхан амьдарч байвал болоо гэсэн сэтгэхүй буюу туйлын аминчхан үзлээр ханддаг байлаа. Энэ бол өнгөрсөн цаг үеэс авсан хамгийн том сургамж байлаа. Харин одоо бид хамтдаа дэлхийн зах зээл дээр өрсөлдөх өрсөлдөөнд өөрсдийгөө бэлдэх, хамтын хүчээр эх орныхоо төлөө зүтгэх ёстой гэсэн сэтгэхгүйг бий болгох хэрэгтэй байна.

Залуу хүн бүр ялах эрмэлзэлтэй байдаг. Гэхдээ өөрөө өөрийгөө ялах ялалт гэдэг бусдын өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарладаг ялалт гэдгийг онцлох нь зүйтэй. Өөрийгөө соён гэгээрүүлж, дэлхийн ноу хау-гаас суралцаж, гарааны компаниудыг байгуулж, шинжлэх ухаан, инновацийн эзэд болж гэмээнэ дэлхийн хөгжлөөс Монгол Улс, Монголын залуус хоцрохгүй явах хэрэгтэй. Тиймээс аминч үзлээс хамтач үзэл рүү шилжээсэй гэж залуустаа уриалмаар байна. Энэ бол бидний том амжилтын том эхлэл байх болно.

Хүүхдийн онцлогийг олж мэдэн цэцэрлэгийн наснаас нь хүмүүжүүлэх тухай

Монголчууд өөрчлөлт гэдэг үгийг харахдаа нийгэмд ямар нэгэн томоохон тэсрэлт хийх, ямар нэг том зүйл болохыг хүлээдэг. Гэвч энэ үзэл хэдийнэ ард хоцорсон. Өөрчлөлтийг өөрөөсөө, найз нөхдөөсөө, хамт олноосоо, гэр бүлээсээ эхлүүлж байж, цаашид бодитоор хэрэгжүүлж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх юм. Манай эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчид өнөөдрийг хүртэл хичээлийн хөтөлбөр, ялангуяа сурах бичиг, багш нарын заах арга зүйг шүүмжилж ирсэн. Тэгвэл үүнийг шүүмжлээд, хараад суух бус өөрчлөхийн тулд бид өөрсдөөсөө энэ бүхнийг эхлүүлэх хэрэгтэй. Дэлхийн боловсролын чиг хандлага ч ийш зүглэж байна.

Дэлхийн боловсрол орчин цагийн сургалтын агуулга, концепци, арга зүйд нийцүүлэн, хэн юу хийх чадвартай, түүнд чиглэсэн ур чадварыг олгоход чиглэж байна. Хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь эхлэн хүмүүжүүлэх, тухайн хүүхдийн бусдаас ялгарах онцлогийг харж, хөгжүүлэх нь өнөө цагийн сурган хүмүүжүүлэх арга зүйн амин сүнс болж байна. Өөрөөр хэлбэл суурь боловсрол, мэдлэгийг энэ аргаар олгож, түгээх нь зөв зүйтэй юм аа.

Мэргэжил сонголтоос бүх зүйл эхэлнэ

Цаашилбал мэргэжлээ зөв сонгох тухай асуудал яригдана. Залуус маань мэргэжлээ сонгохдоо хэн нэгэнд шахагдаж, бусдыг даган дуурайж бус чухамхүү өөрийнхөө хүсэл мөрөөдөл, авьяас чадварт тулгуурлан мэргэжил сонголтоо хийдэг байгаасай. Мэргэжил сонголт гэдэг чиний, миний, таны, бид бүхний ирээдүй юм. Та ирээдүйд ямар хүн болохыг хүсч байна, ямар ажил эрхэлж, хэдэн төгрөгийн цалинтай байхыг төлөвлөж байна, цаашлаад гэр бүл төлөвлөлт, хэдэн хүүхэдтэй болох вэ гэх мэт бүхий л төлөвлөгөө, хандлага чинь таны мэргэжил сонголттой шууд холбоотой юм аа. Тиймээс залуучууддаа мэргэжил сонголтдоо анхаараач гэж дахин давтан хэлэхийг хүсч байна. Төгсгөлд нь, эх орныхоо төлөө ирээдүйг гэрэлтэйгээр харж, хүн төрөлхтний хөгжлөөс хоцрохгүй байхыг та бүхнээс хүсье. Амжилт хүсье.

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ