С.Мөнхтуяа: Кокайн нь жижиг молекул нэгдлийг агуулдаг учраас уураг тархи, өөхөн эдэд 1 секундэд л  нэвтэрдэг

2018-05-10 09:28      geregmn

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн  мэргэжилтэн, анагаах ухааны  доктурант С.Мөнхтуяатай ярилцлаа.

-Хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм, бодист юуг хамруулан ойлгож болох вэ?

-Дэлхий дээр донтуулдаг 600 гаруй бодис бий. Энэ төрлийн эм, бодис нь эмнэлгийн, хуулийн, нийгмийн хяналтад байдаг. Эдгээр бодисыг хэрэглэж, түүндээ донтоно гэдэг бол хууль бус зүйл юм. Анагаах ухаанд зарим бодисыг эмчилгээний журмаар ашигладаг.

Өвчний олон улсын ангиллын аравдугаар ангиллыг манай улс баримталдаг. Энэ ангиллын тав дахь бүлэгт сэтгэцийн эмгэгүүд багтдаг юм. Үүний дотор мансууруулах болон сэтгэцэд нөлөөлт эм, бодисоос шалтгаалсан сэтгэцийн болон зан үйлийн эмгэг гэж бий.

Энэ төрлийн эм, бодис олон янз бөгөөд үүний дотор өвчин намдаах, сэргээх мөн тайвшруулах, нойрсуулах үйлчилгээтэй байдаг. Түүнчлэн тухайн хүнд хий үзэгдэл зориудаар харуулдаг эм, бодис ч бий.

Ахуйн хэрэглээнд ашигладаг дэгдэмтгий, ууршимтгай бензин, цавуу, газ энэ төрлийн бодист хамаардаг.  Эдгээрээс үүдэлтэй өвчлөлийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлт эм, бодисын шалтгаант донтох эмгэг гэж үзнэ.

-Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм, бодисын хэрэглээнээс шалтгаалсан өвчтэй хүмүүс хэр ирдэг вэ?

-Өөр өөр шинжтэй 90-ээд бүлэг өвчин бий. Түүний дотор багтах мансууруулах эм, бодисын бүлэгт сэргээх үйлчилгээтэй бодисын хэрэглээ зонхилдог. Эдгээр нь төрөл, гарал үүслээрээ ялгаатай. СЭМҮТ-д 30 ортой хэвтэн эмчлүүлэх тасаг, ажил, хичээлийнхээ завсараар эмчлүүлж болох өдрийн эмчилгээний тасаг, үнэ төлбөргүй үздэг амбулаторийн тусламж үйлчилгээ бий.

Манайд Эрүүгийн хуулийн дагуу мансууруулах бодис биедээ авч явсан, хадгалсан, хэн нэгэнд борлуулсан байж болзошгүй гэсэн хүмүүсийг шүүхийн шинжээч эмч нарын дүн шинжилгээ хийлгэх гэж ирдэг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний сэтгэцийн байдал ямар байгааг талаар үзлэг хийлгэдэг юм. 2012 онд дээрх шалтгаанаар 29 хүн ирсэн бол 2017 онд 69 хүн болсон. Энэ нь Монгол Улс хар тамхи,мансууруулах бодисын тээвэрлэгч орон бус хэрэглэгч болсныг харуулдаг.

Манай улсад дэлхийн бусад улсуудтай адил сэргээч эм, бодис буюу мөс, өвсний хэрэглээ өндөр байна.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлт бодисын шалтгаант донтох эмгэгийг СЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн газарт эмчилдэг. Энэ шалтгаанаар 2014 онд 34 хүн эмчлүүлсэн. Одоогийн байдлаар мансууруулах болон идэвхт эм, бодисын шалтгаант өвчлөл 1152 болж бүртгэгдсэн. 2017 оны байдлаар энэ төрлийн өвчлөлтэй 49 хүн байна.

-Өсвөр насныхан сонирхох маягаар хэрэглэдэг гэсэн. Тэдний дунд аль  төрлийн бодисын хэрэглээ давамгайлдаг вэ?

-Өсвөр насныханд аливааг өнгөц хардаг онцлог бий. Үүнээс гадна хүүхдийн хүмүүжил, төлөвшлөөс шалтгаална. Аливаа зүйлд хянуур хандаж сураагүй, зөв, бурууг ялгаж чаддаггүй, хэтэрхий дураараа өссөн, тэвчээр муутай, уурлаж гомдох нь амархан, найз нөхөдтэйгээ дайсагнадаг хүүхдүүд мансууруулах эм, бодисыг түлхүү хэрэглэх нь бий. Өсвөр насныхны дунд цахим донтолт, цавуу, газ, бензин зэргийг хэрэглэх нь элбэг байна. Ингэхдээ хэсэг бүлгээрээ, анги хамт олноороо хэрэглэдэг онцлогтой. Тэднийг газанд донтсон гэхээс илүү эмгэгтэй хүүхдийн оношинд хамруулдаг.

Үүний дараа хүүхдийн зан төлөвт нөлөөлөх, буруу зуршлыг өөрчлөх сэтгэл заслын эмчилгээ хийнэ. Хэрэв аль нэг багш, эцэг эх хэсэг бүлгээрээ газ үнэрлэж байгааг нь илрүүлээд арга хэмжээ авч чадвал бүлгээр нь эмчлэх боломжтой. Ингэснээр донтолт үүсэхээс өмнө таслан зогсоож чадна.

-Эцэг, эхчүүд хүүхдээ, найз нөхөд нь нэгнийгээ ямар нэг сэтгэцэд нөлөөлт эм, бодисын хэрэглээнд орсон эсэхийг яаж мэдэх боломжтой вэ. Ямар нэг шинж тэмдэг илрэх үү?

-Залуучууд мансууруулах, сэтгэц сэргээх эм, бодисыг ядрахгүй байх, олон цагаар нойргүй байх шаардлагатай үед, мөнгө хялбар олох гэж хэрэглэдэг. Залуучууд цахим орчноос хэрэглээг нь олоод мэдчихсэн байдаг ч хор хөнөөлийг нь мэддэггүй.

Эцэг, эхчүүд өглөө цүнхээ үүрээд гарсан хүүхэд хичээлдээ очиж байгаа эсэх, аливаад зорилготой хандаж байгаа эсэх, мөн юунд зарцуулсан нь тодорхойгүй мөнгөний хэрэглээ нь өндөрсөж байвал, үнэтэй зүйлүүд хэрэглэх, шивээс хийлгэх, ийм талын сонирхолтой хүүхдүүдтэй бүлэг үүсгэж нөхөрлөж байгааг эсэхийг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн хувцаслалт, хүнтэй харьцах харьцаа, цаг төлөвлөлт, сурлагын байдал зэргээс л ажиглагддаг. Тиймээс ангийн багш, тухайн сургуулийн нийгмийн ажилтан, эмч нартай холбоотой байх шаардлагатай юм.

Нэг хэрэглээд эхэлбэл амархан донтоно. Нэг удаагийн хэрэглээнээс донтож, эмгэгт шилжих аюултай. Үүнээс гадна донтолтод хүрэхгүйгээр амь насаа алдах тохиолдол их байна. Нэг хэрэглэгчийн цаана дөрвөн хэрэглэгч байдаг. Тэд хэрэглэгчдээ сонгохдоо гадуур явдаг, цахим тоглоом тоглодог, эцэг эхийн хараа хяналт сул хүүхдүүдийг уруу татаж, бүлэг үүсгэдэг.

-Хор хөнөөлийг нь мэдэхгүй сэргээх маягаар хэрэглэж байгаа залууст юу гэж зөвлөх вэ?

-Залуучууд хэрэггүй мэдээллийг өөртөө бүү ашиглаач. Манайд ирдэг залуус “Би цахим мэдээллээр дамжуулан энэ талын мэдээлэл олж авсан. Хориотой биш юм байна гэж бодсон. Одоо л хор хөнөөлийг нь ухаарч байна” гэдэг. Залууст сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгоогүйн уршиг.

Өөрийгөө яаж хөгжүүлэх, цагаа яаж зөв зарцуулах, нойргүйдэл эмчлэх өөр арга хайх, стресс бухимдлаа яаж тайлах вэ гэдгийг зааж өгөөгүй учраас 30, 40 насандаа энэ төрлийн асуудалд орж байна. Ажлын ачаалал ихтэй, ажлаа зөв зохицуулж чаддаггүй хүн нойргүй хонодог. Нойргүйдлээ нөхөх гээд сэтгэцэд нөлөөлөх эм, бодисыг хор нөлөөг нь мэдэхгүй хэрэглэж байна. Тэгэхээр эхлээд ажлаа зөв зохицуулж, ачаалалгүй ажиллаж сур.

Хамгийн чухал нь хэн нэгэнд “үгүй” гэж хэлж сур. Аль ч байгууллага ажлаа амжуулаад байгаа хүнд нэмээд л ажил өгөөд байдаг. Гэтэл ачаалалтай ажиллаад эхлэхээр бие махбодид  нь дарамт үүсч, мартамхай болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ бүхнээс сэргийлэхийн тулд наад зах нь “үгүй” гэж хэлэх хэрэгтэй.

-Мөс, өвс, кокайн, герион зэрэг бодисууд хүний бие махбод, сэтгэцэд өөр өөрөөр нөлөөлөх үү?

-Өөр өөрийн нөлөөлөл, эмнэл зүйн шинжтэй. Какойн, мөс зэрэг нь сэргээгч бодист ордог. Хэрэглээ нь хүн болгонд харилцан адилгүй. Таашаал авсан хүмүүс цаашид донтох нь их байдаг.

Анх удаа хэрэглэхэд таатай байсан, тайвширсан, уурлах үедээ хэрэглэдэг гэж байгаа бол тухайн бодист татагдаж эхэлснийх. Ингэснээр зан төлөвт нь өөрчлөлт орж, аюултай байдалд хүрнэ. Жижиг молекул нэгдлийг агуулдаг учраас уураг тархи, өөхөн эдэд нэвтэрдэг.

Нэг секундээс нэг минутын дараа биед нэвтэрч шууд үйлчилнэ. Тэндээс эхлээд хоёр гурав дахь удаагийн хэрэглээ донтолж үүснэ. Газ ч мөн ялгаагүй.

Сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэснээр хурц хордлого, архаг хорлого буюу шарталт, бие даасан өвчлөлүүд, элэгний үрэвсэл, өөхжилт, хатуурал, хавдар зэрэг гинжин урвалт өвчлөл үүсгэдэг.

Хамгийн аюултай нь эм, бодисууд нэг секундэд шууд үйлчлэл үзүүлдэг учраас алга урвуулахын төдийд амиа алдах эрсдэлтэй. Хамгийн хөнөөлтэй нь үүнээс улбаалсан өвчлөл эдгэдэггүй. Өндөр өртөгтэй, олон жилийн эмчилгээ шаарддаг. Дэлхийн улс орнуудад таван хувийн л үр дүнтэй эмчилгээ байдаг. Ийм учраас өртөг зардалтай, үнэтэй өвчнийг худалдаж авах хэрэггүй.

-Манай улсад энэ төрлийн эмгэгтэй хүмүүст ямар эмчилгээ хийдэг вэ?

-Бүлэг өвчний тоогоор өөр өөр эмчилгээ хийдэг. Өвчин болгон өөр өөр эмчилгээ оношлогооны стандарт, удирдамжтай. Түүний дагуу эмчилдэг. Эмчлэхийн тулд анхан шатнаас эхлээд бүх шатанд эмчилдэг.

Хамгийн үр дүнтэй арга нь сэтгэл заслын эмчилгээ юм. Ганцаарчлан болон бүлгээр 28 хоногоос нь эхлэн үе шаттай явуулдаг. Үүний дараа нөхөн сэргээх нийгмийн эмчилгээ хийнэ. Энэ нь мансууруулах бодис хэрэглэхгүй болсны дараа найз нөхөдтэй болгох, сургалт цуглаанд хамрагдах, яаж бодис хэрэглэхгүйгээр стрессээ тайлж, уур бухимдал, нойргүйдэл, хэлж чадахгүй байгаа зовиур шаналгаанаас ангижрах вэ гэдгийг заадаг. Нийт 12 төрлийн нөхөн сэргээх эмчилгээ хийдэг.

-Хандан эмчлүүлэгсдийн дунд хэдээс хэдэн насныхан зонхилж байна вэ?

-Ийм эмгэгтэй хүмүүс дунд 13-25 хүртэлх насныхан зонхилдог. 30-45 хүртэлх насныхан  харьцангуй цөөн. Өсвөр үе, залуучуудыг хамарсан байдаг юм.

Ц.Жаргал




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
matematikch

zorilgogui hun adguus bolj tordog har tamhichid zorilgogui hunees dor torold tordog ooroor helbel tamiin amitad

2018-05-11 00:04    59.153.115.188

Сэтгэгдэл нэмэх