Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын талаар хэн, юу хэлэв

2018-05-09 12:35      geregmn

Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч Клаус Шваб 2016 оны Даосын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал”-ын асуудлыг тавьж, хүн төрөлхтний анхаарлын төвд оруулсан юм.

Аж үйлдвэрийн нэг дэх хувьсгалаар  төмөр зам, уурын машин, хоёр дахь хувьсгалаар цахилгаан, үйлдвэрийн дамжлагын ачаар масс үйлдвэрлэл, гурав дахь хувьсгалаар компьютер, дижиталчлал бий болгож өнөөгийн нийгмийг цогцлоосон билээ.

Тэгвэл аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалаар олон технологи, хиймэл оюун ухаан, шинэ урьд өмнө байгаагүй шинжлэх ухааны нээлтүүд, түүнд тулгуурласан технологийн эрэн үеийг авчирна. Доктор Клаус Шваб 2025 он гэхэд “Нийт хүмүүсийн 10 хувь нь интернэтэд холбогдсон хувцас өмсөнө. Хамгийн анхны 3D принтерээр машин үйлдвэрлэнэ. Компанийн аудитын 30 хувийг хиймэл оюун ухаан гүйцэтгэнэ. Америкийн авто машины 10 хувийг жолоочгүй машин эзэлнэ” зэргээр аж үйлдвэрт гарах өөрчлөлтүүдийг тооцоолжээ. Ингэснээр дэлхий нийт аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд бэлтгэж эхэллээ. Тэгвэл манай улс аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд бэлэн үү? Энэ талаар хэн, юу хэлэв.

                              БСШУС-ын сайдын зөвлөх А.Цанжид:  Бид өөрсдийн муугаас аж үйлдвэрийн хувьсгалаас хоцорч болно. Гэхдээ өртөхгүй байх боломжгүй.  

-2011 оноос аж үйлдвэрийн хувьсгал гэдгийг Германд ярьж эхэлсэн. Бид өөрсдийн муугаас аж үйлдвэрийн хувьсгалаас хоцорч болно. Гэхдээ өртөхгүй байх боломжгүй. Тиймээс бодлоготой шилжих ёстой. Дэлхийн улсууд бодлого, төлөвлөлт гаргаж байна. Зарим нь гаргачихсан байна. Бидэндтэй адилхан социалист байсан Польш, Унгар, Чех, Казакстан, Вьетнам, Лаос зэрэг улс юу хийж байгааг харлаа. Тэд нэгдүгээрт, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын галт тэргэнд амжиж суухад юу саад болох, хоёрдугаарт үүнд оролцох боломж нь юу байна, гуравдугаарт нь хувьсгалаас учруулж болох аюулыг маш сайн тооцоолжээ. Үүний дараа Засгийн газар эсвэл Ерөнхийлөгчийн дэргэд улсын хэмжээнд удирдах байгууллага байгуулсан байна.

Мөн шинжлэх ухаан, бизнес, төрийн байгууллагаас оролцуулан дээр дурдсан гурван асуудлаар дүн шинжилгээ хийх, улс орныхоо хөгжлийг тус чиглэлд төлөвлөх, аж ахуйн нэгж бусад байгууллагад зөвлөмж өгөх үүрэг бүхий холимог хороог байгуулжээ. Ингээд инновацийн салбар, гарааны компаниуд, шинжлэх ухааны судалгаанд их хэмжээний хөрөнгө төлөвлөж эхэллээ. Одоо боловсрол, шинжлэх ухааны системээ энэ хувьсгалын шаардлагаар өөрчлөх гэж байна. Гадаад харилцаагаа өргөжүүлж, тус хувьсгалаар тэргүүлэх улсуудтай холбоо тогтоож, суралцах, хамтран ажиллах чиглэлд анхаарч эхэлсэн.

Манай улсын хувьд яг ингэж тооцож, шинжлэх ухаан, бизнес, төрийн төлөөлөл оролцуулсан толгой байгууллага байгуулах хэрэгтэй. Үүнийг ШУА-д суурилан байгуулж болох юм. Дараа нь боловсролын системийг бүрэн өөрчлөхгүй бол болохгүй. Бид энэ тал дээр их хоцорч байгаа. Манай улсад аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд орох боломж бий. Бидний монголчууд шиг хүн хүч цөөтэй оюуны чадамж өндөртэй улсад маш чухал боломж тохиож байна.

ШУТИС-ийн доктор А.Эрдэнэбаатар: Одоо хүний оюунлаг ажлыг машин машин хийдэг болсон.Тиймээс хүнээ хөгжүүлэх хэрэгтэй 

-Улс болгон эдийн засаг, нийгэмд хувьсгалт өөрчлөлт авчирч буй технологид аль улс, аль компани, хэн гэдэг хүн илүү гаршина тэд л өнөөгийн дэлхийн хөгжил дэвшлийг тодорхойлж байна. Хувьсгалт өөрчлөлт бол үйлдвэрт ажиллах хүчнийг машинаар орлуулах тухай асуудал юм. Эхний хувьсгалууд гар ажиллагааг машин болгож байсан бол дараа нь олон давталттай уйтгартай ажлуудыг машинаар хийдэг болсон. Тэгвэл одоо хүний оюунлаг ажлыг машин хийдэг болоод эхэлж байна. Тэгэхээр манай улс ирээдүйгээ харж, хүнээ хөгжүүлэх ёстой. Чадварлаг мэргэжилтнийг хөгжүүлэх нь чухал. Ингэж чадвал бид хөгжил дэвшилд хүрч чадна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал бол XXI зуунд бидэнд олдох түүхэн боломж

-Евродод шинжлэх ухааны судалгааг аж үйлдвэрийн хувьсгалд чиглүүлэх, хэрэглээний судалгааны 70-80 хувийг үүнд бэлтгэхэд зориулж байна. Манай улс шинжлэх ухаан технологийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 2030 он гэхэд бүрэн шилжих аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд бэлдэхгүй бол хоцроно. Германд аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалаар 60 мянган ажлын байр байхгүй болно гэсэн судалгаа гаргасан. Хиймэл оюун ухаан хөгжиж эхэлбэл хүний хийдэг зүйлийг хиймэл оюун ухаан хийдэг болно. Тэгэхээр бид мэргэжилтнүүдээ хааш нь хийх вэ, ямар мэргэжилтэн бэлтгэх вэ гэдэг талаар бодлого боловсруулах ёстой. Цахим бодлогын түр хорооноос бодлогын баримт бичгийг гаргасан. Эхний ажил нь аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалд бэлтгэх ажил байна.

Инженер, технологийн салбар тэргүүлэх чиглэл байна. Энэ хувьсгалын үед дэлхий нийт авьяастай мэргэжилтнүүдийг хайна. Нэг ёсондоо ямар ч хиймэл оюун ухаан, программчилал орлож чадахгүй авьяас үнэлэгдэнэ. Чадварлаг мэргэжилтэн байхаас илүү өргөн мэдлэгтэй байх ёстой болж байгаа юм. Тиймээс монголын боловсрол ийм залуусыг бэлтгэхэд чиглэх ёстой.

Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал бол XXI зуунд бидэнд олдох түүхэн боломж. Дэлхий дахин нэг гараанаас эхлэх гэж байна. Бид төрмөл оюун ухаанаараа дэлхийд илүү. Тиймээс нэг гараанаас эхлэхдээ оюун ухаанаа дайчилж чадвал дэлхий ертөнц дээр маш олон ажлын байр биднийг хүлээж байна. Яагаад дэлхий гэж хэлж байна вэ гэвэл нэг хүн компьютерийн цаанаас дөрвөн компанид зэрэг ажиллах боломж олдоно. Ийм нөхцөлийг хиймэл оюун ухаан бүрдүүлж өгнө.

Ц.Жаргал




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх