Тагтаа алтан гургалдай шиг дуулаагүй...

2018-05-09 10:20      geregmn

 

 Монгол орчин үеийн уран зохиолын нэрт төлөөлөгч Д.Сэнгээ агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. 1916 оны энэ өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрж, өсчээ. Яруу найраг, жүжиг, үргэлжилсэн үгийн зохиолч, орчуулагч тэрбээр 1936 онд Улаанбаатар хотноо багш нарыг бэлтгэх сургууль, 1951 онд Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгссөн байна. 1943-1946 онуудад Монголын зохиолчдын эвлэлийн түр хорооны нарын бичгийн дарга, 1954-1959 онд зохиолчдын хорооны даргаар ажиллаж байв. Д.Сэнгээ БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар хэд хэдэн удаа сонгогдож МАНХ-ын их хурлуудад төлөөлөгчөөр оролцож Төв хорооны гишүүнээр сонгогдож байв. 1932 оноос уран бүтээлээ туурвих болжээ.

 Түүнийг Монголын яруу найраг судлаач эрдэмтэн Д.Цэнд “Дашзэвэгийн Сэнгээ бол орчин үеийн Монголын уран зохиолын гэрэлт од” хэмээн хэлж байсан удаатай. Д.Сэнгээ бага байхаас хошууны танхимын сурагч болж, бичиг сурч шүлэг бичиж эхэлсэн гэдэг. Тэрбээр сургуульд орсны дараа жил нутагтаа ирээд “Могой хээрээр мордон гүйлгээд, Мордсон шөнөө нойргүй давхиад...” хэмээн ээжийгээ хөдөөлүүлсэн газрыг эргэсэн тухайгаа бичжээ. Үүнийг нь түүний анхны шүлэг гэдэг боловч судлаачид 1932 онд Хувьсгалт Залуучуудын эвлэл сэтгүүлд нийтлэгдсэн Соёлын тухай шүлгийг нь анхны бүтээл гэж үздэг юм. 1933 онд Багш нарыг бэлтгэх сургуульд орсноор уран зохиолын авьяасаа нээх хувь тавилангаа мэдэрсэн аж. Тус сургуульд тэр үеийн толгой сэхээтэн Д.Нацагдорж, Т.Нацагдорж, Б.Доржсүрэн, Ө.Чимид нар багшилж, сургуулийн дэргэдэх уран зохиолын дугуйланд С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ши.Аюуш нар хичээл зааж, зөвлөгөө өгдөг байж.

Түүний бүтээлүүдийн дотор дайныг эсэргүүцсэн иргэний болон эх орны уянгын шүлэг нэлээдгүй байдаг юм. Эдүгээ монголын ард түмэн олон сайхан уянгын дууг нь дуулсаар буй. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Үнэн” дуурь нь олон жил тоглогдож, зохиол бүтээлүүд нь Орос, Хятад болон бусад олон хэлээр орчуулагдан хэвлэгдсэн билээ. 1947 онд “Аюуш” туужаараа, 1954 онд “Тагтаа”, “Өвгөн партизаны яриа” шүлгээрээ төрийн шагнал буюу Чойбалсангийн шагнал хоёр удаа хүртэж явсан уран зохиолын гэрэлт од байлаа. Өдгөө түүний гэрэлт хөшөө төрсөн нутагт нь сүндэрлэн буй. 

  Д.Сэнгээгийн “Тагтаа” хэмээх шүлгийг хүргэж байна.

Тагтаанд бүргэдийн хүч байгаагүй

Тагтаанд шонхорын зориг байгаагүй

Тагтаа алтан гургалдай шиг дуулаагүй

Тагтаа үнэн ба амьдралтай нийлээгүй

Гэвч улай үзэхийг хүсдэггүй дээ

Гэмгүй даруу зантай даа

Гэр хүн хоёрт ойр байдагтай нь

Гэрэлт цагаан тагтаа түүнд дуртай

Тагтаа хөөрхөн

Тагтаа номхон

Дандаа олуулаа

Дандаа тайван

Тагтаа энх тайваны бэлэг тэмдэг

Тагтаа эрх чөлөөний бэлэг тэмдэг

Тагтаа дурлал жаргалын бэлэг тэмдэг

Тагтаа сайн сайхны бэлэг тэмдэг

Хөх цэнхэр огторгуйн гүнд

Хөвөн хөөрөн нисэж явахдаа

Хүний гарт огт баригдсангүй

Хүсэл сэтгэл нь оршиж байлаа

Тагтаа хөөрхөн

Тагтаа номхон

Дандаа мөрөөднө

Дандаа эрмэлзэнэ

Тагтаанд бүргэдийн хүч байгаагүй

Тагтаанд шонхорын зориг байгаагүй

Тагтаа алтан гургалдай шиг дуулаагүй

Тагтаа үнэн ба амьдралтай нийлээгүй

Хан бүргэдийн далавчаар жигүүр хийж

Харцага шонхорын зоригоор зүрх хийж

Алтан гуралдайн дуугаар хоолой хийж

Амьдрал үнэн хоёроор хүчийг нь сэлбэлээ

Тагтаа хөөрхөн

Тагтаа номхон

Дандаа мөрөөднө

Дандаа эрмэлзэнэ.

                                                     

 Ц.Цэнгэл

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх