Эмч, эмнэлгийн ажилтнууд цалин хөлсөө 50 хувиар нэмэхийг шаардлаа

2018-05-08 15:31      gereg

 

Монголын Эмч, эмнэлгийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооноос Улсын Драмын эрдмийн театрын өмнөх талбайд сувилагч, эмнэлгийн ажилтнуудын жагсаал зохион байгууллаа.

Тэд эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх талаар улсын болон салбарын хооронд байгуулсан гурван талт хэлэлцээрийг биелүүлэхийг шаардав.

Жагсаалын үеэр Эмнэлгийн ажилтнуудын ҮЭ-ийн холбооны дэд дарга Ч.Нарантуяатэй уулзлаа.

-Өнөөдрийн жагсаалд хамгийн сүүлд гэхэд Архангай аймгаас  60 хүн хоёр автобустай ирж бүх аймаг, орон нутагаас төлөөлөл оролцож байна.

Өнөөдөр эрүүл мэндийн салбарт ажиллагчдын цалин хөлс үйлчлэгч, асрагч нар хамгийн доод түвшинд 300-400, сувилагч 450-500 мянга, их эмч нар 550-630 мянган төгрөгийн цалин авч байна.

Цаг наргүй ажилладаг бидэнд өгч байгаа өнөөдрийн цалингаасаа төр, засаг ичих хэрэгтэй. Үүнийг бид 50 хувиар нэмэхийг шаардаж хэлэлцээрт тусгасан боловч Засгийн газар биелүүлэхгүй, бидний үл тоож байна. Хэрэв төр, засаг хэлэлцээрээ мөрдвөл бидний цалин дунджаар сая төгрөг болох юм. Энэ бол өнөөдрийн эдийн засгийн өсөлттэй үед нийгмийн салбарын ажилтнуудаа анхаарахад боломжийн мөнгө.

Гэтэл өнөөдөр цалин бага, ажиллах нөхцөл хүнд учир сувилагч дутагдаж хомсдож байна. Бүх шатны эмнэлгүүдэд мэргэжилтэй ажилтны 10-55 хувь буюу 2 мянга гаруй орон тоо дутагдалтай байна.

Бид шаардлагын хариугаа 3 хоногийн дотор авна. Өнөөдөр мөн Эрүүл мэндийн яамны өмнө очиж салбарын сайдад шаардлага хүргүүлж байна” гэв.

Б.БИЛГҮҮН

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх