Оросыг 2024 он удирдах В.Путин,түүний хамтрагч Д.Медведев

2018-05-08 13:27      Ганхуяг

Дэлхийн улстөрийн бодлогыг тодорхойлогчдын нэг Владимир Владимирович Путин /1952 оны 10-р сарын 7-нд төрсөн/ өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллахаар дөрөв дэх удаагаа тангараг өргөлөө.

Тэрбээр өмнө нь 2000-2008 онд /4, 4 жилээр хоёр удаа/ сонгогдож байсан бол 2008-2012 онд Ерөнхий сайдаар ажиллаж дахиад 2012 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Энэ 2018 онд тэрбээр дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 7 хүртэл уг албыг хаших юм.

В.В.Путин Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дуусмагц Д.А.Медведеийг ОХУ-ын Ерөнхий сайдад санал болгож байгаагаа Төрийн Думд уламжиллаа. Ингэснээр Д.Медведев 2008-2012 онд Ерөнхийлөгч, 2012-2018 онд Ерөнхий сайд, ингээд дахин 6 жилийн хугацаатай улиран ажиллахаар болов.

Ийнхүү В.Путин 1999-2024 онд нийтдээ 25 жил ОХУ-ыг удирдахаар болов. 

Харин Путин болон Д.Медведевийн хослол 2005-2008 оноос эхтэй.  1999 оны 8 сарын 9-нд Сергей Степашин огцорч, В.Путин ОХУ ын Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч боллоо. Тэр үед ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ Путиныг өөрийнхөө ирээдүйн залгамжлагч гэсэн.

Яг тэр үед Путин ч 2000 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх бодолтой байна гэдгээ зарлажээ. Гэвч шинэ ерөнхий сайд асар богино хугацаанд сонгогчдын итгэлийг хүлээнэ гэдэг маш хүнд даалгавар байлаа. Путин ерөнхий сайд болоод Сергей Степашины явуулсан бодлого, тэргүүлэх чиглэлийг хэвээр хадгална гэж ярьж байлаа. 1999 оны 8 сарын 16 нд ОХУ-ын Төрийн ДУМ Владимир Путинийг ерөнхий сайдын албан тушаалд жинхэлжээ.

Ерөнхий сайд Путин 1999 онд Кавказын асуудалд ач холбогдол өгч,Дагестан, Чечень руу цэрэг оруулав.Энэ үед Оросын томоохон хотуудад хэд хэдэн удаа орон сууцны барилгад дэлбэрэлт болов. Энэ алан хядах ажиллагааг Чечений салан тусгаарлагчид зохион байгуулсан гэж тагнуулынхан үзжээ. Харин Чеченьд хийж байгаа цэргийн ажиллагааг зөвтгөхийн тулд Путин тусгай албаныхнаар дэлбэрэлт үйлдүүлсэн гэж цуурхал дэгдэж байлаа. Үүнийг Путин эрс няцааж байлаа. Чеченьд амжилттай болсон цэргийн ажиллагааны дараа Путины нэр хүнд нийгэмд өсчээ. Парламентын сонгуульд Путин амжилттай оролцов.

Уг нь Путиныг ерөнхийлөгч болоход Лужков, Примаков нар хамгийн гол өрсөлдөгч нь болно гэж олон хүн тооцоолж байлаа. 1999 оны 12 сарын 31-нд Борис Ельцин төрийн тэргүүний албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгджээ. Путин ОХУ ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болжээ.

2000 онд Путин анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө “Миний гол зорилт бол ард түмний амьжиргааг дээшлүүлэх. Улс төрийн найдвартай тавцан бүрдүүлэх тухай дараа нь бодно” гэжээ.

2000 оны 3 сарын 26-нд Путин ОХУ ын Ерөнхийлөгчөөр сонгогдоход сонгогчдын 52,94 хувь нь санал өгсөн байна. Путин 2000 оны 5 сарын 7-нд тангараг өргөж албан тушаалдаа орохдоо хэлсэн үгэндээ Путин улс орны нэгдмэл байдлыг хангах, төрийн бэхжүүлэх хэрэгтэй гэжээ.

Путиныг ерөнхийлөгч байх үед Оросын эдийн засгийн өсөлт үлэмж хэмжээгээр нэмэгдэж, ДНБ-ний хэмжээ 6,5 хувиар нэмэгдэв.Оросын гадаад өрийн хэмжээ нь ДНБ-ны 50 хувь байсан бол 30 хувь болжээ. Путин гадаад бодлогодоо АНУ, Европын холбооны орнуудтай тогтоосон харилцаагаа бэхжүүлэх, Умард Атлантын Цэргийн Эвсэлтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, Оросын дэлхийн худалдааны байгуулагад элсүүлэх бэлтгэл ажлыг хангасан юм.

Судлаачид Путин АНУ тэргүүтэй барууны орнуудтай харилцаагаа сайжруулах талаар зоримог алхам хийсэн гэдэг.

2003 оны 12 сард ОХУ-д болсон Төрийн ДУМ-ын сонгуульд Путины талын “Нэгдсэн Орос” нам ялалт байгуулжээ. Ингэснээр ерөнхийлөгч Төрийн ДУМ-д хяналтаа тогтоож чадсан байна.

2004 оны 2 сарын 24-нд Владимир Путин Михаил Касьяновын тэргүүлсэн засгийн газрыг огцруулжээ. Ерөнхийлөгчийн сонгууль болохоос 14 хоногийн өмнө засгийн газраа огцруулсан нь Оростоо төдийгүй дэлхий дахины гайхлыг төрүүлсэн. Гэвч ОХУ-ын шинэ ерөнхий сайдаар Михаил Фрадков томилогдсон нь нэлээд хэцүү үйл явдал байсан нь сүүлд мэдэгдсэн юм.

2004 оны 3 сарын 14-нд Путин ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ. Тэр 5 сарын 7-нд тангараг өргөх ёслол дээр “өнгөрсөн 4 жилд улс орны нэгдэл, бүрэн бүтэн байдлыг хадгалах зорилт тавьсан. Энэ зорилт биелсэн” гэж хэлээд, харин хоёр дахь удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэний нийгмийг бэхжүүлнэ. Олон намын тогтолцоо, иргэний хувийн эрх чөлөөг хангана. Зөвхөн эрх чөлөөтэй хүмүүс, эх чөлөөт улсад амжилтанд хүрч чадна гэж онцлон тэмдэглэсэн байна.

Путин хоёр дахь удаагаа төрийн тэргүүнээр ажиллахдаа үндэсний хэмжээний тэргүүлэх чиглэлийн 3 төсөл боловсруулжээ.

2004 оны 5 сарын 26-нд Путин “хямралыг гэтлэх”, “зэвсэгт хүчнийг шинэчлэх”, “орон сууцны шинэчлэл” гэсэн 3 үндэсний хөтөлбөр эхлүүлж байгаагаа Холбооны Зөвлөлийн танхимд явуулсан илгээлтэндээ бичсэн байна.

2008 онд Путины ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Үндсэн хуулийн дагуу Путин ерөнхийлөгчийн сонгуульд 3 удаа дараалан нэр дэвшиж, өрсөлдөх эрхгүй байсан билээ. 2007 оноос эхлээд оросын төдийгүй, барууны стратеги судлаачид хэн дараагийн төрийн тэргүүн бэ гэдэг асуултыг тавих болжээ. Үндсэн хуулинд өөрчлөлт хийж, Путиныг 3 дахь удаагаа нэр дэвшүүлэх боломжийн талаар ч улс төрчид шивнэлдэж эхлэв.

2005 оны 11 сарын 14-нд ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын тэргүүн Дмитрий Медведев ерөнхий сайдын 1-р орлогч болж, үндэсний тэргүүлэх төсөл, хөтөбөрийг хариуцах болжээ. ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Иванов ерөнхий сайдын орлогч гэсэн алба, хэргэмийг давхар хаших болов. Үүний дараа ОНМХ-ээр Путинийг залгамжилж болзошгүй хоёр хүн байна гэх болов.

2007 оны Төрийн ДУМ-ын сонгуульд Путин “Нэгдсэн Орос” намын нэр дэвшигчдийн жагсаалтыг тэргүүлэхийг зөвшөөрсөн байна. Хэрвээ “Нэгдсэн Орос” нам Төрийн ДУМ-ын сонгуульд ялалт байгуулах юм бол Путин ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад ерөнхий сайдаар ажиллах бололцоотой гэдгээ зарласан.

2007 оны 12 сарын 2-нд ОХУ-д парламентын сонгууль болж “Нэгдсэн Орос” нам 64,30 хувь буюу төрийн ДУМ-д 315 суудал авсан байна. ОХУ-ын Коммунист нам 11,57 хувь-57 суудал, Либерал Ардчилсан нам 8,14 хувь – 40 суудал, "Шударга Орос " нам - 7,74 хувь – 38 суудал авчээ. Сонгуульд өрсөлдсөн бусад намууд парламентын танхимд төлөөлөл авах 7 хувийн босгыг давж чадсангүй.

Сонгуулийн албан ёсны дүнг зарласанаас хойш 2 өдрийн дараа ОХУ ын ерөнхийлөгч Путин өөрийн залгамжлагчаа зарласан байна. Өөрөөр хэлбэл 12 сарын 10-нд Дмитрий Медведевийг ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр “Нэгдсэн Орос” намаас нэр дэвшүүлжээ. Оросын “Шударга Орос”, “Иргэний хүч”, “Хөдөө аж ахуйн нам” Дмитрий Медведевийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

"Хэрвээ би сонгуульд ялж ерөнхийлөгчөөр сонгогдвол Путинд ОХУ-ын ерөнхий сайдаар ажиллаач гэсэн хүсэлт тавина" гэж Дмитрий Медведев сонгуулийн сурталчилгааны үед мэдэгдэж байлаа.

12 сарын 17-нд Путин Медведевийн саналыг хүлээн авч байгаагаа зарлажээ. 2008 оны 3 сарын 2-нд ОХУ-д ерөнхийлөгчийн сонгууль болж Дмитрий Медведев 70,28 хувийн саналаар сонгогдсон юм. 2008 оны эхээр Путин Оросын ерөнхий сайдын ажлаа хүлээн авсан байна. 2008 оны 5 сарын 7-нд Дмитрий Медведев ерөнхийлөгчийн тангараг өргөжээ.

Уг нь ОХУ-д ерөнхийлөгч олны анхаарлын төвд илүү өртдөг байсан юм. Путин ерөнхий сайд болсноор олны анхаарлыг өөртөө татах болжээ. Харин шинэ ерөнхийлөгч Дмитрий Медведев бодит байдал дээр “2-р хүн” болжээ. Жишээ нь ерөнхий сайд Путин чухал салбарын сайд нартай тусгай зөвлөгөөн хийдэг болжээ. Тэр өмнө нь ерөнхийлөгч байхдаа ч ийм зөвлөгөөнийг засгийн газрын гишүүдтэй хийдэг байлаа. Харин Дмитрий Медведев ийм зөвлөгөөн хийдэггүй байна. Үүнийг гярхай ажигласан “The Wall Street Journal” сонин орост хоёр ерөнхийлөгч бий гэж хошигнож байлаа.

Хэдийгээр Оросын ерөнхийлөгч Медведев болсон ч бодит эрх мэдэл Путинд байна гэж барууны хэвлэлээр шуугиж байлаа. Дмитрий Медведев 2008 оны зун анх удаа олон улсын чанартай уулзалтанд оролцжээ. (Орос-Европын холбооны чуулган Ханты-Мансийск хотод, удаах нь Японд "Их 8-ийн уулзалт"). Гадаад бодлогын хувьд Медведев Путинээс ялгарахгүй нь гэж барууны хэвлэлээр бичиж байлаа.
2008 оны 9 сард Путин Vanity Fair сэтгүүлийн гаргасан манай гаригийн хамгийн нөлөө бүхий хүний жагсаалтыг тэргүүлсэн байна.

2008 оны 11 сарын 12-нд ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн бүрэн эрхийг 6 жил, Төрийн ДУМ-ын бүрэн эрхийг 5 жил болгох санал тавьжээ. Үндсэн хуулийн энэ өөрчлөлт нь Медведев хугацаанаасаа өмнө огцорч, Путин дахин ерөнхийлөгч болох замыг нээж байгаа хэрэг гэж барууны ажиглагчид хэлж байв. Гэвч тэгээгүй.

Путин ерөнхийлөгч байхдаа тогтмол телевизийн шууд нэвтрүүлэг хийдэг байлаа. Тэгвэл ерөнхий сайдын хувиар тэр анх удаа 2008 оны 12 сарын 4-нд ард түмнийхээ асуултанд хариулжээ. Үүгээрээ Путин улс орны эзэн нь хэвээр байгаа гэдгээ нотолсон гэж ажиглагчид үзж байлаа.

Дараагийн сонгуулийн мөчлөгт буюу 2012 онд В.Путин Ерөнхийлөгчөөр 6 жилийн хугацаатай дахин сонгогдсон. Энэ удаа дахин 6 жилээр дөрөвдэх удаагаа сонгогдсон тангаргаа өргөж ажилдаа ороод байна. Өчигдөр тэрбээр 4 дэхээ тангарагаа өргөх үедээ хэлсэн үгэндээ "Иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх эдийн засаг, санхүүгийн сайн суурь манай эдийн засагт бий болжээ. Эдийн засгийн тогтвортой байдал бүхий нөхцөл байдал тогтож, газрын тосны үнийн огцом бууралтыг өнгөрүүлж сурч байна. Гадна, дотны зүгээс үзүүлэх эдийн засаг, санхүү, бизнесийн дарамт шахалт болон үнийн хэлбэлзлийг Орос орон тоохоо больсон байна” гэлээ.

В.Путин ирэх 6 жилд ахиад Д.Медведевтэй хоршихоор боллоо. В.Путины бүрэн эрх 2024 онд дуусахад Д.Медведев дараагийн Ерөнхийлөгчөөр тодорч магадгүй л юм.

Тоймч О.Ганхуяг

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх