Гэмт хэргээс сэргийлэхэд инновацийг ашиглана

2018-05-08 12:16      geregmn

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд инновацийн техник, технологийг ашиглах шаардлагатай онол практикын хурал боллоо. Хууль зүй дотоод хэргийн яам, ЦЕГ, эрдэмтэн судлаачид хамтран “Гэмт хэрэг, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд инноваци нэвтрүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулав.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдэж буй арга хэлбэрээс шалтгаалан цагдаагийн байгууллага уламжлалт арга барилаар тэмцэх боломжгүй хэмээн үзжээ. Тиймээс шинэ арга барил, ур чадвар, технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгвэл чухам ямар технологи, инноваци нэвтрүүлэх шаардлага буй талаар илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцож буй юм. Хуралд УБЕГ, ШШҮХ, ШУТИС, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гаалийн ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, их дээд сургуулиудын төлөөллүүд нийт 62 илтгэл хэлэлцүүлж байна.

Энэ үеэр хууль, хяналтын байгууллагад дэлхий нийтийн жишиг дагасан шинэчлэл, өөрчлөлт хэрэгтэйг онцлов. Хуулийн байгууллагуудад инновацийн тухай ойлголт бага байдаг. Инноваци гэдгийг шинэ технологи гэж ойлгохоос илүүтэй байгууллагын үйл ажиллагаа, удирдлагын түвшин, хүний нөөцөд нэвтрүүлэх бүрэн боломжтой гэдгийг ойлгуулах хэрэгтэйг хэлж байна. Үүнээс гадна гэмт хэрэг, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хууль, хяналтын байгууллагаас гадна иргэдийн оролцоо чухал, тиймээс тэдний оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулах ёстой гэж үзлээ.

Өнөөдөр гэмт хэрэг илрүүлэхэд ямар нөхцөл байдал үүсч буй тухайд “Хулгайн гэмт хэрэг гарлаа гэхэд айл, хөршүүд нь анхаарал тавиад болчихно гэж ойлгож болохгүй. Техник, технологийн ололт ашиглаж түүнээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Гэтэл санхүүгийн байдлаас болоод үүнийг бүрэн ашиглаж чаддаггүй. 1970-аад онд Хонгконгод ашиглаж байсан чип суулгах хэмжээнд байна” гэдгийг ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албаны ахлах мэргэжилтэн А.Бакыт хэлж байв.

Тавьсан илтгэлүүдээс шалгарсныг нь практикт ашиглах, хууль сахиулах үйл ажиллагаанд авч хэрэгжүүлэх боломжтой юм байна. Хурлаас хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, эрдэмтэн судлаачдын баг байгуулах, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, хурдацтай хэрэгжүүлэх, гадны шинэ технологийг ашиглах, дотооддоо шинэ технологийг үйлдвэрлэх, түүнийг ашиглах шаардлага байгаа нь харагдаж байв.

Ц.Жаргал

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ